Нийтийн тээвэр сайн хөгжсөний дараа метрог ярих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэр сайн хөгжсөний дараа метрог ярих хэрэгтэй

Нийтийн тээвэр сайн хөгжсөний дараа метрог ярих хэрэгтэй

БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Төрийн өмчит “КОТРА” корпорацийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас жил бүр зохион байгуулдаг Нийгэмд тустай үйл ажиллагаа /CSR – Company Social Responsibility/ сэдэвт арга хэмжээ өнөөдөр /2019.06.07/ “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд боллоо. Энэ удаагийн арга хэмжээг Хот хоорондын зорчигч тээврийн менежмент, үйлчилгээний соёл болон засвар үйлчилгээ сэдвээр “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл дунд зохион байгууллаа.

Өнөөдрийн нийгэмд тусгай үйл ажиллагаанд БНСУ-ын талаас Котра Улаанбаатар төвийн захирал Жон Вон Жүн, дэд захирал И Ү Жү /LEE Woo Joo, Deputy Director of KOTRA Ulaanbaatar KBC/, “Ю.Б.И Моторс” ХХХ-ийн ерөнхий захирал Ким Санг Сү /KIM Sang Soo, Chairman of UBE Motors Co. Ltd/, тус компанийн худалдаа хариуцсан захирал Парк Чан Мин /Park Chan Min, Head of Sales Department/ нар оролцлоо.

Монголын талаас Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү /T.KHURELKHUU, President of Express Bus Transport Business Association NGO/, “Тээвэр ачлал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Д.Баатарням /D.BAATARNYAM, Chairman of the Board of Directors at TEEVER ACHLAL JSC/ нарын албаны болон мэргэжилтнүүд нийлсэн 50 гаруй төлөөлөгчид хамрагджээ.

Сургалтын арга хэмжээ “Ажилчдын боловсрол болон найрсаг үйлчилгээ”, “Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж, БНСУ-ын туршлагатай мэргэжилтнүүд өөрсдийн орны туршлагаас хуваалцлаа.

БНСУ-ын КОТРА корпораци нь дэлхийн 10 бүсчлэлд 84 улсын 127 томоохон хотуудад салбар, төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 онд Монгол Улсад салбараа байгуулж, энэ нь 120 дахь төлөөлөгчийн газар болжээ.

КОТРА корпораци нь Монгол Улсын  төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад БНСУ-ын бизнес эрхлэгчидтэй илүү найдвартай, өргөн цар хүрээтэйгээр хамтран ажиллах боломжийг олгож ажиллах үндсэн зорилготой ажиллаж байна.

Өнөөдрийн авто тээврийн салбарын мэргэжилтнүүдийн сургалт хоёр орны хамтын ажиллагаанд багагүй хувь нэмэр оруулна гэдгийг зохион байгуулагчид хэлж байв. Энэхүү Нийгэмд тустай арга хэмжээний үеэр Монголын болоод БНСУ-ын талын төлөөлөлтэй ярилцлаа.

Зүүн гар талаас: Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү, “Ю.Б.И Моторс” ХХК-ийн худалдаа хариуцсан дарга Парк Чан Мин

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Монголын нийтийн тээврийн салбарын гадаад харилцаа өргөжин тэлж байгаа нь БНСУ-ын туршлагатай компанитай хийж байгаа ажлаас харагдаж байна. Энэхүү сургалтын үр дүн болоод нийтийн тээврийн хэрэгслийн цаашдын боломж ямар түвшинд байна вэ?

-БНСУ-ын Аж үйлдвэр, худалдаа яамны харьяа “КОТРА” байгууллагатай 2018 оноос хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллаж байна. Өнөөдөр хот, хоорондын тээвэрт үйл ажиллагаа явуулж байгаа 60 орчим байгууллагын ихэнхийг сургалтад хамрууллаа. Монгол Улсад тээвэр хийж байгаа нийтийн тээврийн хэрэгслийн 90 гаруй хувь нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн автобусаар үйлчилж байна. Тэр дундаа том оврын 45 суудалтай автобусаар иргэд, зорчигдод үйлчилж байна. Үүнд нэг анхаарах асуудал байгаа. Нийтийн тээврийн үйчилгээнд явж байгаа 800-900 орчим автобусын 92 хувь нь 10-аас дээш жил явсан тээврийн хэрэгсэл эзэлдэг. Шинэ автобус худалдан авах боломж муу байна. Төрөөс нөхөн төлбөр өгдөггүй болохоор аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө боломжоор нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлж байна. Бид 20 гаруй жил төрийн үйл хэргийг нуруундаа үүрч ирсэн. Тэгэхээр өнөөдрийн сургалт бидний хамтын ажиллагаанд нөлөөлж, БНСУ-ын томоохон компаниудын үйлдвэрлэж байгаа автобусыг дунд нь зуучлах гарц бүрдэх юм. Шууд тээвэрлэгч байгууллагуудыг холбох, нийт зорчигч үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж, осол зөрчилгүй ажиллахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна.

-БНСУ-аас ирж байгаа автобусны насжилтыг бууруулах талаар хоёр талаас ярилцаж байна гэсэн. Цаашид нийтийн тээвэрт ямар боломжууд байна вэ?

-Цаашид автобусны насжилт буурна. Хоёрдугаарт зуучлагчгүй болно. Нэгэн жишээ хэлэхэд, 2016 онд АСЕМ-ын уулзалт болоход 33 автобус авчирч байсан. Тухайн үед автобус үйлдвэрээс 110 мянган ам.доллараар гарч байсан. Гэтэл энд ирэхдээ 150-160 мянган ам.доллар болж, аж ахуйн нэгжид өгөхөөр 300 гаруй сая төгрөг болж ямар ч үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарч байна. Тээврийн компани худалдаж авах боломжгүй болж байна. Мөн БНСУ-тай 2012-2016 онд тухайн үеийн Засгийн газраас жилийн 0,35 хувийн хүүтэй 300 сая ам.долларын хөрөнгөөр 30 жилийн хугацаатай автобус худалдан авч нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах Парк шинэчлэлийн гэрээг хийсэн ч  хэрэгжээгүй. Тэгэхээр зуучлагч байгууллага байснаар бидэнд ашиг тусаа өгөөгүй. 30 жилийн хугацааг 10, 20 жилээр бууруулсан ч төлөх эдийн засгийн боломж байхгүй. Одоогоор 900 орчим автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Ойрын таван жилд том оврын автобусыг шинэчлэх боломж байна гэж харж байна. Энэ бол хот, улс хоорондын тээврийн асуудал. Харин хотын доторх нийтийн тээврийн асуудал харьцангуй шийдэгдэж явдаг. БНСУ-аас 400 орчим автобус авчирч компанудад өгсөн байгаа. Мөн ОХУ-аас том оврын тээврийн хэрэгсэл авчирснаас гадна дотооддоо хийсэн тээврийн хэрэгсэл угсарч зорчигчдод үйлчилж байна.

“Ю.Б.И Моторс” ХХК-ийн худалдаа хариуцсан дарга Парк Чан Минээс цөөн асуултад хариулт авлаа.

-Танай байгууллагын зүгээс Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах ямар боломжууд байна гэж харж байна вэ?

-Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны нэгэн гишүүн болох “Тээвэр ачлал” компанитай хамтын ажиллагаагаа КОТРА Улаанбаатарын дэмжлэгтэйгээр 2018 оноос эхлүүлж байсан. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд БНСУ-аас Монголд импортлогдож байгаа тээврийн хэрэгслүүдийн оныг залуужуулах, солих ажлуудыг хийж байна. Өнгөрсөн жил бид таван автобус нийлүүлсэн. Энэ жилээс автобус экспортлох нийлүүлэхээс илүүтэй авто тээврийн салбарын бодлогын хэмжээнд сургалт хийх шаардлагатай гэж үзэн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. БНСУ-ын туршлагатай компанийн мэргэжилтэн, инженер, сургалтын багш нар илтгэл тавьж, хамтран ажиллалаа. Тэдний дунд 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн бий. КОТРА Улаанбаатар компанийн хувьд нийгмийн тустай үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байна. Энэ сургалтаар дамжуулан хоёр орны хамтын ажиллагаанд бага ч гэсэн хувь нэмрээ оруулна гэж итгэж байгаа. Сургалтад Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны төлөөлөгчид идэвхтэй оролцсонд талархаж байна.

 -Монгол Улсад импортлогдсон автобус ихэнхдээ 10-аас дээш жил явсан автобус байдаг. Шинэ автобусны үнэ өндөр гэдгээр орж ирэх нь бага байна. Энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Сонирхолтой асуулт байна. Бид шинэ автобус илгээх чиглэлд зорьж байгаа. Гэхдээ хүндрэлтэй зүйл юу байна вэ гэхээр мэдээж үнийн асуудал. Шинэ автобусны үнэ өндөр байгаатай холбоотой. Аж ахуйн нэгжийн хувьд ийм боломж бага байна. Гэсэн хэдий ч 2008-2012 оны автобусууд гэж яригдаж байгаа ч цаг тухайд нь зөв зохистой засвар хийгээд явах хэрэгтэй. Монголд боломжийн гэж харж байгаа. Мэдээж зардлын хувьд ч гэсэн боломжтой гэж үзсэн.

-Монголын нийтийн тээврийн үйлчилгээ ямар түвшинд байна вэ. Монголчууд метротой болно гэсэн зорилт тавиад олон жилийг үдлээ. Ийм боломж байгаа юу?

-БНСУ-ын туршлагатай харьцуулахад Монголын тээврийн салбар хөгжлийн эхний шатандаа явж байна. Солонгост сүүлийн 20-30 жил энэ салбарт хөрөнгө оруулалт хийн үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн тээвэр бол улс орны хөгжилд голлох үүргийг гүйцэтгэдэг. Мөн бизнес эрхлэгч нар энэ салбарт хөрөнгө оруулалт хийснээр улс орныхоо хөгжилд голлох үүргийг гүйцэтгэж,  эерэг үр дүн авчирч байдаг. Тээврийн салбарыг сонгон авч байгаа компаниудын хувьд нийгэмд тустай ажил хийж яваа нь улсынхаа хөгжлийг урагшлуулж явж байгаа гэж харж болно. Тэр ч утгаараа тодорхой хэмжээний тээврийн хэрэгслийн үйлчилгээ хөгжсөний дараа төмөр зам, метроны асуудал ярьдаг. Хамгийн гол зүйл нь эхлээд авто тээврийн салбар хөгжөөд дараа нь метрог ярих хэрэгтэй. Монголын хэмжээнд энэ үйлчилгээ Улаанбаатар болон орон нутагт хангалттай хүрэх хэрэгтэй. Мэдээж энэ үйлчилгээг сайн нэвтрүүлж чадсаны дараа метрог ярих болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж