Нийслэлийн хэмжээнд 150 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хэмжээнд 150 хүүхэд хөдөлмөр эрхэлдэг

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийнхөн хүнд хөдөлмөрт нухлуулж байгаа хүүхдүүдийн судалгааг бодитой гаргаж, тэдний асран хамгаалагчийг Хөдөлмөрийн хэлтсийн хяналтанд авч, тохирох хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, үйлчилгээнд хамруулах зорилготой цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Цуврал арга хэмжээний нэг “Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөг өнөөдөр боллоо.

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж дээр дооргүй ярьдаг ч нийслэлийн зах, худалдааны төвүүд, машин угаалгын газрууд, бараа бүтээгдэхүүн ил задгай зарах цэгүүд, төвлөрсөн хогийн цэгүүдэд хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн тоо буурахгүй байгаа аж. Дээрх төвийнхөн хоёр сарын хугацаанд нийслэлийн зургаан дүүрэг дэх томоохон худалдааны төв, зах, хог хаягдлын цэгүүдэд тандан судалгаа хийжээ. Уг судалгаагаар нийтдээ 150 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоож, тэднээс энэ өдөр 30-ийг нь урьж “Хүүхэд бол бидний ирээдүй” өдөрлөгт оролцуулсан юм. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ирээдүйд нь тус болох хэрэгтэй олон мэдээллийг өгч хамтдаа нэг өдрийг өнгөрөөлөө. Мөн Лааны тосон музей, Үндэсний түүхийн музей, Богд хааны музей үзүүлж, Хүүхэд, залуучуудын үндэсний соёл амралтын хүрээлэнд зочлуулж, зарим нэг үйлдвэр аж ахуйн газартай танилцуулахын зэрэгцээ амттай хоолоор дайлж, хувцас, хичээлийн хэрэглэл гээд хэрэгтэй зүйлийг нь бэлэг болгон өгсөнд хүүхдүүд тун ч баяртай байлаа.

Энэ үеэр Г.Зөнбилэг, С.Отгонбаяр нартай ярилцсан юм. Тэд машины үнэртүүлэгч зарж, эмээдээ нэмэр болдог гэнэ.

-Миний дүү сургуульд сурдаг уу?

-Сурдаг. Дөрөвдүгээр анги.

-Онц сурч байгаа юу?

-Нэгдүгээр ангидаа бараг л 100 авч байсан. Одоо харин жаахан муудсан.

-Чи ямар ажил хийдэг юм бэ?

-Машины үнэртүүлэгч зардаг.

-Тэр хэцүү ажил биш үү?

-Эхлээд хэцүү, айдаг байсан. Одоо бол сурчихсан.

-Чи хэнтэй амьдардаг бэ?

-Эмээтэйгээ. Ээж, аав хоёр салчихсан болохоор хамт байдаггүй юм.

-Төвийн ах, эгч нарын өгсөн бэлэг таалагдсан уу?

-Таалагдсан. Даанч надад өгсөн хувцаснууд томдчихсон. Гэхдээ яг таарсныг олоод солиод өгнө гэсэн. Одоо аваад ирэх байх.

Г.Зөнбилэг хүүгээс “Зарах үнэртүүлэгчээ хаанаас авдаг юм бэ” гэхэд хажууханд байсан нэгэн хүүг зааж “Тэр авчирдаг юм” гэснээр бид С.Отгонбаяр хүүтэй танилцлаа.

-Та хоёр хамтдаа үнэртүүлэгч зардаг юм уу?

-Тийм ээ, бид хоёр хамаатны хүүхдүүд. Энэ эмээтэйгээ би ч бас эмээ, ээжтэйгээ амьдардаг адилхан.

-Өдөрт хэр олныг зарж чадах уу?

-Одоо дулаараад гайгүй болж байгаа. Өдөртөө 20 мянгыг олчихоод байдаг юм. Түүгээрээ хоёр гэртээ хоол унд аваад болгоод л байгаа.

-Хэр удаан зарж байна?

-Гурван жил болж байна.

-Ээж нь ажил хийдэггүй юм уу?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр авдаг болохоор хүрдэггүй юм аа.

-Сургуульд сурдаг биз?

-Сурдаг, долдугаар анги төгссөн. Хичээлээ тараад л наймаагаа хийнэ шүү дээ.

-Том болоод ямар мэргэжилтэй болно гэж боддог вэ?

-Археологич болно.

-Юу хийдэг гэдгийг нь мэдэх үү?

-Мэднэ. Чулуу энэ тэр судлаад, аварга том үлэг гүрвэл хайж олоод л…

Гэгээн мөрөөдөл тээсэн ийм жаалууд хар нялхаасаа амьдралын хатууд нухлагдан ажил хийж ар гэрээ тэжээхээр зүтгэж явааг өдөрлөгийн үеэр хангалттай олныг сонсч болохоор байлаа.

 

Л.Амгалан: Хүүхдийн хөдөлмөрийг устгахад төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй

ХЭҮСМҮТ-ийн тэргүүд дэд захирал Л.Амгалангаас хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдтэй холбоотой хийсэн судалгааны ажлынх нь талаар тодруулсан юм.

-Танай төвөөс санаачилан хийсэн судалгаагаар хэчнээн хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа нарийн тоо гарсан бэ?

-Бид энэ ажлыг нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран тухайн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг томоохон худалдааны төв, захууд, хогийн цэгүүдийг сонгон хийсэн, түүгээр хөдөлмөр эрхэлж байгаа 150 хүүхдийг олж тогтоосон.

-Өдөрлөгт 30 хүүхэд л ирсэн гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Бид ийм өдөрлөгийг ганцхан удаа хийх гэж байгаа юм биш. Үргэлжлүүлээд бүгдийг нь хамруулна. 150 хүүхдээ бүгдийг нь нэг дор цуглуулчихвал арга хэмжээний маань үр өгөөж багасаад зүгээр л нэг шоу болж хувирна шүү дээ. Тиймээс зорилтот бүлгээр нь хуваагаад ээлж ээлжээр нь авчрах юм. Энд ирсэн хүүхдүүд зүгээр нь хоол идээд, бэлэг аваад явах юм биш шүү дээ. Эмчид үзүүлж байна. Ирээдүйд нь хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг сонч байгаа. Ер нь олон талын зүйл төлөвлөсөн болохоор үр дүнгээ өгөх талыг нь бодож цөөн цөөнөөр нь цуглуулж байгаа юм.

-Хүүхдүүд голчлон ямар ажил хийж байна?

-Зах, худалдааны төвүүдэд ажиллаж байгаа хүүхдүүд тэрэг түрэх, цайны газарт туслах, ширхгийн хоол борлуулах, мах зөөх, нохойн хоол зарах зэрэг ажил голдуу хийдэг юм байна. Мөн машин угаалгын газруудад өсвөр насны хүүхдүүд олон ажилладаг. Бага насны хүүхдүүд машины үнэртүүлэгч зарах гэж маш эрсдэлтэй ажил олноор хийж байна. Хогийн цэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд хог хаягдал ангилж ялгадаг, бас гадуур явж ундааны сав, лааз цуглуулдаг хүүхдүүд ч байна. Манай мэргэжилтнүүд дүүрэг бүрээр нарийн судалгааг нь гаргасан байгаа.

-Амьдралын боломж муугаас хүүхдүүд ажил хийж байна уу?

-Ер нь энэ хүүхдүүдийг харахад амьдралын боломж тааруу, өрх толгойлсон ээжтэйгээ, олон дүү нартай, эсвэл нас дээр гарсан хөгшин ээжтэйгээ амьдардаг нь олонх юм. Эцэг эх нь салсан, гэр орноосоо дайжсан гээд янз бүрийн шалтгаантай. Хэдийгээр ажил хийж байгааг нь сайшааж болох ч эдний насан дээр хүүхдүүд хэтийдсэн их ачааг үүрэн амьдралын төлөө зүтгэх биш ирээдүйнхээ төлөө сурч боловсрох ёстой цаг хугацаа шүү дээ. Түүнээс гадна Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн ажлын орчин нөхцөл, цагийн хуваарь нь хүүхдүүдийн эрүүл мэнд, хүмүүжил, боловсролд асар их хохирол учруулж байгаа нь харагдлаа.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж