“Монголын Үндэсний Балет” улсын гуравдугаар уралдааныг энэ сарын 8, 9-нд БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны дэмжлэгтэйгээр Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Балетын улсын гуравдугаар уралдааны талаар өнөөдөр /2019.06.07/ Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг болон уралдаанд оролцох бүжгийн сургуулийн төлөөллүүд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг “Монголын үндэсний балет” улсын гуравдугаар уралдааныг энэ амралтын өдрүүдэд Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдаанд анх 100 гаруй хүүхдүүд оролцсон бол дараа жил нь 130 орчим, энэ жил 190 хүүхэд оролцож байна. Монгол Улсын хэмжээнд балетын урлаг хэрхэн хөгжиж байгааг энэ улсын уралдаанаас харах бүрэн боломжтой. Монголын балетын хөгжлийн сан анх 2010 онд байгуулагдаж, 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай сангаас 2014 оноос эхлэн “Цөмөөхэй” балетыг тасралтгүй зохион байгуулж, 1000 гаруй хүүхдийг Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гаргаад байна” гэдгийг онцолж байв.
Ингээд түүнтэй цөөн хором ярилцаж, уран бүтээлийн сонин сайхнаас нь хуваалцсанаа хүргэе.
"ӨӨРИЙН БАЛЕТЫН КОМПАНИЙГ БАЙГУУЛНА"
-Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хэзээ эх орондоо ирэв?
-Би эх орондоо ирээд долоо хонож байна. Монголдоо ирсэн өдрөө балетын сургуулийн маань тайлан тоглолт дөрөв дэх жилдээ болж, би оролцлоо. Мөн энэ сарын 8, 9-нд болох “Монголын үндэсний балет” улсын уралдааныг зохион байгуулах ажлаар Монголдоо ирээд байна.
-Таны хувьд гэр бүлээрээ АНУ-д ажиллаж, амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд тэнд ямар уран бүтээл дээр ажиллав?
-Хэсэг хугацаанд АНУ-ын Нью-Иорк хотын балетын сургуульд дасгалжуулагч багшаар ажилласан. Мөн өөрийн балетын компанийг байгуулах ажлын бэлтгэл ажил, төлөвлөгөөг гаргаж байгаа. Би Нью-Иорк хот дахь дэлхийн 170 гаруй орны нэгдсэн ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын бүжгийн зөвлөлийн гишүүн болж, Монголын сонгодог урлагтай хэрхэн холбох тал дээр ажиллахаар болсон.
-АНУ-д өөрийн балетын компанийг байгуулж байгаа юм уу?
-Ер нь Нью-Иорк хотноо балетын маш олон компани бий. Манай компанийн хувьд байнгын үйл ажиллагаа явуулаад байхгүй ч сонгодог урлагийн чиглэлээр уран бүтээлчдийг холбон зуучилж, чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлсэн компани гэж ойлгож болно. Бас тэнд зуны улиралд гала тоглолт, аялан тоглолтуудыг зохион байгуулдаг.
-Хүүхдүүд нь том болсон байх. Балетаар хичээллэдэг үү?
-Эхнэр маань Нью-Иорк хотод нүдний эмч мэргэжлээр доктурантаар сурч байна. Харин хоёр хүүхэд маань сургуульдаа суралцаж байна. Одоо бага нь есөн настай, том нь 15 настай. Хүүхдүүд маань сонгодог урлагт их дуртай. Бас балетаар хичээллэнэ. Ер нь сонгодог урлаг их хатуу урлаг учраас хүүхэд өөрөө сонирхолтой байж хичээллэх ёстой. Тэгсэн хүүхэд юуг ч бүтээнэ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ