Амралтын хөтөч: "Увдист лимбэ" амилна

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

Амралтын хөтөч: "Увдист лимбэ" амилна

Амралтын хөтөч: "Увдист лимбэ" амилна

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт өнөөдөр Австрийн нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увдист лимбэ" дуурийг дахин амилуулах гэж байна. Анхны тоглолт нь 1791 оны 9 сарын 30-нд Вена хотын Ауф дер Виден театрт даруухан болжээ. Түүнээс хойш хоёр сарын дараа Моцарт тэнгэрт хальсан түүхтэй.

1993 онд анх удаа ДБЭТеатрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар дэлхийн сонгодог хөгжмийн эрхэмсэг ханхүү Вольфганг Моцартыг эх орондоо урин авчирсан нь "Увдист лимбэ" дуурийг найруулан тавьсан явдал байлаа.

Уг дуурь нь Австрийн үндэсний уламжлалт хөгжмийн театрын "зиншпиль" хэмээх төрөл бөгөөд эх үндэс нь мөн л Моцартаас гаралтай аж. Хөгжимчид, дуучдын мэргэжлийн ур чадварыг илэрхийлэх техникийн боломжийг Моцартын шаардлагын дагуу хэвээр үлдээж тайз, декораци, хувцас чимэглэл, тавилтыг Монгол маягаар шийдсэн нь тухайн үедээ маш их шуугиан тарьжээ.

Моцартын эх орны уран бүтээлчид гайхалтай сайхнаар хүлээн авч, Азийн уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийг цохон тэмдэглэж байсан түүхтэй. Монгол дахь анхны тавилт мөн бүтээлийн үйл явдалтай адил зах зээлийн хатуу ширүүн үе рүү Монгол Улс дөнгөж орж байгаатай таарснаас гадна шинэ, хуучин нийгэм дамжиж буй ахмад, залуу хүмүүсийн сэтгэлгээний зөрчилдөөн дунд багагүй саад бэрхшээлийг даван туулж амжилттай тавигдаад харамсалтай нь тоглогдохоо больсон байдаг.

2000 оноос найруулагч Г.Эрдэнэбаатар дахин шинэчилж тавихаар шийдсэн байх бөгөөд "Монголын дуурийг дэмжих Германы анд нөхдийн холбоо"-ны нөхөдтэй хамтран дуулах үгийг герман хэлээр, ярих үгийг Монгол хэлээр, мөн төгсгөлийн ёсолгоог 8 бяцхан дэгдээхийгээр шийдсэн нь мөн л гайхалтай амжилтыг дагуулж чадсан билээ.

Зохиолын сэдвийг Моцартын үед амьдарч байсан Австрийн урлаг, нийгмийн нэрт зүтгэлтэн Шиканедер гэгч К.Виландагийн (1733-1813) "Жинистан буюу сайхан сэтгэлт хатагтай ба сүнснүүд" хэмээх уран зөгнөлт туульсын түүврээс авсан байдаг. Энэ түүвэр 1786-1789 онд хэвлэгдэн гарсан байжээ. Шиканедер энэ сэдвийг тэр үеийн ардын шидэт аман зохиолтой уялдуулан холбож чадсан юм. Цомнол анхнаасаа герман хэл дээр бичигдсэн бөгөөд үйл явдлууд, баатрууд бүгд нууцлаг ертөнцийг эргэцүүлсэн маягтай, уран сэтгэмжийн аргаар бүтээгджээ. Үлгэрийн гэмээр энэхүү гэнэн сэдвийг Моцарт хөгжүүлэн хүний зан араншин, ёс суртахууны асуудлыг хөндсөн гүн гүнзгий философийн эргэцүүлэл болгон хөгжим бичжээ.

Хэзээ: 2019.06.08 17:00 цагаас

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянга

ХАЙРЫН ВИЗ

Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн юм. Жүжгийн гол дүрүүд хайр сэтгэлээ хүлээн зөвшөөрөлгүй зөвхөн аж амьдралын түмэн бэрхшээлээр шалтаг хийн холдон оддогийг шүүмжилж, орчин үед ч гэсэн хүний чин сэтгэл, хайр дурлал хэзээ ч үл гарах виз төдий зүйл биш юм гэсэн санааг өгүүлнэ.

Хэзээ: 2019.06.08 18:00 цагаас

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Тасалбарын үнэ: 10 мянга, 15 мянга, 20 мянга

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж