Ө.Мөнхжин: Спортын гимнастик балетчин болох зам заасан

Хуучирсан мэдээ: 2019.06.07-нд нийтлэгдсэн

Ө.Мөнхжин: Спортын гимнастик балетчин болох зам заасан

Ө.Мөнхжин: Спортын гимнастик балетчин болох зам заасан

Дэлхийн сонгодог бүтээлүүдийн нэг П.И Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжиг Улсын дуурь бүжгийн эрдмийн театр/УДБЭТ/-ын тайзнаа зургадугаар сарын 9-нд тоглогдох нь ээ. Энэ удаагийн “Хунт нуур”-аас шинэ ханхүү мэндэлнэ. Ханхүү Зигфридийн дүрийг бүтээх УДБЭТ-ын  залуу гоцлооч балетчин Ө.Мөнхжинтэй цөөн хором ярилцсанаа хүргэе. Тэрбээр 2017 онд Бээжин хотод болсон олон улсын “IBCC” тэмцээнээс хосын төрөлд тусгай байр,  2019 онд ОХУ-д болсон Орос, Япон, Евро Азийн балетын урлагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ.


-Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна. Шинэ балетчинд гол дүр бүтээнэ гэдэг том боломж ч нөгөө талдаа хариуцлага?

-Өмнө нь “Хунт нуур” бүжгэн жүжиг тоглогдоход ханхүүгийн дүрийг бүтээхийг маш их хүсдэг байлаа. Уг бүжгэн жүжиг театрын маань тайзнаа сар бүр тоглогддог ч миний хувьд туслах дүр бүтээснээр эхний мөрөө гаргасан юм. Найруулагч маань боломж олгож гол дүр хуваарилсан болохоор тултал бүтээхийг л зорьж ажиллаж байна. Тоглолтын бэлтгэл хийж эхэлснээс хойш сар орчмын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тулгарсан бэрхшээл  хамтрагчтайгаа сайн гар нийлж өгөхгүй байлаа. Ханхүүгийн дүрийг бүтээхэд характерыг нь гаргах ч бас амаргүй байсан. Бэлтгэлээ сайн хийсний хүчинд дүрдээ бүрэн орсон.

-Өмнө нь бүтээсэн дүрүүдээсээ хуваалцвал?

-“Щелкунчик” балетын Принцын дүр,  “Хунт нуур”-ын Па-Де-Труа, “Амттаны доктор” шинэ балетын Шоргоолжны хаан зэрэг дүрийг бүтээсэн.

-Оюутан байхдаа олон улсын тэмцээнд оролцож, амжилт үзүүлж байсан гэдэг. Аль сургуульд суралцаж, төгссөн бэ. Амжилт хувь хүнээс ихээхэн хамааралтай ч мэргэжил олгосон сургууль, багш их үүрэгтэй?

-Тийм ээ. Би их азтай, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины тэтгэлгээр Пермь хотын Бүжгийн урлагийн сургуульд суралцах завшаан олдсон юм. Монголоос бид 12-уулаа суралцаж байлаа. Социализмын үед Монголоос маш олон оюутан манай сургуульд суралцаж, төгсдөг байсан юм билээ.

Бид найман жил суралцсан. Эхний гурван жилд Монгол оюутнуудтайгаа гол төлөв байсан болохоор хэл сайн сураагүй, бэрхшээл их учирна. Дөрөв дэх жилээс нь оросуудтай харилцаж эхэлснээр хэлийг нь сурсан.

-Багаасаа л балетыг сонирхож хичээллэж байсан гэж ойлгож болох уу?

-Уг нь би найман настайдаа спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн байдаг юм. Хоёр жил тууштай ч явсан. Харин нэг өдөр ээж маань хоёулаа хамт яваад нэг шалгалт өгчихөөд ирье гэсэн. Хөгжим бүжгийн коллеж дээр ирж, шалгалт өгөв. Тэгтэл шалгалтад тэнцэж, тэгээд л шууд нэг өдөр балет руу орж, Орост очиж суралцахаар болсон доо.

-Спортын гимнастикаар хичээллэдэг байсан нь хэр баргийн хүний зориглож ордоггүй мэргэжил сонгоход нөлөөлжээ. Энэ спорт балетаар суралцахад нь ямар нэгэн давуу тал болж байв уу?

-Тийм шүү. Хүнд, хүнд элементүүдийг хийхэд илүү тулгуур болж, их тусалдаг байсан. Хүнд сурсан зүйл илүүддэггүй гэж тэр болов уу.

-Эрэгтэй балетчин гэхээр хүмүүс хэрхэн хүлээн авдаг вэ?

-Ихэнх хүмүүс инээгээд л, шоолонгуй л хандах нь бий. Гэхдээ бүжиглэхийг маань харсны дараа “Хөөх ёстой гоё байлаа” гэх зэргээр их нааштай хүлээж авдаг.

-Балетаас өөр сонирхдог зүйл юу вэ?

-Спортод их дуртай шүү.  Хөл бөмбөг, гимнастик бас усанд сэлэх дуртай. Амралтаараа хааяа төв бассейнд очиж сэлнэ. Бас зааланд бэлтгэл хийх дуртай.

 Б.НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж