Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.06. 06) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 19 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэллээ. Монгол Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нараас 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус Байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тус Байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар орж ажиллалаа. Хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсгээс Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх санал хураалтын босгыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх гэж өөрчлөх, Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний олонх хүрэлцэн ирсэн бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй байхаар өөрчлөх, түүнчлэн хуулийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн зүйл нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан нар асуулт асууж, санал хэлсний дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал,  “төсөлд 1,2, 3 дахь хэлэлцүүлгийн Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх санал хураалтыг явуулахдаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх гэж тохиолдол бүрт өөрчлөх”, “төслийн 24.2 дахь хэсгийн “дөрөвний гурваас доошгүйн ирцтэй бол" гэснийг “олонх хүрэлцэн ирсэн бол" гэж өөрчлөх, "Энэ хуулийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн 7 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж томилсон Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлжээ.

Нэр дэвшигчийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар тус тус танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нэр дэвшигчийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжсэн байна.

Нэр дэвшигч Гунгаагийн Баясгалан нь 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль, 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор, 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ. Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.

Нэр дэвшигч болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа зөвхөн хуульд захирагдахыг санаж, хууль дээдлэх зарчмыг барьж ажиллахыг онцгойлон анхааруулсан. Ингээд Гунгаагийн Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,3 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  Д.Лүндээжанцан өргөн барилаа. Уг төслийг Улсын Их Хурлын нэр бүхий 64 гишүүн хамтран Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлав

Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Эдийн засгийн байнгын хороо төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөн дараах асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн хэлэлцэв. Үүнд: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хууль хоорондын уялдааг хангах зорилгоор Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, олгох зээлийн хэмжээг өөрчлөх. Тухайлбал, “бичил” гэсэн ангилалд жилийн 250 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хамаарч байсныг 300 сая төгрөг болгож, “жижиг” үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 250-500 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгож, тус тус нэмэгдүүлэв. Сангаас олгох зээлийн хэмжээг энэхүү ангилалтай уялдуулан нэмэгдүүлэх, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж зээл олгохоор өөрчлөв.

Төслийн анхны хэлэлцүүлэг удаан хугацаагаар завсардсантай холбоотойгоор хамт өргөн мэдүүлсэн хоёр тогтоолын төсөлд тусгасан зарим хугацааг өөрчлөх шаардлагатай болсон тул “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс” эхлэн дагаж мөрдөхөөр, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 1 дэх заалтын 4 дэх дэд заалтын “2019 оны" гэснийг “2020 оны” болгож өөрчилсөн гэж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа иргэдэд төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх бодитой алхамыг төсөлд тусгасныг  илүүтэй тодруулж байлаа.

Татварын багц хууль батлагдсантай холбоотойгоор 300 сая төгрөг хүртлэх зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас, үүнээс дээш төгрөгийн зээлийг арилжааны бусад банкаар олгох болсон гэж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хариуллаа. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ангиллыг тодорхой болгосноор тэрхүү ангилалд багтсан бизнес эрхлэгчдэд төр засгийн зүгээс үзүүлэх дэмжлэг тодорхой болно. Мөн хуулийн төслийн гол зорилго иргэдийг ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулахад чиглэсэн гэж үзэж байна гэж байлаа.

Ингээд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Иймд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь  дэмжив.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.  Уг илтгэлийг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 08, Улсын Их Хурал 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илтгэлийг хэлэлцэх үеэр “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өгсөн.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 47.7 дахь хэсэгт заасны дагуу  Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэснийг онцлов.

Уг тогтоолын төсөл нь Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлох харьцахаас урьдчилан сэргийлэх, Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, Иргэдийн эрүүл, аюул орчинд амьдрах эрх, Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, Хүний эрхийн боловсрол, сургалтыг дэмжих, НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт, бусад гэсэн долоон чиглэлд 30 гаруй асуудлыг тусгаж, Засгийн газраас анхаарал тавьж, арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байлаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Оюунхорол Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, З.Нарантуяа нар асуулт асууж, санал хэллээ.  Гишүүдийн зүгээс тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийллийг  хамгаалах чиглэлд тодорхой асуудлууд тусгасан эсэхийг тодруулав. Мөн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн асуудалд ялын бодлогыг нэмэгдүүлэх шаарлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд гишүүдийн асуултад хариулахдаа, гэр бүл болон сургууль, цэцэрлэг бүх орчинд хүүхдийн эрх, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах талаар тогтоолын төсөлд 12 асуудлыг тусгасан гэдгийг онцлов. Мөн тэрбээр, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд эрүүгийн хариуцлага, ялын бодлогыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздгээ илэрхийлэв. Түүнчлэн тэрбээр, Байнгын хорооны хуралдааны үеэр хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг, нухацтай авч  үзэн, тодорхой ажлын хэсэг гарган ажиллаж, нарийвчлан судлах шаардлагатай байгаа талаар  ярилцсан. Хүний эрхийн дэд хороо энэ асуудалд ажиллаж эхэлсэн хэмээн хариулж байлаа.

Ингээд үдийн цайны завсарлага болсон тул тогтоолын төслийг үдээс хойших нэг хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж