Нидерландаас гаралтай залуу DJ Martin Garrix шагайн гэмтлээс болж товлогдсон байсан тоглолтуудаа цуцалжээ. Тодруулбал, тэрбээр тавдугаар сарын 25-нд Лас Вегаст болсон тоглолтын үеэр шагайгаа гэмтээж, маш их өвдөлт мэдэрсэн байна. Шинжилгээгээр түүний шагайны холбоос эдүүд цуурсан бөгөөд хагалгаа хийх шаардлагатай хэмээжээ. Энэхүү гэмтлээс болж дор хаяж дөрвөн долоо хоногийн тоглолтоо цуцлахаар болсон байна.
Martin Garrix фенүүддээ хандаж “Тоглолтуудаа цуцлах болсон нь үнэхээр гунигтай санагдаж байна. Учир нь та нарын өмнө тоглох нь намайг хамгийн ихээр аз жаргалтай болгодог. Та нарын урмыг хэзээ ч хугалахыг хүсээгүй. Гэхдээ зарим зүйлсийг би ч хянах боломжгүй болоод байна. Энэ хагалгааг хийлгэхгүй бол үүрд энэ гэмтэлтэй үлдэж, дахиж хэзээ ч тоглолтод оролцох боломжгүй болно. Намайг дэмждэг та бүхэнд баярлалаа. Удахгүй тайзан дээрээсээ уулзана гэж итгэж байна” гэжээ.