Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны дунд сарын шинийн 03-ны Хотол чуулган барилдлагатай Хөх нохой энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой Агуйт ууланд боллоо.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн оролцож, Агуйт уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөснөөр Их хар сүлдийг төрийн цэргийн дүрмийн дагуу Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.
Бүх цэргийн Их хар сүлдэнд өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавих зэрэг ёслол болов.
Өчил дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө. Төрийн хонжины командаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат цэргийн тангараг уншиж, оролцогчид давтан хэлэв.
Дараа нь Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар Бүх цэргийн Их хар сүлдэнд сөгдөн адис авав. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдэж Их хар сүлдийг цэнгүүлэн тайх тайлгын ёслол өндөрлөв.
“Бүх цэргийн Их хар сүлдийг туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж үздэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж бий.
Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг бол цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм.
Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлдэж байна. Энэхүү уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг юм. Ард нь Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Тулуйн төрсөн газар бий гэдэг. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.
Эх сурвалж: PRESIDENT.MN