Жуулчдын хамгийн анхны сэтгэгдэл бүхэл аяллын туршид хадгалагддаг гэдэг. Анхны сэтгэгдэл сайхан байх уу, тааруухан байх уу гэдгээс шалтгаалан тухайн улсыг үнэлэх үнэлэмж, зорин ирэх жуулчдын тоо өсөх, буурах нь шууд нөлөөлдөг байна. Тиймээс нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчидтай харилцдаг төрийн байгууллагуудын ажилтнуудад зориулан харилцаа, хандлагын сургалтыг тавдугар сарын 27-ны өдрөөс зургадугаар сарын 07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтыг БОАЖЯ-наас 21 аймаг, нийслэлийн бүсэд зохион байгуулж байгаа “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ын хүрээнд хийлээ. Жуулчидтай хамгийн түрүүнд уулздаг хүмүүс бол Буянт-Ухаа дахь хилийн цэргийн 0218 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд, Буянт-Ухаа дахь Гаалийн газар болон Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид, Нисэх буудлуудын удирдах газрынхан, Улаанбаатар төмөр замын олон улсын галт тэргэний үйлчлэгч нар байдаг.
Мөн нийслэлд такси үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Тус сургалтад такси үйлчилгээ эрхэлдэг компаниудын 200 жолооч, жуулчидтай харилцдаг төрийн байгууллагуудын нийт 400 гаруй албан хаагчийг хамруулж, зочлох үйлчилгээний харилцаа, хандлага болон мэндчилэх ёс, биеийн болон нүдэн харилцаа, дуу хоолойны өнгө, бусдыг сонсох, асуулт асуух, хариулт өгөх, бэрхшээлийг даван туулах, стрессийг тайлах зэрэг сэдвийг хөнджээ.