Монгол Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд энэ долоо хоногт “FIBA 3×3 U18 World Cup 2019” сагсан бөмбөгийн тэмцээн дөрөв хоногийн турш үргэлжилж, өчигдөр дүнгээ гаргалаа. Энэхүү ДАШТ-д 18 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж, америкчууд түрүү цомоо алдсангүй.
Эрэгтэй 20 багаас АНУ-ын баг түрүүлж, Турк, Аргентин мөнгө, хүрэл медаль хүртлээ. Тэмцээний хагас шигшээд АНУ-ын залууст 18:17-оор хожигдсон бол ОХУ-ын баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Аргентинд 21-18-аар дийлдэж, дөрөвдүгээр байрт шалгарав.
Монгол Улсын эрэгтэй баг шөвгийн наймд үлдэж, дэлхийн шилдэг найман багийн нэг болов. Манай залуус С” хэсэгт Латви, Беларус, Гүржийн багуудыг хожиж, АНУ-д хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарч наймд үлдсэн юм. Хагас шигшээд тоглох эрхийн төлөөх тоглолтод мөнгөн медалийн эзэн, Туркийн шигшаа багт 21:18-аар хожигдон, тэмцээнээ өндөрлүүлэв.
Дасгалжуулагч С.Тулгын удирдсан багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нарын тоглогчид багтлаа. Тэд дөрвөн хоногийн турш монголчуудаа огшоосон тоглолтыг үзүүлж, анхны ДАШТ-д шилдэг найман багийн нэгээр шалгарсан амжилт үзүүлэв.
Эмэгтэй 20 баг өрсөлдсөнөөс АНУ-ын баг түрүүлж, Шинэ Зиланд, Франц мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Харин шилдэг дөрөвт үлдсэн БНХАУ-ын охид Шинэ Зиланд, Францад хожигдон дөрөвдүгээр байр эзэллээ.
Монголын эмэгтэй баг "С" хэсэгт Голландын шигшээ багийг хожиж, ДАШТ-ий анхны хожлоо авсан түүхэн ялалттайгаар тэмцээнээ өндөрлүүлэю.
Өнөөдөр насанд хүрэгчдийн "3×3 Ulaanbaatar Challenger (Дэлхийн гранпри)” тэмцээн эхэлнэ.
Холбоотой мэдээ