Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
15 : 20
2019-6-7

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Цэцээс нөхөн сонгууль товлон зарласан Сонгуулийн хууль Үндсэн хууль болон бусад хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлэлцэх юм. Тус дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм.

Ингэснээр өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал байхгүй учраас чуулганыг хаалаа. 

12 : 38
2019-6-7

Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-аар тавдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан. Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулж, хэлэлцлээ.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн  Д.Эрдэнэбат:

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ардчилсан намын зөвлөл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Захиргааны эрх зүй Монголд яг сууриа тавьж буй салбар. Харамсалтай нь, Захиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлт нь Засгийн газарт хэтэрхий эрх мэдэл олгосон гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгчийн хоригийг АН-ын зөвлөл дэмжиж байгаа. Ялангуяа, энэ хууль захиргааны байгууллагын дур зоргоороо авирлах, иргэн хүн эрхээ хамгаалуулах эрхгүй болох,  Батлан хамгаалах яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлал, Хууль зүйн яамд дур зоргоороо шийдвэр гаргах эрхтэй болж байгаа юм. Тиймээс бид танай, манай гэхгүйгээр Ерөнхийлөгчийн хоригийг дэмжээд явах нь зүйтэй байна. Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан заалтуудаас үүдэн ямар хохирол учирч болох талаар тодорхой мэдээлэл өгч болох уу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байгаа. Үндсэн хуультай холбоотой заалтуудыг Захиргааны хууль хамаарахгүй байж болно.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА:

– Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой гэж үзэж байгаа. Хүнээс хамаарч байгаа, хүний асуудал шийдэхдээ үндсэн суурь хуульдаа өөрчлөлт оруулж болохгүй юм. Бид заавал хуульд өөрчлөлт оруулж, дараа нь үүсэх сөрөг дагаварыг, гарах алдаанаас сэргийлэх ёстой. Ер нь бол бид хүнээ өөрчлөөд хүнтэйгээ яриад явах боломж бий болсон.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Монголд нэг гай болж байгаа хэдэн хүн бий. Шүүхийг устгах, тагнуулын байгууллагын устгах гээд Монгол л сүйрч байвал болох юм шиг хэсэг бүлэг хүмүүс байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авсан. Засгийн газрын тогтоолоор жишиг тогтоох, гэрээт ажилчдыг цомхотгох шийдвэрийг гаргахад ажилчид Захиргааны шүүхэд хандах боломж бий юу. Хууль зүй, дотоод хэргийн яам жийп авсан, түүнийг нь У.Хүрэлсүх сайд зараарай гэсэн том толгойтой сайд зараагүй л байна. Энэ асуудлаар Захиргааны хуульд гомдол гаргаж болох уу. Засгийн газрын ямар ч тогтоолоор гомдол гаргах эрхгүй байна гэж л би ойлгоод байгаа юм. Монгол Улсын иргэн шударга шүүхээр эрхээ эдэлнэ гэж байдаг. Тэгэхээр шүүх шударга бус байна гэж байхгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

-Таны дурдсан кэйсүүдээр бол Захиргааны шүүхэд хандах боломжгүй. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн ажилчид цомхотголд орвол  шүүхэд хандах эрхгүй болох юм. Тэгэхээр Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй нь Захиргааны шүүхэд харьяалагдахгүй бусад нь шууд харьяалагдана.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг тогтоодоггүй. Засгийн газар яам, тамгын газарт машин авч өгөх тогтол гардаггүй. Сүүлийн үед өөрийнхөө явцуу эрх ашигт зориулан хуулийг худлаа тайлбарлах асуудал газар авч байна. Хөөн хэлэлцэх хугацааг бууруулаагүй, харин ч илүү их уртасгасан.  Үүнийгээ болимоор байна, гишүүд ээ. Хууль уншихгүй, үзэхгүй өөрийн явцуу эрх ашигт нийцсэн байдлаар хуулийг тайлбарлаж болохгүй.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн байнгын хорооны саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олон буюу 65,9 хувийн саналаар хүлээж авахаар боллоо.

Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.

11 : 23
2019-6-7

З.Нарантуяа: Ард нийтийн санал асуулга, зөвлөлдөх санал асуулга хоёр өөр зүйл

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлсэн бөгөөд хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх Дэгийн өөрчлөлтөд бусад асуудал хэлэлцэхгүй. Одоо цаг хугацааны хувьд их давчуу байна. Удахгүй хаврын чуулган завсарлана, ирэх намар төсөв хэлэлцэнэ. Тэгэхээр Үндсэн хууль хэлэлцэх боломж олдох уу” гэсэн асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Шинэ Дэгийн хуульд зайлшгүй тохиолдолд УИХ-ын даргын захирамжаар тодорхой асуудлыг хэлэлцэж болно” гэсэн өөрлөлт оруулж өгсөн гэлээ.

Мөн өнөөдрийн хэлэлцэх асуудлаас Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулжээ. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Үндсэн хууль бол маш чухал хууль. Үндсэн хуульд ямар агуулгатай өөрчлөлт оруулах гэхээс илүү ямар зарчмаар хэлэлцэх вэ гэдэг маш чухал. Үндсэн хууль хэлэлцэх Дэгийн өөрчлөлт бол босгыг илүү намсгаж байгаа учраас дэмжихгүй байгаа. Өмнө нь байнгын хороогоор 76 гишүүнээс 57 гишүүн дэмжиж байж батлах байсан ч одоо өөрчлөлт оруулаад 49 гишүүн дэмжвэл болохоор заалт оруулжээ. Яагаад ийм заалт оруулсан. Мөн ард нийтийн санал асуулгыг авах уу, авбал хэзээ авах вэ. Зөвлөлдөх санал асуулга, ард нийтийн санал асуулга хоёр өөрөө хоёр өөр ойлголт шүү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд нийт гишүүдийн дөрөвний гурав нь оролцож байж хэлэлцэж, дэмжинэ. Энэ нь өөрөө Үндсэн хууль хэлэлцэх журмын тухай хуульд ч ийм байгаа. Харин байнгын хорооны гишүүдийн ирцийг зохицуулаагүй байсан учраас одоогийн оруулж байгаа өөрчлөлтөөр гуравны хоёр гэсэн заалтыг оруулж өгсөн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард түмнээс санал асууж байж хэлэлцэнэ гэсэн заалт байхгүй бөгөөд тодорхой асуудлаар асууж болно гэсэн заалттай. Харин зөвлөлдөх санал асуулгыг өмнө хийж, хэлэлцүүлэг хийгдэж санал авсан байгаа.

Ингээд гишүүд асуулт, тодруулга авсны дараа байнгын хорооны саналаа УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн учраас баталлаа.

Одоо чуулганы хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөлд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

09 : 49
2019-6-7

Чуулган: Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулган өнөөдөр /10.00 цагт/ хуралдахаар товлосон. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлт буюу нөхөн сонгууль товлон зарласан Сонгуулийн хууль Үндсэн хууль болон бусад хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлэлцэх юм. Тус дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм.

Мөн чуулганы  хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Захиргааны ерөнхий хуульд хориг тавих гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлигын хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг хаагдсан юм. Энэ нь өөрөө нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж