Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанарын "Хэмнэл"

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанарын "Хэмнэл"

Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанарын "Хэмнэл"

Эх орны минь атга шороо, алга дарам газар ч өвөг дээдсийн цусаар бүтсэнийг Зураач Т.Нурмаажав   “Хайрхан уул”  хэмээх монгол зурагтаа өгүүлжээ. Үзгээр биш бийрээр өнгө будаг хослуулан өвөг дээдсийн  сүнс, шүншиг шингэсэн өргөн уудам газар нутгийн үнэ цэнийг энгийн атлаа гүн утга агуулга бүхий дүрсэлсэн байх аж.

Тал нутагт гэрийнхээ гадна алсыг харуулдаж буй монгол эмэгтэй байх ба түүний эргэн тойронд нь үл анзаарагдам сүйх тэрэгтэй хатан, дайтаж буй монгол эрс байх нь энэхүү бүтээлийн гол утга нь оршино. Бүдэгхэн дүрслэгдсэн тэдгээр монгол эрс, монгол хатад бол буурал түүхийг сануулах бидний өвөг дээдэс, их түүхийн эзэд юм. Харин алсыг харуулдах мэт монгол эмэгтэй нүдэнд тодхон тусч буй нь одоо үе ба үр хойч нь болсон биднийг илэрхийлжээ. Энэ бол зураач Т.Нурмаажавын хайртай бүтээлийн нэг нь юм. Түүний “Огторгуйн чимээ”, “Гуравдугаар сарын салхи”, “Тавдугаар сарын бороо”, “Үнэр” зэрэг 20 гаруй шинэхэн бүтээлээс бүрдсэн “Хэмнэл” нэртэй үзэсгэлэн өчигдөр /2019.06.06/  нээлтээ хийсэн билээ.  Үзэсгэлэнгээс түүний уран зургийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог орон зай бий болгосныг  харж болно. Мөн бүтээлүүдэд нь эртний домог болон болон орчин үеийн бодит байдал хосолжээ.

МОНГОЛ ЗУРАГ БОЛ МОНГОЛЫН ДАРХЛАА 

Зураач Т.НУРМААЖАВ

“Өөрийн үзэл бодол, урлагийг харах өнцгөө уран бүтээлээрээ илэрхийлж байдагтаа би баяртай байдаг. Тасралтгүй урсах цаг хугацааны аясаар хувьсах нүүдэлчдийн түүх, эрин цагийн хөгжлийн явцад энэхүү соёлын ай савд багтах хэн бүхэн эртнээс өдгөөг хүртэл улбаалан хадгалж ирсэн уламжлал, хэл заншил, сүнслэг сэтгэлгээнийхээ үрээр дэлхийд Монгол хэмээх өвөрмөц нэгэн түүхийг бүтээн бичилцэж байна. Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанар бидний зүрх сэтгэлд хэзээд сэрүүн орших өвөг дээдсийн адилаар тийнхүү үргэлжилсээр Монгол хэмээх энэхүү гайхамшигт нэрийг өндөрт өргөж, нандигнан хайрлах ёстой хүмүүс бол бид өөрсдөө. Монгол зураг бол Монголын дархлаа. Уран бүтээлчийн нүдээр харсан амьдралын хар цагаан, олон өнгөтэй мэдрэмжүүдээ бүтээлээрээ толилуулж байна” гэлээ.

Зураач Т.Нурмаажав бол Монгол зургийн аргыг орчин үеийнхтэй хослуулдаг. Гэхдээ хослуулна гээд зурсан зургаа этгээд болгохыг хүсдэггүй нэгэн. Харин зураг бүхэндээ дурлаж, түүний төлөө шатаж, чин сэтгэлээ зориулахыг эрмэлздэг. Өнгөний хувьд ч нэг өнгийг биш сонин, содон өнгө бүрийн хослолоор зурахыг хүсдэг ажээ. Түүний зургаа дахь бие даасан “Хэмнэл” үзэсгэлэн ХААН галерейд энэ сарын 27-н хүртэл үзэгчдийн хүртээл болох аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж