УРЛАН: Реалист түүчээ Б.Отгонтүвдэн

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

УРЛАН: Реалист түүчээ Б.Отгонтүвдэн

УРЛАН: Реалист түүчээ Б.Отгонтүвдэн

Тэртээ 1994 оноос хойш тасраад байсан Монголын дүрслэх урлагийн боловсон хүчний залгамж халаа, дэлхийд алдартай ОХУ-ын Санкт-Петрбург хотын И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийн шилдэг төгсөгч, авьяаслаг залуу зураач Б.Отгонтүвдэнгийн урлангаар зочиллоо.

Түүний урлан “Вива сити” хотхонд нэр хаяггүй, нууцлагдмал газар байрлах аж. Залуу уран бүтээлч урландаа Оросын FM, радио сонсож угтав. Орос улсад боловсрол эзэмшсэн түүнд орос дуу, хуур ойр байдаг болов уу гэх сэтгэгдлийг төрүүлж байв. Үүдээр ормогц том хэмжээтэй уран зургууд угтсан нь нэг л сүрдмээр санагдсанаа нуух юун. Ингээд түүний гуаш, будгийн үнэр ханхалсан, уран бүтээлийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.

АЙЛЫН ОТГОН Б.ОТГОНТҮВДЭН

Тэрбээр Монголдоо ирээд гурван жил болж буй. Эх орондоо ирмэгцээ өөрийн урлангаа байгуулахаар ажиллаж эхэлжээ. Зураач Б.Отгонтүвдэн урлангийнхаа интерьер дизайныг гаргаж, төрсөн ах нар нь өөрсдийн гараар тохижуулж өгснөөр тав тухтай орчинг бүрдүүлж чадсан байна.

Зураач Б.Отгонтүвдэнгийн хувьд эцэг, эхээс долуулаа. Дээрээ дөрвөн ах, хоёр эгчтэй, айлын отгон хүү. Тэр ч утгаараа ах, эгч нь хайр, халамжаар огт дутаагаагүй гэдгээ хэлж байсан юм. Тэрбээр “Ер нь манайхан гарын ур дүйтэй хүмүүс бий. Аав маань хуучин Модон завод, мебель кардоны үйлдвэрийн даргаар ажиллаж байсан. Ээж маань Ахуй үйлчилгээний ордонд мастер оёдолчноор ажилладаг байсан юм. Намайг зураач болоход аав минь ихээр нөлөөлсөн. Би багаасаа л зураг зурах дуртай, зураач болох хүсэлтэй хүүхэд байлаа. Айлын отгон хүү болоод ч тэр үү, намайг өдий зэрэгтэй явахад гэр бүлийнхэн маань маш их тусалж, дэмжсэн. Миний хувьд ах, эгч нартаа маш их баярлаж явдаг” тухайгаа ярьсан юм.

СУРГУУЛИАСАА ДИПЛОМЫН АЖЛАА 20 МЯНГАН АМ.ДОЛЛАРААР ХУДАЛДАН АВЧЭЭ

Түүний урлан дахь хамгийн эрхэм бүтээлийн нэг бол “Тулам булаалдаан”. Уг бүтээлээр залуу уран бүтээлч 2012 онд дипломын ажлаа хамгаалж байжээ. Тухайн үед яг энэ сэдвээр гурван өөр бүтээл хийсэн байна. Гурван зургийн хоёрыг нь өөртөө авч, нэгийг нь сургуулийнхаа шилдэг диплом авч, И.Е.Репиний академийн алтан фондод хадгалуулдаг гэнэ. Тэрбээр бүтээлээ танилцуулж байхдаа нэгэн нууцыг задалсан юм. Юу гэвэл, академидаа үлдээсэн бүтээлээ Монголдоо буцаагаад аваад иржээ. Учрыг лавлахад өөрийнхөө бүтээлийг сургуулийн удирдлагуудтайгаа ярилцаж байгаад үнэлүүлж, 20 мянган ам.доллараар буцаан худалдан авчээ. Одоо эргээд бодохоор “Сургуульдаа бүтээлээ үлдээдэг байж уу” гэх бодол төрдөг гэдгээ ч нуусангүй.

Түүхэн реалист чиглэлийн уран зургууд хэмжээ нь том байх тусмаа хүмүүст хүрч, үнэ цэнэ нь оршдог. Түүний урлангийн ханыг чимсэн бас нэгэн бүтээл бол “Найман шарга”. Энэ бүтээл нь түүний 2016 онд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн “Монголын түүхийн хөлгөн судар” хэмээх үзэсгэлэнгийн 30 бүтээлийн нэг. Нийт зургаан метрийн урттай, өндөр нь хоёр метртэй “Найман шарга” хамгийн том хэмжээний бүтээл гэдгийг онцлон хэллээ.

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ УРАН ЗУРГААР ӨГҮҮЛЭХ МУЗЕЙ БАЙГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ

Зураач Б.Отгонтүвдэн “Түүхэн сэдвээр зурахад цаг хугацаа, судалгаа их шаарддаг. Гэхдээ би хэзээ ч түүхэн сэдвээ хаяхгүй. Социализмын нийгэмд Монголд олон сайхан, мундаг зураач байсан ч тэдний бүтээл хяналттай, сэдвийн хувьд баригдмал байсан. Монгол Улсын хувьд маш агуу эртний түүхтэй ард түмэн. Тиймээс би хоёр жилийн өмнөөс уран зургаар түүх өгүүлсэн музей байгуулах ажлын эхлэлийг тавихаар зорьж, ажиллаж байна. Энэ ажлынхаа хүрээнд реалист зураачдын “Монгол өв” холбоог уран бүтээлчидтэйгээ хамтран байгуулсан. Удахгүй анхны танилцуулгаа олон нийтэд хүргэж эхэлнэ. Одоогоор 10 орчим зураач нэгдэн, өөрсдийн 1-2 түүхэн сэдэвтэй бүтээл дээр ажиллаж байна” гэв.

Түүний хувьд эхний түүхэн сэдэвтэй уран бүтээлээ дуусгасан бөгөөд хоёр дахь бүтээлийнхээ ажилд ороод байхдаа таарав. Урлангийн гол хэсэгт байрлах өнгө будаг үнэртсэн шинэхэн бүтээлд Ромын Пап ламд Монголын тал нутгийн баатар эр элчээр ирж буйг дүрсэлжээ. Харин дараагийн “Чингис хааны хадны бичээс” хэмээх дэлгэмэл уран зургийг хараахан зурж дуусаагүй байлаа. Мөн энэ ондоо ОХУ-ын Санкт-Петрбург хот дахь орчин үеийн урлагийн томоохон, нэр хүндтэй “Ар арт” галерейд өөрийн үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөөд байгаагаа ч дуулгасан юм.

ЗУРААЧ ХҮН "ИЗМ" РҮҮ ОРОХЫН ӨМНӨ СУУРЬ УРАН ЗУРГАА ЭЗЭМШИХ ЁСТОЙ

Тэрбээр “Зураач хүн ямар нэгэн "изм" рүү орохын өмнө суурь уран зургаар зурж сурах ёстой. Мэдээж хэрэг орчин үеийн урлагийн урсгал, чиглэл байх ёстой юу ёстой. Гэхдээ түүхэн, реалист чиглэл зайлшгүй байх ёстой. Харамсалтай нь Монголд энэ чиглэлийн уран бүтээлчид цөөрч байна. Цаашдаа улсаас бодлоготойгоор анхаарч, боловсон хүчинг бэлтгэхгүй бол тасрах магадлалтай болсон” тухай ярилаа.

Уран бүтээлч хүнийхээ хувьд энэ эмзэглэлийг өөрийн тавдугаар сард гаргасан “Easel art by Otgontuvden”үзэсгэлэнгээрээ дамжуулан дугарчээ. Энэ тухайгаа ярихдаа “Өнгөрсөн сард дэлгэсэн үзэсгэлэнгээрээ шинэчлэл хийж, өөр Отгонтүвдэнг харуулахыг хүссэн. Авга ахынхаа дүрээр дамжуулан орчин үеийн урлагийг харуулахыг зорьсон. Сүүлийн үед залуус маань хар зургийг орхигдуулах болжээ. Уран бүтээлч хүн эхлээд суурь мэдлэгээ сайн эзэмших ёстой. Тэрийг суралцаж, эзэмшсэний дараагаар янз бүрийн урсгал руу ороход амар байдаг. Тиймээс залуусаа суралцаасай гэдэг үүднээс үзэсгэлэнгийн гадна танхимд өөрийн хийж байсан ажлуудаа дэлгэн тавьсан. Мөн авга ах буюу өвөөгийнхөө дүрээр дамжуулан энэ нийгэмд ахмад настай буурлуудынхаа үгийг сонсохоо больж, үл тоодог болсон тухай хэлэхийг хүссэн” гэдгийг хэлж байв.

ЗАРИМДАА БҮТЭЭЛЭЭ ЭХЛЭХ ЭСВЭЛ ТӨГСӨХ МӨЧ ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ

Зураач Б.Отгонтүвдэн хамгийн сүүлд өвөөгийнхөө дурсгалд зориулсан захиалгын уран бүтээл дээр ажиллажээ. Тэрбээр захиалгын зураг зурах таатай байдаггүй ч цөөн тооны хүсэлт хүлээн авч, бүтээл болгох тал дээр анхаардаг байна.

“Захиалгаар зураг зурахдаа үйл явдалтай, арын фонын өөрчилж, илүү бүтээл болгохыг хичээдэг. Зураач хүн өөрөө эрэл хайгуул хийж бүтээлээ туурвиад, хүмүүсийн хүртээл болгох нь юугаар ч үнэлэмгүй таашаал байдаг шүү дээ. Хүмүүс ихэнхдээ надаар хөрөг зуруулах сонирхолтой байдаг. Миний хувьд цөөн тооны захиалга авч, ажилладаг юм. Хөрөг зураг зурахад хамгийн гол нь хүний нүүр хэсэг. Хүний нүүрний хэсгийг бүдэг гаргаад, хувцасны нугалааг нарийн зурвал хөрөг зургийн гол утга нь алдагдана” хэмээн тэрбээр өгүүлэв. Заримдаа түүний хувьд бүтээлээ эхлэх эсвэл төгсөх мөч хамгийн аз жаргалтай байдаг аж. Өөр юунд ч биш ганцхан уран бүтээлдээ орж, амьдрах нь уран бүтээлч хүний жинхэнэ жаргал буй за.

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж