"Сурагчдад төлбөртэй давтлага өгсөн багшийг чөлөөлнө"

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

"Сурагчдад төлбөртэй давтлага өгсөн багшийг чөлөөлнө"

"Сурагчдад төлбөртэй давтлага өгсөн багшийг чөлөөлнө"

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн зарим багш сурагчдаа улсын шалгалтад бэлдүүлэх нэрээр төлбөртэй давтлага өгч, хүүхэд бүрээс 1000-2000 төгрөгийн хураамж авч байна. Давтлагад суугаагүй сурагчийг тухайн хичээлийнх нь дүнгээр “боосон" гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Иймд багш нар сурагчдад төлбөртэй давтлага өгөхийг хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрсөн эсэхийг Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтохоос тодрууллаа.


-Ерөнхий боловсролын сургуулийн багш  сурагчдадаа  төлбөртэй давтлага  өгөхийг хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрсөн байдаг уу?

-Багш нар сургалтын хөтөлбөрийн дагуу сурагчдаа сургаж, мэдлэг эзэмшүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн төлөө хүүхдээс ямар нэгэн байдлаар нэмэлт давтлага нэрийдлээр төлбөр хураамж авах эрх зүйн үндэслэл байхгүй. Үүнийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжид тодорхой тусгаж өгсөн. Хэрвээ ийм зөрчил гарч, тодорхой үндэслэлтэй нотлох баримтаар нотлогдвол багшид арга хэмжээ авна. Энэ арга хэмжээг сургуулийн захиргаанаас багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцлага тооцно. Хөдөлмөрийн гэрээнд багштай холбогдох зөрчилд тооцох хариуцлага, сахилгын шийтгэлийг тодорхой заасан байдаг. Мөн багшийн ёсзүйн дүрмээр хүүхдээс төлбөр хураамж шаардахыг хориглосон.

-Зөрчил гаргасан багш болон сургуулийн захиргаанд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцдог вэ. Танай байгууллагад иргэдээс багш нартай холбоотой ихэвчлэн ямар гомдол мэдээлэл ирж байна?

-Хичээл сургуулийн зуны амралт эхлэх дөхөж хавар болмогц эрдмийн баяр тэмдэглэх, хүүхдүүдээс анги засварын мөнгө хураах, төлбөртэй давтлага өгч байна гэх гомдол мэдээлэл Нийслэлийн боловсролын газарт утсаар болон бичгээр ирдэг.  Нийслэлийн боловсролын газраас иргэдээс ирүүлж буй гомдол мэдээлэлд дүгнэлт хийж тодорхой зөвлөмж мэдээлэл өгөх, гомдол нь үндэслэлтэй бол судалж шалгана. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад улсын шалгалтад бэлдүүлэх нэрийдлээр төлбөртэй давтлага өгсөн гэх гомдол мэдээлэл ирээгүй.

Хавар болохоор л  анги засвар, эрдмийн баяртай холбоотой гомдол мэдээлэл тасардаггүй.  Өнгөрсөн тавдугаар сард эрдмийн баяр тэмдэглэх, хичээлээс гадуур сургалтын байдлаар хүүхдүүдийг авч явахдаа 25-30 мянга төгрөгийн хураамж авсан гэх мэдээлэл эцэг эхчүүдээс ирж, тодорхой сургуулиудад асуудал үүссэний дагуу шалгаж байна. Тухайн сургуулийн удирдлагуудад арга хэмжээ тооцлоо. Ер нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар төрийн нэрийн өмнөөс тухайн зөрчлийг хянаж, хууль шийдвэрийг хэрэгжүүлдэг үндсэн үүрэгтэй. Энэ дагуу тухайн байгууллагын сургууль цэцэрлэгт  хууль эрх зүйн хүрээнд зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа зохион байгуулагдсан бол сургууль, цэцэрлэгийн удирдлагад хариуцлага хүлээнэ. Хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үндсэн үүргээ биелүүлээгүй учраас сахилгын шийтгэл тооцдог.  Сахилгын шийтгэлийг гурван үе шаттай тооцдог. Зөрчил гаргасан нь нотлогдсон бол сануулна. Дараа нь цалингаас нь тодорхой хувиар хасах, цаашлаад ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Энэ арга хэмжээг багш нарт ч бас авдаг.

-Хэчнээн сургуулийн багш, удирдлагуудад хариуцлага тооцсон бэ. Сахилгын шийтгэл гэхээр ямар арга хэмжээ авсан юм бол?

-Хууль эрх зүйн хүрээнд хяналт тавих үндсэн үүргээ биелүүлээгүй Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан  дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн гурван захирал, цэцэрлэгийн дөрвөн эрхлэгчид сахилгын шийтгэлийн арга хэмжээг тав болон зургадугаар сард тооцлоо. Тэдэнд дээрх дурдсан асуудлаар хяналт тавьж ажиллаагүй гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж