Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнгөрөгч Баасан /2019.06.07/ өдөр Татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон учраас Ерөнхийлөгч хоригоо буцаасан. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хориг буцаах тухай” албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдсэн юм.
ХОРИГ БУЦААХ ТУХАЙ БИЧИГТ:
"Нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрхийг зүй ёсоор хөндсөн татварын багц хуульд иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн, засаж залруулбал зохих асуудлууд байгааг Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч, мөрдөж эхлэх хугацаанаас нь өмнө тухайн хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах ажлын хэсгийг тал бүрийн төлөөлөлтэйгөөр байгуулан ажиллуулах болсонд талархаж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь аливаа ашиг сонирхол, хувийн явцуу зорилгоос ангид байж, тухайн хуулиудыг үндэсний эрх ашиг, нийт иргэн аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулна гэдэгт найдаж байгаа тул УИХ-ын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд тавьсан хоригоо буцааж байна"
Мөн Захиргааны ерөнхий хууль бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн УИХ-ын Баасан гаригийн нэгдсэн чуулганаар УИХ хүлээж авсан юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавихдаа, үндэслэлээ "Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна" хэмээн тайлбарласан билээ. Ц.Нямдоржийн санаачилж, боловсруулж батлуулсан Захиргааны ерөнхий хууль хуулийнхныг төдийгүй, бизнесийн салбарт ч айдас, хүйдэс төрүүлсэн. Учир нь, энэхүү хууль батлагдсан нь Засгийн газрын шийдвэртэй хэн ч заргалдах эрхгүй болгосон. Тэгвэл Ерөнхийлөгчийн Ерөнхийлөгчийн хоригуудыг УИХ хүлээн авснаар бизнесийнхэнд айдас, болгоомжлол бий болгоод байсан шинэ хуулиуд өөрчлөгдөхөөр болж байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ