Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан хэрэгтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан хэрэгтэй байна

Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан хэрэгтэй байна

Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авах талаар өнөөдөр /2019.06.07/ Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь нар мэдээлэл хийлээ.


"МСҮТ-Д СУРГАЖ, ДАДЛАГА ХИЙСНЭЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ОРОЛЦОНО”

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хурлын эхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолыг үндэслэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах зөршөөрлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын 2019 оны 194 дүгээр тогтоолын дагуу эхний ээлжийн ажил эхлээд явж байна. Одоо иргэдээсээ бүтээн байгуулалтад өөрийн хүсэлтээр оролцох инженер болон техникийн мэргэжлээр 16 ажлын байрыг санал болгож байна. Ажилчдыг орон байр, хоол унд, хувцсаар хангана. Төмөр замын бүтээн байгуулалтыг тавдугаар сарын 20-ноос ирэх арваннэгдүгээр сарыг дуустал хийнэ. Гэрээт цэргүүдийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сургаж, дадлага хийсний дараагаар бүтээн байгуулалтын ажилд оролцоно” гэдгийг хэлсэн юм.

БАРИЛГА, АВТО ЗАМЫН КОМПАНИУДТАЙ ИЖИЛ ХЭМЖЭЭНИЙ ЦАЛИН ОЛГОНО

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар

Энэ үеэр ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь “Монгол Улсын томоохон барилга байгууламжийг Зэвсэгт хүчин байгуулж байсан түүхэн уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд зориулан Дорнод аймгийн Халх гол сумыг шинэ сум болгох төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд Зэвсэгт хүчний тодорхой бие бүрэлдэхүүн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн наймдугаар сарыг дуустал барилга байгууламж барих бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Мөн өнгөрсөн жил манай Зэвсэгт хүчнээс Сайншанд, Газрын тос боловсруулах үйлдвэрийн хооронд 100 тоннын даацтай, 17.5 км урттай тусгай зориулалтын авто зам барих ажлыг 71 хувийн гүйцэтгэлтэй хийж байна. Энэ ажлыг Зэвсэгт хүчний замын 77, 80 дугаар ангийн бие бүрэлдэхүүн есдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ажилд орсон мэргэжитнүүдийн цалинг гүйцэтгэлээр олгох учраас тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажиллаж, барилга, авто замын компаниудтай ижил хэмжээний цалин олгох болно” гэдгийг танилцууллаа.

“ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ҮЕЭР 1000 ОРЧИМ АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО”

Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын суурь бүтцийг угсрах, доод бүтцийг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчнээс 77, 80 гэсэн дугаартай төмөр замын ангийг байгуулж, өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын нутаг буюу 200-280 км хүртэл батлагдсан зураг, төсвийн дагуу хийгээд эхэлжээ. Энэ бүтээн байгуулалтыг хоёр жилийн хугацаанд хийнэ. Замын ажлын техник хэрэгсэл бүрэн хангагдсан тохиолдолд 1000 орчим ажлын байр бий болно гэдгийг албаныхан хэллээ.

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтэй иргэдийг ирэх долоо хоногоос эхлэн энэ сарын 15-ныг хүртэл харьяа аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын байранд бүртгэх гэнэ. Ажлын байранд тавьж буй шалгуурын хувьд мэргэжлийн болон боловсролын гэрчилгээ, үнэмлэхтэй байх ёстой. Мөн тухайн иргэн багаар ажиллах чадвартай, эрүүл мэндээр тэнцсэн байх шаардлагатай. Харин насны хязгаар тавихгүй байгаа бөгөөд хорт зуршилгүй байх ёстой гэдгийг албаныхан онцоллоо.

Доорх ажлын байрыг санал болгож байна.

Инженерийн мэргэжлээр :

  • Авто замын инженер
  • Гүүр хоолойн инженер
  • Тоо хэмжээний инженер
  • Геодези, хамжилтийн менежер
  • Материал, чанарын инженер
  • Хөрсний лаборант

Техникийн мэргэжлээр:

  • Том оврын автомашины жолооч
  • Бульдозерчин
  • Автогрейдерчин
  • Индүүчин, жолооч
  • Усны машины жолооч
  • Шанагат ачигчийн жолооч
  • Өөрөө буулгагчийн жолооч
  • Трайллерийн жолооч
  • Кранчин
  • Экскаваторчин

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Мэргэжлийн үнэмлэх
  • Төгссөн сургуулийн диплом
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Цээж зураг гурван хувь

А.СҮРЭН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж