Сарны хөтөлбөрүүдэд оролцон, дэвшилтэт сансрын хөлгүүдээр нислэг үйлдэх сансрын нисгэгчдийн сонгон шалгаруулалт эхэлсэн тухай даваа гаригт Оросын шинжлэх ухааны академийн Анагаах, биологийн хүрээлэнгийн захирал Олег Орлов мэдэгдэв.
"Юуны түрүүнд эрүүл мэнд, анагаахын талаас тавих шаардлагууд нь маш өндөр. Нэр дэвшигч маань бие бялдар, оюун ухааны, сэтгэл санааны хувьд цоо эрүүл байх ёстой. Зарим тодорхой онцлогууд байгаа учир бид Сарны хөтөлбөрүүдэд оролцон, дэвшилтэт сансрын хөлгүүдээр нислэг үйлдэх онолын боломжуудыг юуны түрүүнд харгалзан үзнэ" гэж тэр хэлэв.
Орловын мэдэгдсэнээр, энэ удаагийн сонгон шалгаруулалтын онцлог нь сансрын нисгэгчдийн отрядад анагаах ухааны болон биологийн мэргэжилтнүүдийг хамруулахад чиглэгдсэн юм байна.
Тавдугаар сарын сүүлээр "Роскосмос"-ын Ерөнхий захирал Дмитрий Рогозин Самара дахь Пуужин болон сансрын "Прогресс" төвөөр айлчлахдаа мөн ОХУ-ын сансрын агентлагийн корпорац сансрын нисгэгчдийн отрядын шинэ сонгон шалгаруулалтыг эхлүүлсэн тухай мэдэгдсэн. Түүний хэлснээр, Роскосмос энэхүү сонгон шалгаруулалтдаа бүсгүйчүүд болон пуужин, сансрын салбарын мэргэжилтнүүд илүү идэвхтэй оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ