МУИС-ийн 200 гаруй оюутан удирдлагууддаа хандлаа

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

МУИС-ийн 200 гаруй оюутан удирдлагууддаа хандлаа

Монгол улсын их сургууль /МУИС/-ийн төгсөх курсийн 200 гаруй оюутан сургуулиа төгсч чадахгүйд хүрчээ. Тэд энэ талаараа өнөөдөр удирдлагууддаа гомдол гаргав.

Шалтгаан нь сургуулийн захиргаанаас тэдэнд нэг, хоёрдугаар дамжаанд сурах үедээ үзсэн илүү хичээлийнхээ төлбөрийг төл, түүний дараа төгсөгчдөд тойрох хуудас зурж, бичиг баримтыг нь хүлээлгэж өгнө гэсэн шаардлага тавьсантай холбоотой гэнэ.

Төгсөгч оюутнуудын зүгээс эл шаадлагыг эсэргүүцэж байгаа бөгөөд “Сургуулийн захиргаа, Төлөөлөн удирдах зөвлөл сургалтын системээ шинэчилж, өөрчилсний улмаас гарсан алдааг бид үүрэх ёсгүй. Тухайн үед сургуулийн боловсруулсан хөтөлбөрийн дагуу хичээлээ судалсан. Сүүлд хийсэн өөрчлөлт нэг, хоёрдугаар дамжаанд байх үеийн хичээлийн цаг болон төлбөрт хамааралгүй” гэсэн тайлбар өгч байгаа юм.

Харин сургуулийн зүгээс “2011-2012 оны сургалтын системийн шинэчлэлтийн үед зарим салбар сургуулиуд сургалтын төлбөрөө хичээлийн жилээр буюу оюутан жилд дунджаар 30 багц судална гэж тооцож авсан. Гэвч гүйцэтгэлийн үзүүлэлтээр зарим оюутнууд 30-аас илүү багц цаг судалсан байсан тул судалсан хичээлийн багц цагийн төлбөрийн зөрүү үүсч байгаа. Тиймээс төлбөрийн зөрүүг оюутнууд барагдуулах ёстой” гэж үзэж байгаа аж.

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж