Тереза Мэй өнөөдөр огцорно

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Тереза Мэй өнөөдөр огцорно

Тереза Мэй өнөөдөр огцорно

Их Британийн эрх баригч Консерватив намын дарга Тереза Мэй өнөөдөр буюу зургадугаар сарын 7-ны баасан гаригт албан тушаалаасаа бүрмөсөн чөлөөлөгдөнө. Гэхдээ тэрбээр намын дотоодын тэмцэл шийдэгдэж, түүнийг залгамжлагчийг сонгох хүртэл Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх ажээ.

Өдгөө 62 настай, Консерватив намын тэргүүнээр 2016 оны долдугаар сараас хойш томилогдон ажилласан тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр огцрохоо мэдэгдсэн билээ. Тереза Мэй огцорч буй шалтгаанаа “Британий парламент Брекситын нөхцөл байдлын талаар Европын холбооны парламенттай хэлэлцээр хийх боломжгүй” хэмээн тайлбарласан юм.

Тэрбээр Консерватив намыг 1061 хоног тэргүүлсэн бөгөөд энэ нь тус намын түүхэн дэх хамгийн муу үр дүн ажээ. Тереза Мэй Консерватив намыг удирдсан хугацаагаараа Невилл Чембрелен (1937-1940, 1227 хоног), Иэн Данкан Смит (2001-2003, 784 хоног) нарын дунд бичигдсэн байна.

Маргерет Тэтчер тус намыг 1975-1990 оныг хүртэл нийт 5769 хоног удирдсан амжилтаараа тэргүүнд бичигддэг бол 1940-1955 оны хооронд нийт 5307 хоног намыг удирдан чиглүүлж байсан Уинстон Черчилль удаалжээ.

Энэ сарын 10-ны өдөр тус улсын эрх баригч намын тэргүүнийг сонгох кампанит ажил эхлэх бөгөөд шинэ удирдагч ирэх долдугаар сарын 28-ны дотор тодрох юм байна.

Эдүгээ түүнийг халааг авахаар Консерватив намын 11 гишүүн өрсөлдөж байгаа ажээ. Консерватив намын дарга хийгээд Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших хүмүүсийн хүсэлтийг орон нутгийн цагаар ирэх даваа гаригийн 10:00-17:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.

Парламентын гишүүдийн дунд зургадугаар сарын 13, 18, 19, 20-нд хаалттай санал хураалт явуулж, зургадугаар сарын 20-ны пүрэв гариг гэхэд хоёр нэр дэвшигч шигшигдэн үлдэх аж. Үүний дараа Консерватив намын гишүүдийн дунд санал хураалт явуулснаар Их Британийн дараагийн Ерөнхий сайдын нэр тодорхой болох юм байна.

Эх сурвалж: ВВС, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж