Засгийн газраас долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Сайдын цаг”-т ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо.
Шийдлийн буюу бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан хүндрэлийг даван туулах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын нэр хүндийг сэргээх чиглэлээр ажиллаж ирсэн гэдгээ мэдээллийнхээ эхэнд тэрбээр онцолсон юм.
-Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орсон. Энэ нь манай голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурснаас болж үүссэн орлогын тасалдалтай холбоотой. Үүнээс гарахын тулд Засгийн газар ээлж дараатай арга хэмжээ авч байна. ЗГХЭГ нь яамдын хамтын ажиллагааг зохицуулах, Засгийн газрын хурлыг зохион байгуулах, орон нутгийг удирлагаар хангах ажлыг хийдэг. Мөн УИХ, Засгийн газрын хамтын ажиллагааг хангах үүрэгтэй. Өнгөрсөн 7 хоногт бүх аймгийн дарга нарыг урьж Засгийн газрын өргөтгөсөн хурхалдааныг хийсэн. Энэ үеэр ашигт малтмалийн лиценз олголт болон газар тариалангийн үйлдвэрлэл, байгаль орчинтой холбоотой бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан. Мөн 2014 онд хийж бүтээсэн ажлаараа бусдыгаа тэргүүлсэн Улаанбаатар хот, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Сэлэнгэ аймгуудад шагнал гардуулсан. Энэ долоо хоногт бид аймаг орон нутгийн Засаг даргын Тамгын газрын дарга нарыг урьж, бодлогын сургалт зохион байгуулж байна. Хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Одоогоор нийт 40 гаруй хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Үүнээс 10 гаруй хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг УИХ-аас хүссэн. Мөн Төрийн болон орон нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн өмчийг хувьчлах үзэл баримтлалыг батлах, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай. Түүнчлэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль батлагдсаны дараагаар Эрүүгийн өршөөлийн хуулийг энэ хаврын чуулган завсарлахаас өмнө батлах хэрэгтэй байна.
УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг гурван бүлэгт хувааж болно. Нэгдүгээрт, Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс өргөн барьсан хуулийн төслүүд байна. Үүнд, Тавантолгой төсөл, Гацууртын ордтой холбоотой тогтоолын төсөл багтаж байгаа. Хоёрдугаарт, улс төрийн шинэчлэлттэй холбоотой хуулийн төсөл байна. Энэ бүлэгт Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай, Төрийн албаны багц хууль юм. Гуравдугаарт, Хууль эрх зүйн шинэчлэл орно. 2012 онд байгуулагдсан Засгийн газар хууль эрхзүйн томоохон шинэчлэлийг эхлүүлсэн. Одоогоор энэхүү шинэчлэл үргэлжилж байна. Үүнд, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад дагалдах хуулиуд байна. Үүнийг 2002 оноос хойших хууль эрх зүйн анхны томоохон шинэчлэл гэж хэлж болно. Эдгээр хууль батлагдсанаар маш олон эрүүгийн зүйл анги гэмт хэрэг гэсэн статусаас зөрчил рүү шилжинэ. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн өршөөлийн хуулийг батлах шаардлага гарсан” гэсэн юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийн холбогдолтой хэд хэдэн алхам хийхээр төлөвлөснийг дурдлаа. Тухайлбал, Ерөнхий сайд ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж, Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцож ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзан хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцохоор болжээ. Дараа нь АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад айлчлахаар төлөвлөсөн байна.
С.Баярцогт: УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Тавантолгойн гэрээний төсөлд шаардагдах материалыг Засгийн газар УИХ-аас байгуулсан Ажлын хэсэгт өгөхгүй байгаа юм уу ?
-УИХ-ын ажлын хэсэг Засгийн газар болон гэрээнд оролцож байгаа компаниудаас Тавантолгойн орд газрын ашиглалтын талаар асуулга хүргүүлж байгаа. Засгийн газраас гэрээний хувилбар болон бусад бичиг баримтыг бүгдийг гаргаж өгсөн. Англи хувилбарыг нь ч өгсөн. Бид ажлын хэсгийнхний шаардсан бүх материалыг нь бэлтгэж өгч байгаа гэдгээ хэлье. Зарим гишүүн компани хооронд байгуулсан гэрээг гаргаж өгөхийг хүссэн. Компани хооронд байгуулсан гэрээг бид өгөх боломжгүй. Тухайн компанитай нь шууд харьцах нь зөв. Тавантолгойтой холбоотой тогтоолын төсөл таван зүйлтэй. Тэр тогтоолтой холбоотой бүх материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Одоо ажлын хэсэг шийдвэрээ гаргах бүрэн боломжтой. Зөвхөн ажлын хэсэг биш Монгол Улсын иргэн бүр Тавантолгойн талаар асар мэдлэгтэй болох хэмжээний урт хугацаа өнгөрлөө.
-Төслийн англи эхийг Ажлын хэсэгт өгсөн юмуу?
-Тавантолгойн гэрээний төслийн англи эхийг 10 хоногийн өмнө ажлын хэсэгт өгсөн. Ер нь ажлын хэсгээс шаардаж байгаа бүх материалыг өгсөн гэж хэлж болно. Нууц юм гэж ер байхгүй. Монгол шиг нуух юмгүй, ил тод улс дэлхий дээр байдаг эсэхийг мэдэхгүй байна. Шаардсан бүх зүйлийг нь ил гаргаад тавьсан.
-Засгийн газраас нэг тэрбум ам.долларын бонд гаргаж байгаа гэсэн. Энэ бондыг юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ?
-Гадаадад бонд гаргах эрх Засгийн газарт бий. Энэ эрхийнхээ дагуу Сангийн яам гадаад бонд гаргаж байгаа. Оуютолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын гадаад нэр хүнд сэргэж, манай улсад өгөх зээлийн хүүгээ бууруулсан. Харин дотооддоо гаргаж байгаа бондын хүү Монголбанкны бодлогын хүүгээс өндөр байдаг. Тэгэхээр дотооддоо бонд гаргахад өндөр хүү төлнө. Тиймээс бодит эдийн засгаа дэмжих үүднээс гадаадад бонд гаргах нь зөв. Энэ ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Эхний ээлжинд Сангийн яамнаас 350 сая ам.долларын бонд гаргахаар тохирсон.Төсвийн орлогыг татвараар, нөгөө талд богино хугацааны санхүүжилт тухайн жил дотроо дотоодын бондоор санхүүжүүлэх, он дамжсан бол урт хугацааны гадаадын бондоор санхүүжүүлэх боломжтой байдаг. Нэг тэрбум долларын эх үүсвэр цоо шинээр гараад ирсэн зүйл биш. Угаасаа бид төсвийн орлогоо тодорхой эх үүсвэрийг нь бондоор санхүүжүүлэхээр заасан. Тэр нь гадаад дотоод байх нь хамаагүй. Эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан учраас гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх нь хүүгээ бодсон ч ашигтай хувилбар.
-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь хууль зөрчсөн. Тиймээс Засгийн газар огцрох ёстой гэж зарим гишүүд хэлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Юуны өмнө манайх ардчилсан улс. Тиймээс хүн бүр өөр өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстойг ойлгох хэрэгтэй. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой төлөвлөгөө холбогдох компаниудын хооронд зурагдсан. Энэ талаарх баримт бичиг Засгийн газрын вэб сайтад нээлттэй байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох компанийн удирдлагууд УИХ дээр 2-3 удаа хангалттай мэдээлэл өгсөн. Энэ төлөвлөгөө Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу хийгдсэн. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлэгчдийн гэрээ, үндсэн гэрээ хоёрт өөрчлөлт ороогүй. Үүний хүрээнд хийгдсэн зүйл гэж ойлгож болно.
-Ипотекийн зээлийн хүүгийн урьдчилгаа төлбөр 10 хувь болгоно гэсэн мэдээлэл иргэдийг хүлээлтийн байдалд орууллаа. Хэзээ хэрэгжих вэ?
-Моргейжийн найман хувийн зээлийн үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэхийн тулд тодорхой санхүүжилтийн эх үүсвэртэй уях ёстой. Засгийн газрын зүгээс Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг моргейжийн найман хувийн зээлийн эх үүсвэртэй уялдуулах нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа. Энэ эх үүсвэр баталгаа болно. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл арилжааны банкууд дээр тодорхой хувийн хүүтэйгээр байршиж байдаг. Тэнд хадгаламж хэлбэрээр байршин орлого үүсгэсэн. Тиймээс орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, эрэлтийг бий болгоход ашиглах болох юм гэж үзсэн. Гадаадын орнуудад байдаг хамгийн том санхүүгийн эх үүсвэр нь тэтгэврийн сан. Тэтгэврийн сан нь дандаа өнжиж байх ёстой. Яагаад гэвэл ирээдүйд маш их зарлага гардаг. Норвеги улс баялгийн сангаа тэтгэврийн сантайгаа уясан. Тийм учраас дэлхий дээр байгаа хамгийн том хөрөнгө оруулалтын сан нь Норвегийн тэтгэврийн сан болсон. Харин манайд эх үүсвэрийнхээ хувьд сангууд бүрдэж байгаа. Хамгийн тогтвортой хоёр сан нь Тэтгэврийн болон Тогтвортой хөгжлийн сан байна. Цаашдаа манайх баялгийн сантай болно. Бид Хүний хөгжлийн сангаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтаа иргэн бүртээ 21000 төгрөг, дараа нь 500 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээ дууссаны дараа уг сан нь Баялгийн сан болох ёстой байлаа. Гэтэл манайд баялаг нь бэлэн болоогүй байхад зарцуулалт нь явагдсан. Тиймээс Баялгийн сан бүрдэж чадахгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Ирээдүйн өв сангийн тухай хуулинд бодитойгоор баялгийн сан бий болох боломж бүрдлээ. Баялгийн сан, Нийгмийн даатгалын сан нийлэхэд маш их хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бий болно. Санхүүжилтийн эх үүсвэрээр эргээд моргейжийн зээлд тавих юм бол 8 хувийн хүүгээрээ өсч байх ёстой. Энэ механизмаар бид эх үүсвэрээ олохоор ярьж байна. Үүнтэй холбогдуулан БХБЯ, ХАХНХЯ, Монгол банк, холбогдох арилжааны банкуудыг хамтраад дөрвөлсөн хэлэлцээр эхлүүл. Эхний ээлжинд 200 гаруй тэрбум төгрөгөөр үүнийг эхлүүлэх бүрэн боломжтой. Цаашдаа бид зохих хуульд өөрчлөлт оруулаад энэ сангаа бодитой ажиллуулах боломж бүрдэх юм
-Чингис бондын төслөөр хийгдсэн “Гудамж” төслийн явц ямар байна вэ?
-“Чингис” бондоос санхүүжүүлсэн олон төслийн нэг нь “Гудамж”. Энэ төсөл Улаанбаатар хот болон орон нутагт хэрэгжсэн. Тухайн үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс харьцангуй өөр, сайн байсан шүү дээ. Өнөөдөр манай эдийн засгийн байдал хүндхэн байна. Гэхдээ бид шууд баялаг бүтээдэг салбартаа хөрөнгөө эргэлдүүлэх нь зүйтэй юм. Тиймээс хөдөө орон нутагт хэрэгжиж байсан “Гудамж” төслийг зогсоосон. Улаанбаатар хотод өмнө нь төлөвлөгдсөн ажлуудыг хийж байгаа. Цааш нь үргэлжлүүлэх талаар одоохондоо яриагүй байна. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хийгдэх ажлууд дуусч байна. Хамгийн том нь Туулын хурдны зам. Туулын хурдны замын хувьд бид Богд уулыг тойруулаад холбоно гэсэн зорилт тавьсан. Улаанбаатар хоттой холбоотой 9 том төсөл хөтөлбөр яригдаж байгаа. Бид газрын хуульд өөрчлөлт оруулаад улсын тусгай хэрэгцээнд авах хуулийн төсөл боловсруулсан. Эхний ээлжинд Алтанбулаг- Замын-Үүдийг холбож байгаа 3 эгнээ 1000 гаруй км хурдны замын асуудлыг шийднэ. Улаанбаатар хотын баруун талаар дайрч өнгөрөх юм.
Хотын төвөөр явж байгаа төмөр замыг Богд уулын урд талаар гаргахаар “Богд уулын төмөр зам” төсөл боловсруулсан. Мөн Улаанбаатар хот болон Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Майдар эко сити” том төв байгуулна. Энэ төсөл 4 үе шаттай явагдана. Дараагийнх нь Хөшгийн хөндийн онгоцны буудал. Онгоцны буудлаа дагасан “Айросити” болон төмөр зам, автозамын тээвэр хосолсон анхны том ложистикийн төв үүсэх ёстой. Улаанбаатар хот богд уулыг бүтэн тойруулаад гурван эгнээ хурдны зам баригдана. Үүний хамгийн эхнийх нь 22-ын товчоогоор дамжаад Туулын хойд эгнээг дагасан 33 км урт хотын баруунаас зүүн тийш явах зам юм. Дараагийн төсөл нь Хөшгийн хөндийгөөс Сонсголонгийн гүүр хүртэлх 30 гаруй км 4 эгнээ хурдны зам байгаа.
2017 оны нэгдүгээр сар гэхэд манай Хөшгийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орно. Энэ үед шууд дөрвөн эгнээ хурдны замаар зорчино. Одоогийн Нисэх рүү орж байгаа зам хурдных биш гуравдугаар зэрэглэлийн зам. Хөшгийн хөндийгөөс Улаанбаатар руу орж ирэх хурдны зам олон улсын стандартай болно. Ингэснээр яг 4 уулынхаа дунд түгжирдэг асуудлыг шийднэ. Ойрын ирээдүйд Богд уул гэсэн байгалийн парктай хот болж хөгжих төлөвлөлтийг хийж байгаа. Үүнтэй холбоотой Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Хаврын чуулганаар батлагдах байх. Мөн хүй 7 худагт Монгол наадмын төв барьж байгаа.
-Улс орны эдийн засаг, төсвийн байдал ямар байна вэ. Цаашдаа орлогын тасалдлыг хэрхэн нөхөх вэ?
-Орлогын эх үүсвэр эхний хоёр улирлын байдлаар тасалдаад байна. Хэрэв энэ янзаараа явбал орлогын тасалдал өндөр хувийг эзэлж, төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ. Тиймээс тодорхой хэмжээний зарлагуудаа бууруулна гэсэн үг. Тодотголыг энэ чуулганы төгсгөл юмуу намрын чуулганы эхээр хийх нөхцөл үүсээд байна.
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээллүүд гарч байна. Ерөнхийдөө Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бууруулж оруулж ирсэн гэж байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Үндсэн хуулийн Ажлын хэсэг маш их идэвхитэй ажиллаж байгаа. 2008 оноос хойш Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх нь зүйтэй гээд тухайн үед 6-7 заалт боловсруулаад УИХ-д өргөн барьсан, 2012 онд УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг байгуулж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх асуудлаар судалгаа хийхэд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн гэдэг нь харагдсан. 2012 онд байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон сая байгуулагдсан бүх намын төлөөлөл бүхий Засгийн газраас парламентын засаглалаа төгөлдөржүүлсэн байдлаар Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гээд үзэл баримтлалаа тодорхойлчихсон. Үндсэн хуулийн Ажлын хэсэгт багтсан 9 хүний долоо нь шинэ Үндсэн хуулийг батлалцсан гишүүд байгаа. Дээрээс нь ИЗНН-ыг төлөөлж С.Оюун, МҮАН-ыг төлөөлж Н.Батцэрэг нар ажиллаж байгаа. Үндсэн хуульд орж байгаа өөрчлөлт зүйл заалтын хувьд олон мэт боловч агуулгын хувьд гурван зүйл дээр төвлөрч байгаа. Гүйцэтгэх эрх мэдэл дээр парламент нь засаглаж байгаа бол парламентын засаглал гэдэг. Гэтэл өнөөдөр манайх хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентын засаглал болж хувираад байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн гүйцэтгэх үйл ажиллагаанд оролцох, шүүх эрх мэдэлд оролцох эрх хэмжээ нь органик хуулиудаараа маш их нэмэгдсэн байна. Үндсэн хуулиа батлаад 23, ардчилсан тогтолцоо руу шилжээд 25 жил болж байна. Энэ хугацаанд 4 ерөнхийлөгчтэй байж үзлээ. Энэ дөрвөн ерөнхийлөгч дөрвөн өөр эрхзүйн орчинд ажиллаж байсан мэт сэтгэгдэл төрөхөөр ажилласан байна. Мөн парламентын, хууль санаачлагчдын үйл ажиллагаа өөрөө гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд оролцох оролцоо өндөр байна. Манайх шиг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гэх мэт бизнесийн төслийг парламент нь авч хэлэлцдэг улс бараг байхгүй. Энэ бол цэвэр гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар дээрээ хийгээд явдаг зүйл. Хэн нэгний эрх мэдлийг нэмэгдүүлэх, юмуу багасгах гээд байгаа тухай асуудал огт биш. Парламентын засаглал сонгодог утгаараа Ерөнхий сайд, Засгийн газар байх ёстой эрх мэдлийг нь өгөх, Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй байхуу, хууль тогтоох эрх мэдэл нь хаана яаж хязгаарлагдах вэ гэдгийг илүү оновчтой тодорхой болгоё гэж байгаа юм. манай үндсэн хуулийг судалж үзээд судлаачид хүчтэй Ерөнхийлөгчтэй Үндсэн хууль гэж дүгнэдэг. Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалт дээр хүндрэл үүсгэдэг юм байна.
Дараагийн асуудал нь Үндсэн хуулийн тавдугаар бүлэг буюу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой асуудал. 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш хот гэдэг ойлголт үндсэндээ алга болсон. Тиймээс Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд тусгай бүс болгох зохицуулалт орж ирж байгаа. Дараагийн асуудал нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төр хоёрыг зааглах нь зөв гэж байгаа. Нам нэр дэвшүүлдэг, нам нь бүлэг байгуулдаг, бүлэг нь засаг даргыг сонгох, огцруулахад хамгийн их эрх мэдэлтэйгээр оролцдог болчихсон. Тиймээс нутгийн өөрөөр удирдах ёсны байгууллагад нам нэр дэвшүүлдэг байдлыг хязгаарлах, шууд бус сонгуулийн системээр зохион байгуулдаг байя гэж байгаа. Ингэж чадвал Монгол Улс 4 жилд нэг удаа төрийн сонгууль болдог, Ерөнхийлөгчөө парламентаас юмуу, парламтент давамгайлсан байдлаар сонгодог болчихвол хоёр жилд 3 удаа сонгууль хийдэг ,их хэмжээний улстөржилтөөс салах боломжтой. Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, насны асуудал бас яригдаж байна. 1992 онд Үндсэн хуулиа батлахад хүн ам 2 сая байсан. 76 тойргийг батлахад тойргийн хүн амын суурь нь 30 мянга байсан. Бүх тойрог ижил байсан. Харин одоо хүн ам 3 сая болж нэмэгдээд тойргийн тоо хэвээрээ байна. Улаанбаатарын нэг тойрог, аймагт байгаа тойргийн тооны хооронд 3-4 дахин ялгаа гарчихаад байна. Тэгэхээр шударга нэг хүн өөрийгөө төлөөлж төр барилцах гэдэг утгаараа баланс нь алдагдсан гэсэн үг. Яг хэд болгож нэмэгдүүлэхийг хэлэлцүүлгийн явцад шийдэх байх. 99 юмуу 108 болгох бололцоотой.
-Гацууртын ордын тухайд ямар байр суурьтай байна вэ. Монгол Улсын хүртэх ашгийн талаар намууд өөр өөр тоонууд хэлж байгаа?
-Засгийн газраас өргөн барьсан тогтооол нь хоёрхон заалттай. Ашигт малтмалын хуулийн 8.1-т тухайн стратегийн орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа тогтоол гаргаж байсан. Гацууртын хувьд сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20 хувийг нь авах санал оруулахад УИХ шаардлагагүй гээд шийдээгүй. Тусгай роялти гэдэг нь тодорхой хувь авна гээд тэрийгээ орлуулж байгаа асуудал. Тэгэхээр одоо Засгийн газраас хөрөнгө оруулагч өөрөө тухайн ордыг нээсэн бол дээд хэмжээгээр буюу 34 хувиар тогтоох, түүндээ тааруулаад тав хүртэлх тусгай роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэдэг Ажлын хэсгийн санал байгаа. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь 5 хувийн суурь роялти, 5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л аваад эхэлнэ. Тэгэхэээр бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх болж байна.
С.ОТГОНСҮРЭН