Монголын сагсчид Туркийн шигшээд хожигдож, тэмцээнээ дуусгалаа

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид Туркийн шигшээд хожигдож, тэмцээнээ дуусгалаа

Монголын сагсчид Туркийн шигшээд хожигдож, тэмцээнээ дуусгалаа

Монгол Улсад багийн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ анх удаа болж байна. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй нийт 40 баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр/2019.06.07/ медалийн эзэд тодорно.

Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-ий эрэгтэй 20 багаас Монгол Улсын шигшээ баг шөвгийн наймд үлдээд байсан. Энэ цагт хасагдах шатны тоглолт Монгол, Туркийн тоглолтоор эхэллээ. Тоглолт 21:18 онооны харьцаагаар Туркийн шигшээ багийн ялалтаар өндөрлөж, манай залуус тэмцээнээ дуусгалаа.

18 хүртэлх насны ДАШТ-ий шилдэг дөрвөн багийн нэгээр үлдээд байгаа Туркийн баг “А” хэсэгт Итали, Словани, БНХАУ, Йорданы багуудыг дараалан хожиж, 100 хувийн амжилттайгаар хэсгээ тэргүүлж, улмаар Монголын багийг хожлоо.

Анх удаа ДАШТ-д өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг “С” хэсэгт Латви, Беларус, Гүржийн багуудыг хожиж, АНУ-д хожигдсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шилдэг наймд үлдсэн юм. Хагас шигшээд тоглох эрхийн төлөө Туркийн шигшаа багтай тоглосон ч ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ.

Дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор оролцсон Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нарын тоглогчид багтлаа. Тэд дөрвөн хоногийн турш монголчуудаа огшоосон тоглолтыг үзүүлж, анхны ДАШТ-д шилдэг найман багийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлэв.

Мөн Монголын эмэгтэй баг "С" хэсэгт Голландын шигшээ багийг хожиж, ДАШТ-ий анхны хожлоо авлаа. Энэ хэсгээс Франц, Филиппиний багууд хасагдах шатанд шалгарсан.

Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Үндэсний бөхийн дархан аварга Г.Өсөрбаярын хүү Пэрэнлэйжамц, сагсан бөмбөгийн анхны Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од нар багтсан нь багийн спортын төрлийг Монгол Улсад хөгжүүлэхэд томоохон дэмжлэг болсныг үзэгчид, хөгжөөн дэмжигчид үнэлжээ. Спортын салбарын алдартнуудын хүүхдүүд энэ спортыг олонд түгээхэд томоохон сурталчилгаа боллоо гэдгийг ч мэргэжилтнүүд үнэлж эхлээд байна.

Энэ долоо хоногийн турш Д.Сүхбаатарын талбайд болж байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад багийн төрлийн спорт өндөр түвшинд хөгжиж чадсаныг харуулсан үйл явдал боллоо гэдгийг олон улсын мэргэжилтнүүд үнэлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газраас энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлээд байна.

Д.Сүхбаатарын талбайд болж буй ДАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд 18:55 цагаас эхлэх юм байна.

FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ:

"С" хэсэг: 

  • Латви – Монгол /16-20/
  • Беларус Монгол /15-21/
  • Монгол – Гүрж /18-16/
  • Монгол – АНУ /10-21/

Хасагдах шат: 

  • Турк – Монгол /21-18/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж