Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06.07) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 26 минутад эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийсэн.
Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг хийж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн. Хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцоллоо.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэх эсэх цаашлаад уг нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүх ард түмний санал асуулга явуулж хэлэлцүүлэх талаар тодруулж байлаа. Мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх босгыг намсгасан шалтгааныг лавласан.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.6-д “Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй явуулна” гэж заасан байдаг ч, 11.5-д “Энэ хуулийн 11.3.6-д заасан заалтын хэлэлцүүлгийн үе шатын хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн (хэм хэмжээний бус) шинжтэй хойшлуулшгүй асуудлуудыг шийдвэрлэхэд хамаарахгүй” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 24.7 “хуулиар Улсын Их Хурлаас хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно” гэж тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хариултдаа онцлов. Мөн тэрбээр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заавал ард түмний санал асуулга явуулж байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ гэсэн заалт байхгүй гэдгийг тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав нь зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Үүнийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулсан атлаа Байнгын хорооны хуралдааны хэлэлцэн, шийдвэрлэх асуудал зохицуулалтгүй орхигдсон байдаг. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ердийн олонхын саналаар бус гуравны хоёрны саналаар асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэнэ гэж босгыг нь нэмж, төсөлд тусгасан. Ингэснээр Байнгын хорооны 19 гишүүний 10 нь хуралдаад зургаа нь асуудлыг шийдэх бус олонхоороо шийдэх босгыг нь өндөрсгөсөн гэж хариулж байлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжив.
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Дараа нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Н.Эрдэнэцогт нар оролцсон.
Хоригийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих тухай албан бичигт, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна” гэсэн байлаа.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалтуудын хамрах хүрээг хэт өргөтгөсөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.а буюу “батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр” гэсэн дэд заалтын хүрээнд батлан хамгаалах чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, аюулгүй байдлын салбар дахь Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна гэж дурджээ.
Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.б буюу “Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа” гэсэн дэд заалтын хүрээнд төрийн өмч хувьчлалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрүүд, ашигт малтмалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын тушаал, шийдвэрүүд, байгалийн нөөцийн удирдлагын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, тэдгээрийн харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа зэрэг асар өргөн хүрээний асуудал мөн л ямар нэгэн ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Түүнчлэн уг дэд заалт нь утга агуулгын хувьд дээрх 3.1.7 дахь заалтдаа захирагдахааргүй, бие даасан хэмжээнд томьёологдсон байна. Тухайлбал, …төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа гэсэн нь 3.1.7 дахь заалтаасаа агуулгын хувьд өөр, бие даасан утга илэрхийлж байгааг анхаарах шаардлагатай гэдгийг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдсан.
Мөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын “тайлбар” хэсэгт буй “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх” гэсэн томьёололд улс төрийн шийдвэр гэдгийг хэрхэн яаж ойлгохыг хууль зүйн үүднээс тухайлан тодорхойлоогүй байх төдийгүй тухайн ойлголтыг “Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор…” гэж “улс төрийн шийдвэр” гэх ойлголтоос тэс өөр утгаар тайлбарласан. Ингэснээр уг хуулийн 3.1.7 дахь “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дараах шийдвэр” гэсэн заалт нь 3.1.7.а, 3.1.7.б гэсэн дэд заалтуудаа “улс төрийн шийдвэр гэсэн агуулгын хүрээнд” хашиж, хязгаарлах боломжгүйд хүрч байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан. Үүний хүрээнд Улсын Их Хурал Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд илт харшилж, зөрчил үүсгэх эрсдэлтэй хуулийг зохих ёсоор засаж, залруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцолсон.
Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна.
Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 92.3 хувь нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа. Н.Оюундарь нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд Хууль зүйн байнгын хорооны саналаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь дэмжсэн ч, 3/2 хувьд хүрээгүй учир Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ