"Бохироо нуухын тулд тоглоомын улс төрийг маш хүчтэй хийж байна"

Хуучирсан мэдээ: 2019.06.08-нд нийтлэгдсэн

"Бохироо нуухын тулд тоглоомын улс төрийг маш хүчтэй хийж байна"

“News” агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа хүргэж байна. 

"ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛ ОГЦОРНО, АЛБАН ТУШААЛТАЙГАА ЗУУРАЛДАХГҮЙ"

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй салбарын асуудлаар нь ярилцлаа.

-Та Эрчим хүчний сайдаар ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд таны хийж, хэрэгжүүлсэн бодлогын шинжтэй өөрчлөлтүүд юу байв гэдгээс хоёулаа ярилцлагаа эхлүүлье?

-Нэн тэргүүнд салбарын бодлогод гарсан алдааг засахыг оролдож байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг хангаж байж хөгжүүлэх ёстой. Одоо олгочихсон байгаа нар, салхины тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэхгүй бол эрчим хүчний системээ эргээд тогтворгүй байдалд оруулах нөхцөл үүссэн байна. Энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлавал, нар жаргах үед үүсэх цахилгааны дутагдлыг манайд шууд хаах эх үүсвэр байдаггүйгээс хэрэв ОХУ-аас импортоор авч хааж чадахгүй тохиолдолд зарим хэрэглэгчдийг хязгаарлах, тогийг нь таслах нөхцөл үүсэх юм. Энэ нь манайд хурдан горимд шилждэг нөөц эх үүсвэр байдаггүйтэй холбоотой асуудал.  Кноп дараад л цахилгаан эрчим хүч шууд нийлүүлдэг усан цахилгаан станц, хийн турбингенераторууд манайд байхгүй. Тийм учраас системд гэнэт үүсэж буй дутагдлыг ОХУ-аас эрчим хүч импортолж хаадаг. Өдөр бүр оройн оргил ачааллын үед импортоор цахилгаан авдаг нь ийм учиртай. Өнөөдөр гэхэд 162 МВт-ыг импортоор авч байна. Гэтэл манай нүүрсэн дээр ажилладаг станцын генераторууд 4-5 цаг болж байж цахилгаан үйлдвэрлэж системд нийлүүлдэг. Нар жаргахад үүсэх эрчим хүчний дутагдлыг тэр дор нь нөхөж чадахгүй гэсэн хэрэг л дээ. Тиймээс нөөцийн эх үүсвэр, батарей хуримтлуурын станц барьж байгуулах төлөвлөлтийг хийж байна. Салбарын хөгжлийг цаашид буруу явуулчихгүйн үүднээс дунд хугацааны хөтөлбөрийг өнгөрсөн жил тодотгож шинэчлэн баталсан. Хөгжил төлөвлөлтийг эрчим хүчний бодит хэрэглээ, хөгжлийн чиг хандлагатай нь уялдуулахыг эрмэлзсэн. Мөн Дэлхийн банктай хамтран Эрчим хүчний салбарын Мастер төлөвлөгөөг хамтран боловсруулж байна. Харин бодлого, төлөвлөгөө баталчхаад түүнийгээ дагадаг байх ёстой. Манайд сайдаа өөрчлөгдөхөөр бодлого нь өөрчлөгдөөд явчихдаг нэг буруу зуршил бий. Дунд хугацааны хөтөлбөрийг 2018-2023 онуудад хэрэгжүүлнэ.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний томоохон төслүүдийг хөдөлгөнө, Оросын тал дэмжинэ гэж мэдэгдэж байсан. Төслүүд хэзээнээс ажил хэрэг болж урагшлах вэ. Төслүүд хөдлөхгүй гацаж байгаа шалтгаан нь юу юм бол?

-Тийм ээ. Засгийн газрын тэргүүний хувьд бие даасан эрчим хүчний системийг бүрдүүлнэ гэдгээ амлачихсан. Холбогдох шийдвэрүүдийг нь гаргаад өгчихсөн. Одоо хөрөнгө санхүүг нь босгож, эхлүүлэх ажил чухал байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын 4 генераторыг шинэчлэх төсөл хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Зарим төслүүдийн ТЭЗҮ хийгдэж байна. Мөн эх үүсвэр босгох ажил эхэлчихсэн. Таван толгойн цахилгаан станцыг барьж эхлүүлэх, энэ оноос Оюутолгойд цахилгаан эрчим хүч нийлүүлэх хэлэлцээрийг “Рио Тинто”-той хийж, гэрээ байгуулсан. Мөн Багануурын цахилгаан станцыг манай системд тохирох 150МВт турбингенератортой болгож өөрчлөх, ажиллах боловсон хүчнийг сургаж, яваандаа үндэсний боловсон хүчнээр хангах талаар ярилцаж байгаа. Ховдын Эрдэнэ-бүрэнд УЦСтанц барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ ондоо багтааж барилгын ажлын эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

"УЛС НЭГ ТОЙРГООР ХАМААТАН САДАН, ХАМТ ОЛОН ИХТЭЙ НЬ Л ГАРНА"

Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг “Монгол Улс-нэг тойрог” гэсэн системээр зохион байгуулах асуудал яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Бүх намын нэр дэвшигчид Монгол Улс гэсэн нэг тойрогт өрсөлдөнө гэсэн үг юм. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Хаврын чуулганы төгсгөлийн “халуун” сэдэв Сонгуулийн тухай хууль байх болов уу. Манай улсад 2000 оноос хойш болсон бүх сонгууль өөр өөр системээр явж ирлээ. Үндсэндээ бүх хувилбарыг бид туршаад үзчихсэн. Энэ удаад эрх баригч намын дэвшүүлж буй хувилбар нь Улс нэг тойрог байх магадлал өндөр байна. Таны бодлоор Улс нэг тойрог байх нь хэр оновчтой вэ?

–Манайд ялсан нам нь сонгуулийн дүрмийг зохиодог болоод удаж байна. Уг нь жинхэнэ дүрмээрээ бол ард түмэн сонгуулиар Засгийн эрхийг тайван замаар олж авах хэлбэр юм. Энэ дүрмийг өөрчлөөд байгаа нь маш буруу. Тиймээс эхлээд Үндсэн хуульдаа гурван заалт оруулж, дотор нь сонгуулийн тогтолцоог маш тодорхой заачих хэрэгтэй. Түүнээс биш хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-д сонгогдоно гэвэл энэ шиг бүтэхгүй зүйл байхгүй. Маш буруу. Яагаад гэвэл өнөөдөр Монголд 30 гаруй улс төрийн хүчин бий. Эндээс хамгийн багадаа 30 нам нь 76 хүнээ сонгуульд нэр дэвшүүллээ гэхэд 2000 гаруй хүний урт жагсаалт болно. Дээр нь бие даагчид нэмэгдэнэ. Энэ дундаас тухайн сонгогч санал өгөх нэр дэвшигчийнхээ нэрийг олж дугуйлахад маш хүндрэлтэй. Жишээлбэл, Баасанхүү нэртэй хэдэн мянган хүн байгаа. Генерал Баасанхүү, эмч Баасанхүү, начин Баасанхүү нарын нэр байлаа гэхэд энэ дунд миний нэр альд нь байх вэ гээд аваад үзвэл ард түмнийг төөрөгдөлд оруулж зөвхөн МАН, АН-ыг сонгуулах гэсэн зовлон үүсээд байгаа юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бараг 1 сая 500 мянган сонгогчийн санал гурван нэр дэвшигчид хуваагдсан. Дараа нь хоёр хүн дээр сонгогчдын санал хуваагдсан. Үүнтэй адил Улс нэг тойргоор зөвхөн нэг нэр дэвшигч 500 мянгаас дээш санал авахыг үгүйсгэхгүй. Хамгийн мундаг лидер нь 500 мянган хүний санал авлаа гэхэд үлдсэн нь хэчнээн санал авах  вэ гэдэг түвэгтэй асуудал учраас дэмжигдэхгүй байх.

Улс нэг тойрог байх хувилбарыг зориуд улс төрийн ярианы сэдэв болгож байна. Манайхан бохироо нуухын тулд тоглоомын улс төр гэдэг ийм зүйлийг маш хүчтэй хийж байна. "Найрамдал" зуслангийн газрын асуудал дэгдсэн нь махны үнийн өсөлтийг сарниулах гэсэн санаа. АН-ынхан жагсахаар бас л өөр сэдэв сэвж байгаа биз дээ. Яг энэ шиг өнөөдөр тэд нэг болохгүй зүйл хийчихээд нийгмийн анхаарлыг өөр сэдэв рүү хандуулж байна гэж харж байна.

-Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь сонгуулийн зөв тогтолцоо бий болгохын төлөө гэж ойлгогддог. Таны хувьд Улс нэг тойрог байх сонгуулийн системийг дэмжихгүй гэсэн үг үү?

-Одоогоор хуулийн төслийг өргөн бариагүй, хэлэлцэж эхлээ ч үгүй байхад тайлбар өгөх нь эрт бөгөөд ач холбогдолгүй. Нөгөөдүүлийн тоглоомд нь орж байна гэсэн үг. Нөгөөдүүлийн зорилго нь тодорхой. Энэ сэдвийг нь хэн нэгэн яриасай, анхаараасай гэсэн зорилго. Улс нэг тойрог байх уу гэдэг асуудал бол зөвхөн Пропорциональ  систем дээр яригдах асуудал. Хэлэлцүүлгийн шатанд эсвэл хуулийг өргөн барихаас өмнө энэ хувилбар өөрчлөгдөх нь гарцаагүй. Тогтолцооны асуудал нь шийдэгдээгүй байна. Үүнийг УИХ-ын гишүүд л шийднэ.

УИХ-ын гишүүдэд бичигдээгүй нэг дүрэм бий. Төсөв, сонгууль хоёрт амиа боддог.

Төсөв хэлэлцэх үеэр дахин сонгогдохын тулд тойргоо бодож, намын шийдвэрээ дагадаггүй. Сонгуулийн тухай хууль ярихаар өөрөө аль талд нь гарвал ялах вэ гэдгээ боддог. Өнөөдөр УИХ-д 40 шинэ гишүүн байна. Бүгд л дараагийн сонгуулиар дахин сонгогдох гээд нойргүй хонож, сурталчилгаагаа хийгээд эхэлсэн. Зарим нь загасны сүв судлаад явж байгаа биз дээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Л.МӨНХБААТАР: ХУР, ДАН СИСТЕМ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЯЛБАРШУУЛНА

УИХ өнгөрсөн пүрэв гаригт Харилцаа холбооны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг баталсан. Энэ  талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

–УИХ-аас Харилцаа холбооны салбарын багц хууль баталлаа. Энэ салбарын хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлтүүд оров?

-Анх 2001 онд УИХ -аас харилцаа холбооны тухай хуулийг баталснаар салбарын хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж үздэг. Тухайн үеийн хуулийн гол зорилго бол салбарын дэд бүтцийг бий болгож, харилцаа холбоог хүн бүрт хүргэх л байсан. Одоо бол анхны хуулийн зорилго бүрэн биелсэн гэж хэлж болно. Яагаад ингэж хэлж байна гэхээр Монгол Улсад одоогоор үүрэн утасны 4,2 сая хэрэглэгч байна. Өөрөөр хэлбэл, хүн бүрт үүрэн холбооны үйлчилгээ хүрсэн, гар утсаараа дамжуулан интернетийн үйлчилгээг хаанаас ч авах боломж бүрдчихсэн. Энэ нь хуулийн үндсэн зорилго биелснийг харуулж байгаа юм. Тэгэхээр бид одоо бий болгосон энэ дэд бүтцээ нийгэм, эдийн засгийн бусад салбаруудад ашиглуулах, төрийн болоод хувийн хэвшлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр иргэдийн цаг зав, хөрөнгө хэмнӨэгдэнэ. Энэ бол шинэчлэн батлагдаж байгаа Харилцаа холбооны тухай хуулиудын үндсэн зорилго юм. Бид 10 орчим жил цахим засаглалын тухай ярьсан, харин одоо л хөрсөнд бууж биеллээ олох эрхзүйн орчин бүрдэж байна шүү дээ. Тодруулж хэлбэл, өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсон.

-Цахимаар үйлчлүүлж, хэрэгцээт мэдээлэл, үйлчилгээгээ авдаг болж байгаа. Тэгэхээр цаашдаа цахим засаг гэдэг нь төрийн үйлчилгээг иргэдэд хурдан хүрэхийн тулд цахим хэлбэрт бүрэн шилжинэ гэсэн үг үү?

-Ер нь дэлхий нийтэд цахим засгийн хөгжлийн дөрвөн үе шат гэж байдаг л даа. Нэгдүгээрт, уламжлалт буюу цаасан суурьтай, хоёрдугаарт, байгууллагууд тус бүр өөрийн гэсэн цахим системтэй болох, гуравдугаарт, байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, цахимаар үйлчилгээ үзүүлэх боломжтой болох, дөрөвдүгээрт, хиймэл оюун ухаанаар мэдээллийг боловсруулж, шийдэл гаргах боломжтой үе гэж бий. Дөрөвдүгээр үе шат буюу хиймэл оюун ухааныг одоогоор өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж байна. Монгол Улсын тухайд гуравдугаар шат буюу байгууллага хоорондоо мэдээлэл солилцож, цахимаар үйлчилгээ үзүүлдэг энэ үе шат руу л шилжих шилжилтийн үедээ явж байна гэж харж байна. 2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа иргэн, хуулийн этгээд болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн давхардлыг арилгаж, цахим хэлбэрт шилжүүлэх суурь ажлыг эхлүүлсэн. Ингээд 2012 онд ажлаа өгөхөд бүх иргэдээ  шинэчлэн бүртгэж, иргэн болгонд цахим үнэмлэх олгож, биеийн давхцалгүй өгөгдөл буюу хурууны хээгээр баталгаажуулалт хийсэн дээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Ш.АДЪЯМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж