3х3 ДАШТ: Монголын сагсчид шилдэг наймд үлдэв

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

3х3 ДАШТ: Монголын сагсчид шилдэг наймд үлдэв

3х3 ДАШТ: Монголын сагсчид шилдэг наймд үлдэв

Монгол Улсад анх удаа болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-ий медальтнууд өнөөдөр/2019.06.07/ тодорно.

Д.Сүхбаатарын талбайд болж буй “FIBA 3×3 U18 World Cup 2019” тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорсон.

Монгол Улсын эрэгтэй баг “С” хэсэгт АНУ-ын багийн араас хоёрдугаар байраар шалгарч цааш өрсөлдөх эрхийг авсан. Манай сагсчид өчигдөр Гүржийг 18-16-аар хожиж, АНУ-ын багт /20:10/ хожигдсон ч гурван хожилтойгоор шилдэг наймд үлдсэн юм. Өмнөх тоглолтод Латвийг 20:16-аар, Беларусыг 21:15-аар хожсон манай хөвгүүд өчигдрийн тоглолтод Гүржийг хожсоноор цааш өрсөлдөх эрхээ авч чадлаа.

“С” хэсгийг АНУ-ын баг дөрвөн хожилтойгоор тэргүүлж, Монгол Улсын баг удаалсан. Манай залуус өнөөдөр “А” хэсгийг тэргүүлсэн Туркийн багтай тоглох бөгөөд энэ тоглолт 13:00 цагаас болох хуваарьтай байна. Харин АНУ-ын баг Италийн багтай таарчээ.

18 хүртэлх насны ДАШТ-ий эрэгтэй багуудаас шөвгийн наймд Турк, Монгол, Аргентин, Укриан, ОХУ, Румын болон АНУ, Италийн багууд үлдээд байна.

Монгол Улсад анх удаа багийн төрлөөр ДАШТ болж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэмцээнд оролцогчдод тусгайлан баяр хүргэлээ.

Зургадугаар сарын 3-ны өдөр болсон нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, баг, тамирчид, зохион байгуулагч нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа спортын өндөр амжилтыг хүссэн.

Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчесийг хүлээн авч уулзаж, олон улсын нэр хүнд бүхийн тэмцээнийг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасанд нь талархал илэрхийлж, Улаанбаатар хотод болох Азийн хүүхдүүд 2020 олон улсын спортын их наадамд хамтран ажиллах, олон улс орны тамирчдыг оролцуулах асуудлаар ярилцаж, санал солилцжээ.

18 хүртэлх насны ДАШТ-д өрсөлдөж буй Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна. Дасгалжуулагчаар С.Тулга тэргүүтэй дасгалжуулагчид ажиллаж байгаа бөгөөд манай залуус ДАШТ-ий “С” хэсэгт гурван хожил, нэг хожигдолтойгоор цааш өрсөлдөх эрхийг авлаа.

Д.Сүхбаатарын талбайд болж буй буй ДАШТ-ий өнөөдрийн тоглолт 13:00 цагаас Монгол, Туркийн багуудаар эхэлнэ.

ШУУД ҮЗЭХ: 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж