Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.06.07/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр ирснийг онцолсон.
Тэрбээр, 2018 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байснаа дурдаад, тэр үед гарын үсэг зурсан хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх Санамж бичиг ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улсынхаа нийслэлтэй хамгийн ойр байдаг зэрэг олон талаараа ижил төстэй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь муж, Төв аймгийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл өндөр байна хэмээгээд, цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжин 58.5 сая ам.долларт хүрснийг тэмдэглээд, цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө хамтран ажиллана хэмээсэн. Түүнчлэн БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2004 оноос монгол хүүхдүүд суралцах болсон, хоёр орны иргэд харилцан зорчиж, хөдөлмөр эрхэлж буйг тэмдэглэж байлаа.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь БНСВУ-ын Хоа Бинь муж, Төв аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд, Төв аймаг дахь мах боловсруулах үйлдвэр, нүүдлийн мал аж ахуйтай танилцсанаа дуулгалаа.
Хоа Бинь муж, Төв аймаг хооронд соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар хэлэлцэж байгааг ноён Чан Данг Чинь дурдаад, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан соёлын өдрүүдэд Хоа Бинь муж оролцохоор бэлтгэж байгаа хэмээлээ.
Түүнчлэн уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өргөжүүлэн хөгжүүлэх, үүний тулд ачаа болон зорчигч тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ