АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хэлэлцээр хийж чадна хэмээн найдаж байгаа ч шаардлагатай бол дахин 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна хэмээн Хятад улсыг сүрдүүлжээ.
Тэрбээр өнөөдөр /2019.06.06/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “АНУ болон Хятадын хооронд болж буй худалдааны хэлэлцээний үеэр маш олон сонирхолтой үйл явдлууд болж өнгөрч байна. Цаашид юу болохыг харж л байя. Ямартай ч шаардлага гарвал дахин БНХАУ-ын 300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна” хэмээн хэлсэн байна.
Дэлхийн тэргүүлэх хоёр гүрний хооронд болж буй худалдааны дайн одоогоос нэг жил орчмын өмнө эхэлсэн. Хоёр гүрэн харилцан бараа бүтээгдэхүүндээ өндөр татвар ногдуулж, худалдааны дайныг төгсгөхийн тулд удаа дараа яриа хэлэлцээ хийсээр байгаа ч төдийлөн амжилт олохгүй байгаа билээ.
Эх сурвалж: RT