Б.Пүрэвдорж: Би улс төрд зүтгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.11-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: Би улс төрд зүтгэнэ

Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн.

Түүнийг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтай хамтран албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэр гарган, үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн юм.

Энэ асуудлаар өнөөдөр Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар/ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдорж тайлбар мэдээлэл хийлээ.

“Би улс төрийн соёлыг бий болгоно”

Тэрээр “Иргэн хүн хардах эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу миний талаар гомдол гаргаж, тэрхүү гомдлынх дагуу намайг АТГ-аас шалгаж эхэлсэн. Төсвийн мөнгө яаж бүрддэг вэ. Жишээ нь: Өмнөговь аймгийн Гашуун сухайтын боомтод ажиллаж байгаа жирийн нэг алба хаагч бүсгүй 500 мянган төгрөгийн цалин авдаг. Тэр эмэгтэйн бүтэн сар ажилласан татварын мөнгөнөөс сохор зоос хумслах ёс суртахуун надад байхгүй. Тиймээс би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа юм. Ер нь албан тушаалтнууд аль нэг хэргийг шалгаж байхад хөндлөнгөөс нөлөөлдөг. Иймээс надтай холбоотой хэргийг үнэн зөв, шударгаар шалгах боломжийг нь бүрдүүлэх үүднээс өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөллөгдөх өргөдлөө өнөөдөр/06.11/ өгч байна. Ер нь ардчилсан орнуудад асуудалд орсон албан тушаалнууд  ажлаа өгч тэрхүү асуудлаа шалгуулдаг харин дараа нь нэр төрөө сэргээлгэж ажилдаа буцаад ордог. Манай улсад өмнө нь над шиг ажлаа өгч шалгуулж байсан хүн байхгүй. Харин би залуу хүний хувьд мөн улс төрд цаашид зүтгэх хүний хувьд улс төрийн соёлыг бий болгоё гэсэн зорилготой байна. Шалгуулна үнэн мөнийг олно гэдэгт итгэлтэй байна. Би жирийн нэг төсвийн байгууллагын ажилтны буюу татвар төлөгчийн мөнгөнөөс завших хүн биш” гэсэн юм.

Мөн тэрээр энэхүү мэдээллийг өгөөд сэтгүүлчдийн нэмэлт асуултад хариулахаас татгалзсан юм.

2016 онд сонгуульд нэр дэвших үү?

УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа агентлагуудын дарга нарын тоонд ИХШХГ-ын дарга Б.Пүрэвдорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэл нарын нэр яригдаж байгаа. Ийнхүү Б.Пүрэвдоржийн ажлаа өгч байгаа үйлдлийг  улс төрийн захиалга гэж харагсад олон байна. Нөгөө талаар түүнийг   уснаас хуурай гарах арга хэрэглэж байна гэж хардагсад ч цөөнгүй. Ямар байсан  тэрбээр “Цаашид улс төрд зүтгэх хүний хувьд ажлаа өгч байна” гэж онцолсон юм.

Б.Пүрэвдоржийг ямар хэрэгт буруутгав?

Б.Пүрэвдоржид АТГ-аас энэ сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтээр татан шалгаж, өчигдөр/06.10/ тус байгууллагын санхүүгийн тайлан тооцоо, архивын баримт бичигт нэгжлэг хийн мөрдөн байцаалтад хэрэгтэй гэх эд мөрийн баримтуудыг АТГ-ын мөрдөн байцаагчид битүүмжилсэн. АТГ-аас өчигдөр/06.10/ хийсэн тайлбарт “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад холбогдуулан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэргийг энэ сарын 9-ны өдөр үүсгэсэн” гэжээ. Өөрөөр хэлбэл Б.Пүрэвдоржийг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтай хамтран албан тушаалаа ашиглаж хууль бус шийдвэр гарган үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр энэ хэрэгт ИХШХГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Мөнгөнцэцэгийг Б.Пүрэвдоржийн хамсаатан гэж үзэн сэжигтнээр татжээ. “30 хоногийн жуулчны визтэй орж ирсэн ч удаан хугацаагаар манай улсад оршин сууж бизнес эрхэлж байгаа гадаадын иргэдтэй цөөнгүй байгаа нь илэрсэн. Чухам эдгээр иргэдэд ИХШХГ-аас хяналт шалгалт хийж хилээр гаргах ёстой. Гэтэл Б.Пүрэвдорж нь албан тушаалаа урвуулан ашиглаж гадаадын бизнесменүүдийг эх орондоо орогнуулж байсан байж болзошгүй” гэдгийг албаны эх сурвалж хэлж байна. Мөн өчигдөр/06.10/ ИХШХГ-т хийсэн нэгжлэгээр манай улсад удаан хугацаагаар амьдарч бизнес эрхлэж байгаа гадаад иргэдийн бичиг баримтыг АТГ-ын мөрдөн байцаагчид хураан авсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж