Таканоханагийн эгэл бус түүх

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Таканоханагийн эгэл бус түүх

takano24

Мэргэжлийн сумогийн 65 дахь ёкозүна Таканохана Кожиг сумо сонирхогч монголчууд маань андахгүй. Япончуудын жинхэнэ шүтээн болсон ёкозүна Таканохана Японы Эзэн хааны цомыг 22 удаа хүртсэн бөгөөд сумогийн сонгодог арга барилаар барилддагаараа бөх сонирхогчдод ихэд хүндлэгдсээр ирсэн алдарт бөх юм. Түүний намтраас зарим сонирхолтой хэсгийг цухас дурьдая.

takano11

Аав, ээж ахынхаа хамт

Таканохана сумоч болохгүй байхын аргагүй айлд төрж өссөн юм. Тэднийх удмаараа үе дамжсан сумогийн алдарт бөхчүүд. Өвөө нь цагтаа ёкозүна цолтой сумоч явсан бол төрсөн эцэг нь ч озэки цолд хүрсэн шалмаг барилдаантай бөх байлаа. Мөн төрсөн ах Ваканохана ёкозүна цол хүртсэн билээ.

takano09

Ах дүү Вакаханада, Такаханада 

Таканохана сүмод эхлээд Такаханада нэртэйгээр барилдаж байлаа. Сонирхолтой нь түүнийг анх сүмод хөл тавьсан өдөр төрсөн ах Вакаханадагаас нь гадна хожмоо мөнхийн өрсөлдөгч болж, ёкозүна цолд хүрсэн Хавайн арлын Акэбоно мөн озэки Кайо сүмод орж байсан гэдэг.

takano22

Таканохана 20 хүрээгүй байхдаа буюу 19 настайдаа маэгаширагийн 2 дээрээс босч барилдахдаа 14 даваа 1 унаатайгаар түрүүлжээ. Гэтэл Японд 21 хүртэлх насныханд согтууруулах ундааны төрлийн зүйл хориглодог тул аваргын цомд нь уламжлал ёсоор сакэ биш цай хийж өгөхөөс аргагүйд хүрсэн байдаг.

takano15

Таканохана нийтдээ 22 удаа түрүүлсэн юм. Жил гаруйн хугацаанд хөлний хүнд бэртлийн улмаас барилдах боломжгүй байсан Таканохана 2003 оны нэгдүгээр сарын башёд барилдаад зодог тайлсан.

takano06

Рэя Миязавагийн хамт

Таканоханаг ид гарч ирж байх үед тухай үеийн Японы алдарт жүжигчин Рэя Миязаватай сүй тавьж, бөөн дуулиан тарьж байжээ. Японы хамгийн үзэсгэлэнтэй бас хамгийн дуулиантай жүжигчин гэгдсэн Рэя Миязаватай сүй тавьснаар Японы хамгийн зартай хос болоод амжсан ч удалгүй энэ сүйг цуцалсан байна. Цуцалсан тал нь Таканоханагийн гэр бүлийнхэн буюу эцэг нь байж.

takano25

Рэя Миязава

1992 онд сүй тавьж байх үедээ Таканохана комүсүби, сэкиваке цолтой, сумогийн ирээдүйн ёкозүна гэж их найдвар хүлээсэн залуу байж. Тиймээс ч Рэя Миязаваг жүжигчний замналаасаа татгалзаж, сумогийн дэвжээ, уламжлалыг зүй ёсных нь дагуу хүндэлж, гэргийн үүргээ л биелүүлэхийг шаардахад татгалзсан гэж хэвлэлээр бичиж, улмаар тэдний сүй цуцлагдсаныг зарлаж байжээ.

takano16

Ийнхүү нэрд гарч буй залуу царайлаг сумоч үзэсгэлэнт жүжигчин бүсгүйтэй гэрлэх гэсэн дурлал тэмүүлэл бүтэлгүйтжээ. Таканохана сүй тавьж, дараа нь түүнийгээ цуцалсан нь сумо бөхийн нэр төрийг унагаасан явдал хэмээн Сүмогийн холбооноос буруутгаж байсан гэдэг.

takano19

Хожмоо Таканохана өөрөөсөө 8 эгч, телевизийн хөтлөгч эмэгтэй Кейко Конотой гэрлэж, нэг хүү, хоёр охинтой болжээ.

takano01

Таканоханагийн олныг гайхшруулдаг олон зүйлийн нэг нь зодог тайлснаасаа хойш ердөө хоёр жилийн хугацаанд 160 кг жингээ 90 кг хүртэл буулгаж, турж чадсан явдал. 2009 онд Таканохана өөрийн турах тусгай дэглэмийнхээ тухай номыг олны хүртээл болгож байлаа. Одоо Таканоханагийн жин 80 кг орчим байдаг аж.

takano05

Таканохана 22 түрүүлж, сүмогийн түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан тул түүнд өөрийнхөө нэрээр дэвжээ нээхийг зөвшөөрсөн. Ингээд Таканохана нэрээрээ дэвжээ нээн ажиллуулснаас түүний анх дээд зиндаанд дэвшин гаргаж чадсан шавь  нь манай Таканоива Адьяагийн Баасандорж билээ.

 takano13

Таканоива А.Баасандоржийн хамт

Таканоханаг юм бүхэнд өөрийн гэсэн үзэл бодлоор ханддаг, маш амбицтай хүн гэдэг юм билээ. Хэдийгээр одоо сүмоч гэж хэлэхийн аргагүй болтлоо турсан ч гэсэн Таканохана сүмогийн ертөнцөд өөрийн байр сууриа уламж батжуулсаар, Сумогийн холбооны ерөнхийлөгч болохоор барьцаа улам ахиулсаар байгаа гэдэг.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж