"Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласан тохиолдол"

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

"Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласан тохиолдол"

"Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигласан тохиолдол"

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков тэргүүтэй төлөөлөгчид парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн илрүүлэлттэй холбоотой асуудлаар манай улсад ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр (2019.06.08) ОУПХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хэргийн нөхцөл байдлын талаар ярилцжээ.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Энэ хэрэгтэй холбоотойгоор Олон улсын парламентын холбооноос ирүүлсэн дүгнэлттэй адил байр суурьтай байдаг. Энэ дүгнэлт манайд эрүүдэн шүүлт байгааг ил болгоход чухал нөлөө үзүүлсэн. 2017 оноос хойш хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн асуудлыг шалгаж байна. Ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүж хилсээр хэрэг хүлээлгэж, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Өчигдөр энэ хэргийг цагдаагийн байгууллагаас прокурорт шилжүүлсэн. Удахгүй шүүхэд шилжүүлж, тодорхой шийдвэр гаргана байх.

Шүүхээс ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй ч эрүүдэн шүүсэн, хууль зөрчсөн албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Энэ хэргийг судлаад үзэхэд “Сталины дэглэм”-ийг сэргээх оролдлого байна гэсэн хардлага төрж байгаа. Ямар ч тохиолдолд ийм зүйлийг хийж болохгүй. Хэргийн илрүүлэлтэд хууль, хяналтын бүх байгууллага оролцсон учраас эрүүдэн шүүсэн талаар олон нийтэд ил болгоход амаргүй байсан. Хэргийн материалтай бүрэн танилцсан хүний хувьд С.Зориг агсныг Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар  нар хөнөөсөн гэж үздэггүй” гэжээ.

Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Александра Жерков “Монголын парламентаас онцгой анхаарч, ОУПХ-ны зөвлөмжийн дагуу Түр хороо байгуулан бүхий л шатандаа идэвхтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна. Энэ бүх хамтын ажиллагаа асуудлыг цогцоор нь харж, бодит дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой. Ял эдэлж буй хүмүүстэй эмнэлэгт очиж, биечлэн уулзсан” гээд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн нь илэрхий байхад хоригдсон хэвээр байна. Мөн шүүхийн шийдвэрүүдийг нууцаас бүрэн гаргасан уу” хэмээн асууж, тодруулсан байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүдэн шүүсэн гэх хэргийг бүрэн шийдвэрлэсний дараагаар эдгээр гурван хүний асуудлыг тавина гэж хуулийн байгууллагынхан хэлдэг. Уг нь шүүхэд суллах эрх мэдэл нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Хуулийн дагуу Засгийн газраас хэрэг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргасан. Хэргийн захиалагчийг илрүүлэхийн тулд нууцлах шаардлагатай гэж хууль, хяналтын байгууллагууд үздэг. Миний хувьд нууцлах зүйл байхгүй гэдэг байр суурьтай байгаа. Энэ асуудлыг УИХ-ын Түр хороо, Засгийн газрын түвшинд дахин ярина” хэмээн хариулт өгсөн байна.

Манай улс эрүүдэн шүүлтийн эсрэг байж, олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байгааг газар дээр нь ирж харсан байх. Та бүхэн дүгнэлтээ гаргахдаа Монгол Улсад эрүүдэн шүүлт хавтгайраагүй гэдгийг харгалзан үзэхийг хүсье. Хуулийн байгууллагуудыг улс төрийн зорилгоор ашигласны нэг үзэгдэл нь энэ онцгой нэг тохиолдол юм. Нөгөө талаас уг хэргийг нийтэд ил болгосноор дахин ийм хэрэг гарахгүй байх нөхцөл болсон байх гэж боддог” гэжээ.

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны төлөөлөгчид, Олон улсын парламентын холбооноос парламентын гишүүн асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг үнэн зөв, шударгаар илрүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улсад ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс улам батжин бэхжихэд хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж