Гашуунсухайтын 267 км төмөр замын шороон даланд 280 сая ам.доллараар зарцуулсан гэх асуудал нь одоо ч олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг Ерөнхийлөгч Х.Батттулгын ээлжит нэгэн амбиц нь Зүүнбаянгийн төмөр замын түмэн цэргээр барьж ашиглалтад оруулах юм. Тэрбээр Ерөнхийлөгч болоогүй байхдаа түмэн цэргээр төмөр зам бариулах хошин "ШБОС" олсон нь өнөөдөр бодитоор хэрэгжинэ гэж тухайн үед хэн ч санаагүй. Учир нь 21 дүгээр зуунд төмөр замын бүтээн байгуулалтыг түмэн цэргээр бариулдаг улс Монголоос өөр байхгүй л болов уу. Хоёр хөршөөс эхлээд олон орон төмөр замын бүтээн байгуулалтыг техник, технологийн хүчээр, маш богинохон хугацаанд хийж байхад монголчууд хүрзээр төмөр зам барихаар хүмүүсээ бүртгэж байгаагаа хөгжил гэхэд хэцүүхэн. Тэр тусмаа түмэн цэрэг, түмэн иргэнийг оролцуулан хийж буй Зүүнбаянгийн төмөр замаа нөхөн үржихүйн гэж тодотгосон нь супер онигоо юм.
Эдийн засгийн тусгаар тогтнол, улс орны хөгжилд үзүүлэх эерэг үр дагаварыг нь харах юм бол Зүүнбаянгийн төмөр замаас илүү нүүрсний гэх Гашуунсухайтын төмөр замаа ашиглалтад оруулах ёстой. Учир нь, Чингис бондын 280 сая ам.доллараар шороо овоолсон ажлаа гүйцээх нь эдийн засгийн хувьд илүү ашигтай, бүр адаглаад итгэл үнэмшил төрүүлэх байсан биз. Гэвч, төмөр замын бүтээн байгуулалтад түмэн цэрэг оролцуулах эртний мөрөөдлөө биелүүлэхийн тулд Ерөнхийлөгч ийм шийдвэрийг ч Засгийн газраас гаргуулж чадсан. Түүнчлэн өнгөрсөн сард болсон Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслолд ч Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцсон. Тэгвэл төмөр замаа цэрэг, иргэдээр бариулах Төрийн тэргүүний хүслээр төр зар тавьж эхэллээ.
Хоёр сая төгрөгийн цалинтай, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд өөрийн хүсэлтээр оролцох инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг бүртгэж эхэлснээ Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлээд буй.
НЗДТГ-ын Цэргийн штабын хурандаа Ж.Болдбаатар “Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 419 км төмөр замын далан барих ажлыг эхлүүлсэн. Шаардлагатай техник хэрэгсэл цэргийн ангиудаас гаргаж ажиллаж байна. Нөхцөл байдалтай уялдуулан инженер, техникийн мэргэжилтэй иргэдийг бүртгэж, ажлын байраар хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ чиглэлийн мэргэжилтэй иргэд энэ сарын 14-ны хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд очиж бүртгүүлээрэй. Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад гар бие оролцох ажилд идэвхтэй оролцоорой” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолыг үндэслэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие биүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах зөвшөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолын дагуу эхний ээлжийн ажил ийнхүү эхэлсэн байна.
Дараах мэргэжлийн чиглэлээр иргэдийг бүртгэж байна
Инженерийн мэргэжлээр
- авто замын инженер
- гүүр хоолойн инженер
- тоо хэмжээний инженер
- геодези, хэмжилтийн инженер
- материал, чанарын инженер
- лаборант/хөрсний/
Техникийн мэргэжлээр
- том оврын автомашины жолооч
- бульдозерчин
- автогрейдерчин
- индүүчин, жолооч
- усны машины жолооч
- шанагат ачигчийн жолооч
- өөрөө буулгагчийн жолооч
- трайллерийн жолооч
- кранчин
- экскаваторчин
Бүрдүүлэх баримт бичиг
- Иргэний үнэмлэх
- Мэргэжлийн үнэмлэх
- Төгссөн сургуулийн диплом
- Төрийн албан хаагчийн анкет
- Цээж зураг-3 хувь
Бүртгэл: 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл харъяа аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэх гэнэ.
Хүрз, жоотуу, цэрэг, иргэдээрээ төмөр замаа бариулсан Ерөнхийлөгчийн шинэ санаачлага лавтайяа түүхэнд үлдэх биз. Харамсалтай, нүүрсний төмөр зам шигээ овоолсон шороо, олон эрсдэл дагуулсан төсөл болчихвий дээ.
Б.БАТ