Хотын төв талбайн хогийн саванд нэг хүн бие засчээ. Нас намбатай, үр хүүхэдтэй л байх гэмээр хижээл насны эр. Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн зургийн дор хүмүүс элдвийн л юм бичиж. Тэрэн дунд “Хог түүдэг хүн гэхэд харин ч болж байна, талбай дээр морь хараагүй нь овоо ш дээ, “Хотын дарга нийтийн 00 ойр ойрхон барихгүй болохоор өөр яах юм” гэж санал бодлоо илэрхийлсэн хүн хүртэл байв.
Арай ч дээ. Тэр этгээд хэн байлаа ч энэ бол монгол хүний л хийж байгаа бүдүүлэг, завхарсан, заваарсан үйлдэл. Үр хүүхдүүд нь мөлхөх л холгүй юм болж гудамж талбайг угаадаг, эцэг эх шиг нь хүмүүс тэдний нүдэн дээр ингээд сууж байдаг байж болохгүй. Ийм хүмүүст сахилга, ухамсрын хатуу арга хэмжээ авмаар байна.
Хаа таарсан газраа морь хардаг, шүлсээ хаядаг, хогоо шиддэг, одоо бүр олон нийтийн өмнө өмдөө шувталж, ялгадсаа гаргадаг болчихсон ямар аймаар хүмүүсээр энэ хот дүүрээ вэ?
XXI зуун, соёл иргэншил, юм л бол хөгжил дэвшил ярьсан хүмүүс. Гэтэл гудамжиндаа шээж, баадаг ийм хүмүүстэй хот яаж цэвэрхэн, сайхан болох гэж.
Өөрсдөө зохих газарт нь биеэ засч, зориулалтын саванд нь хогоо хийж чадахгүй байж юм л бол бусдаас бэлэнчилнэ. Нэг хэсэг “Хогийн сав байхгүй юм чинь хогоо ил хаяхгүй яадаг юм” гэж загнадаг байсан хүмүүс одоо “Бие засах газах олныг барих чинь яагаав” гэж басамжилж байна. Удахгүй төр засаг бөгс арчсангүй, хотын дарга өмд татаж өгсөнгүй гэж хэлэхээс ичихгүй тийм эрээ цээргүй хүмүүс энэ хотод амьдарсаар байна.
Тэднийг тархиндаа хог тарьж ургуулсан хүмүүс гэх бөгөөд тархины хогоо арилгаж чадаагүй ийм үл бүтэх этгээдүүдийн замд алхам тутамд нь хогийн сав тавьж, жорлон барьж өгөөд ч хэзээ ч нэмэр болохгүй.
Нэг үеэ бодвол Улаанбаатарт хогийн сав хангалттай олныг байрлуулсан. Тэглээ гээд хогийн сав руу хогоо хийдэг хүн үнэндээ цөөхөн. Эсвэл тарьсан мод, зассан сандал, хогийн савны хугалахыг нь хугалж, хагалахыг нь хагалж байж санаа нь амардаг улс олон бий.
Хотын төвөөр дүүрэн нийтийн бие засах газар барина гэхэд бэрхшээлтэй. Нийтийн 00-ын асуудлыг шийдэх үүднээс албан байгууллага, худалдааны төвүүдийн төлбөртэй үйлчилгээг төлбөргүй болгосон. Одоо өөр ямар арга хэмжээ авч болохоор байна, түүнийг санал болго… Яадаг ч байсан, бие засах газар алга гээд арай ч ингэж гудамж, талбайдаа өмдөө шувтлаад суучихаж болохгүй биз дээ.
Хаа таарсан газраа морь хардаг, шүлсээ хаядаг, хогоо шиддэг, одоо бүр олон нийтийн өмнө өмдөө шувталж, ялгадсаа гаргадаг болчихсон ямар аймаар хүмүүсээр энэ хот дүүрээ вэ?
Хөдөөд ч ялгаагүй. Зун болж, амарч зугаалахаар хөдөө гадаа явж байгаа хүмүүс замын хажуугаар нэг уусан ундаа, идсэн хоол, хүүхдийн живх, хэрэглэсэн бүхий л зүйлсийнхээ хог хаягдлыг үлдээж орхиод ирдэг.
Хотын гудамж, хөдөө тал, уул овоо, усны хөвөө… Хоггүй газар ховордож, тархиндаа хоггүй хүн нүдний гэм болжээ. Хаашаа л харна хог…
Даанч дээ эх орон, энэ муу хот маань ямар хогийн сав, жорлон биш дээ.
Энэ хүмүүсийн өмнөөс ингэж бичиж суугаадаа ч ичиж байна.
Б.БАЯСАХ
Зургуудыг олон нийтийн сүлжээнээс ашиглав.