Докторын зэрэг горилохоор судалгааны ажил хийжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Докторын зэрэг горилохоор судалгааны ажил хийжээ

Өмнөговь аймгийн цэцэрлэгийн багш докторын зэрэг горилохоор судалгааны ажил хийжээ

Өмнөговь аймгийн 24-р цэцэрлэгийн багш Ц.Үүрцайхтай ярилцлаа. Тэрбээр хүүхдийг ажиглангаа тэмдэглэл хөтөлж хүүхэд нэг бүрт тохирсон сургалт явуулах арга зүйг боловсруулжээ. Түүний судалгааны ажлыг салбарынх нь сайд докторын хэмжээний бүтээл болсон гэж үнэлсэн байна.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ, хүүхэд бүрт тохирсон сургалт явуулах тухай  ярьдаг болжээ.  Энэ талаар судалгаа хийсэн хүний хувьд  танаас асуухад үнэхээр хүүхэд бүрийг хөгжүүлэх боломж байна уу?

-“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийг хөгжүүлье гэдэг зорилгыг БСШУЯ-аас тавьж ажиллаж байгаа. Энэ бол маш зөв бодлого. Үнэхээр  хүүхэд бүрийн зан, сонирхол, өсөж төрсөн орчин өөр өөр, хоорондоо ижил хүүхэд гэж байхгүй. Тиймээс хүүхэд бүрт тохирсон сургалтын аргыг   эзэмших нь багшийн үүрэг юм.  

1998 онд “Алхам алхамаар” гэдэг хөтөлбөр хэрэгжиж  гадаадын болон үндэсний сургах багш нар бидэнд сургалт явуулж байлаа.  Тэр үеэс л би хүүхэд нэг бүрийн хөгжлийг ажиглан тэмдэглэх аргыг  сурч авсан. Тэрнээс хойш манай багш нар хүүхэд бүрийн хөгжлийг тал бүрээс нь харж  хэл яриа, дүрслэх ой тогтоолт, зан чанар харьцаа нь ямар байна, амьдрах орчин нь ямар байна гэдэг судалгаа хийж эхэлсэн.  Судалгаа хийх явцдаа алдаагаа засч залруулж явсаар аяндаа арга барилаа олоод авсан.

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж бий. Үүнд эцэг эхийн оролцоо маш чухал.  Өнгөрсөн 4-р сард БСШУ-ны сайд Л.Гантөмөр манай аймагт ажлын айлчлал хийх үеэрээ манай цэцэрлэгээр орж танилцсан юм. Тэр үеэр  хүүхэд нэг бүрийн хөгжлийг ажиглан тэмдэглэж хүүхдээ хөгжүүлдэг байдлыг минь үнэлж надад баяр хүргэсэн.

Тэгээд  хотод очиж өөрийнхөө арга барилыг илүү сайн танилцуулж бусдадаа энэ арга барилаа түгээгээрээ гэж урьсан. Урилгын дагуу ирж сайдтай уулзаад судалгааны ажлаа танилцуулчихаад явж байна. Сайд миний судалгааны ажлыг “Докторын хэмжээний бүтээл хийсэн байна. Цаашаа дэлгэрүүлэхээр юм байна” гэж үнэлсэн.   

-Та одоо бакалавр уу?
-Үгүй ээ, би 1992 онд цэцэрлэгийн багш мэргэжлээр төгссөн. Тэр үед Сургуулийн өмнөх боловсролын сургууль дипломын боловсрол олгодог байсан. Одоо  сургуульдаа дахин мэргэжил дээшлүүлж бакалавраар суралцаж байна.

-Таны арга барил яг юу байв. Судалгааныхаа талаар яриач?
-Би тасралтгүй 14 жил энэ судалгааг хийсэн. Ерөөсөө хүүхдийг ажиглаад тэмдэглэл хөтлөх явцдаа хөгжиж байгааг олж харсан  нь арга зүй. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхдээ судалгаа тал дээр  нэлээд  анхаарч ажиллаж байгаа. Хүүхдээ судлаад ямар онцлог гарч ирэв. Тэр онцлог дээр тулгуурлаад  цаашид хүүхэдтэй яаж ажиллах вэ гэдэг аргачлал гаргаж  үйл ажиллагаандаа тусгаад эцэг эхэд нь зөвлөгөө өгч хамтарч  ажилладаг.

 Манай анги 43 хүүхэдтэй. Намар хүүхдүүдээ орж ирэхэд нь чиглэл чиглэлээр нь ажиглаад тухайн  хүүхэд  юу ярив, түүн дээр дүгнэлтээ гаргаж ажилладаг. Хэнийнх нь ярих чадвар дээр, хэнийх нь үйл хөдлөл дээр яаж  анхаарах  вэ гэдгээ төлөвлөөд олон давталттай сургаад явдаг. Явцынх нь дунд ажиглаад тэмдэглэл хөтлөөд л явна. Хавар цэцэрлэг  тарах үеэр   дахиад нэгдсэн дүгнэлтээ гаргадаг. Хүүхэд бүртээ ажиглалтын дэвтэртэй, анх орж ирнээс төгсөхдөө хэрхэн яаж хөгжснийг эцэг, эхчүүдэд танилцуулахад тэд дуртай байдаг. 

-Та энэ арга барилаар ажиллаад нэлээд удаж байгаа юм байна. Энэ маягаар өссөн хүүхэд өмнөх сургалтаар явсан хүүхдийн ялгааг олж харсан л байх байна?
-Би 2004 онд  хүүхдүүдээсээ “Ирээдүйдээ ямар мэргэжилтэй хүн болох вэ” гэж судалгаа авч байсан юм. Тэгээд  10 жилийн дараа судалгааны ажлаа дүгнэх гэж   2014 онд нөгөө хүүхдүүдээ 10 дугаар анги төгсөхөд нь  уулзсан.  42 хүүхэд судалгаанд орсон 10 жилийн дараа уулзаж саналыг нь сонсоход  бараг 70 хувь нь тухайн үед сонгосон мэргэжлээрээ их сургуулийн хуваарь авсан байсан.  

Тэр судалгаа ямар учиртай байсан гэхээр хүүхдүүдийн  удирдан зохион байгуулах авьяастай, техник сэтгэлгээтэй гэх мэт хувь хүний шинжийг тодорхойлж ирээдүйд тэр чиглэлийн тийм   мэргэжлийн хүн болох магадлалтай гэсэн таамаг  дэвшүүлсэн. Эргээд 10  жилийн дараа уулзсан хүүхдүүдийн  мэргэжлээ сонгосон байдал, тэр үед хэлж байсан шинж яг таарч байсан.

Тэгэхээр хүүхдийг багаас нь ажиглаж дуртай зүйл рүү нь хандуулаад явах юм бол авьяас сонирхлыг нь эрт нээхийн зэрэгцээ ирээдүйн мэргэжлийг зөв сонгож сайхан амьдрахад нь тусалж чадах юм гэдэгт  л миний судалгааны ач холбогдол оршиж байгаа юм болов уу.

-Шинэ арга зүйгээр ажиллахад сургалтын орчин яаж өөрчлөгдөж байгаа вэ?
-Манай цэцэрлэг хүүхэд бүхэн нас насандаа хөгжих боломжтой сургалтын орчин бүрдүүлж чадснаараа онцлогтой. Манай бүх бүлэг сургалтын төвүүдтэй. Тоглоомын сургалтын төв, номын сургалтын төв гээд олон төвөөс хүүхдүүд сонголтоо хийгээд тоглодог. Өөрийнхөө сонирхлоор тоглодог.  Ингэж сонирхлоороо тоглож өссөн хүүхдийн давуу талыг би дээр дурдсан.

Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлээд байгаа  хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого, миний боловсруулсан хүүхдийг ажиглах явцад нь хөгжүүлье  гэдэг арга зүй нь хэрэгжих боломжтой.  Бид хүүхэд нэг бүрийг ажиглаад тохирох арга зүйгээр хүүхдийг хөгжүүлж  болдог юм гэдгийг харсан. Одоо л нэг зөв гарц шийдэл рүү орж байна гэж үзэж байгаа.  Энэ арга зүйгээр ажиллахад юуны түрүүнд багшийн сэтгэл зүй өөрчлөгдөх хэрэгтэй.   

-Эцэг эхийн оролцоог та нэлээд тодотголоо. Эцэг эхийн хандлагыг хэрхэн өөрчлөх вэ?
-Манай цэцэрлэгийн эрхлэгч  намар бүх хүүхэд шинээр ирэнгүүт  аав, ээжид нь бүтэн 8 хоногийн сургалтыг   явуулдаг. “Ээж аав анхдагч багш” сэдэвтэй энэ сургалтад сууж, үгээрээ биш үйлдлээрээ багш юм шүү гэдгээ ухамсарласан эцэг, эхчүүдийн хандлага, харилцаа  шууд өөрчлөгддөг. Өөрөө суугаад зогсохгүй, эмээ өвөө, ах, эгч нарыг нь сургалтад суулгая гэсэн хүсэлт ирдэг. эрхлэгч явуулдаг. Үүгээрээ манай цэцэрлэг давуу талтай.

Эх сурвалж: www.meds.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж