Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах 133 дугаар сургуулийн багш ажилчид өнөөдөр /2019.06.06/ мэдээлэл хийлээ. Уг сургууль нь 200 хүүхдийн багтаамжтай ч 1500 гаруй сурагчтай үйл ажиллагаа явуулдаг аж. УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнгөрсөн тавдугаар сарын 6-нд сургууль дээр ажиллаж нөхцөл байдалтай танилцсан. Үүнээс долоо хоногийн дараа “Дүнжингарав” худалдааны төвийн зүүн урд хэсэгт газар төлөвлөж, тус сургуулийн барилгын ажлыг эхлүүлж шав тавих ёслол хийнэ хэмээн дуудсан боловч тухайн өдрөө цуцалсан аж.
Мөн нэгдүгээр ангид элсэн суралцахаар 698 хүүхэд бүртгүүлсэн. Гэтэл Нийслэлийн боловсролын газраас сурагчдыг 21, 48, 97 дугаар сургуулиудад шилжүүлэн суралцуулах тушаал гарсан нь эцэг эхчүүдийн зүгээс нэлээдгүй гомдол дагуулжээ.
Нийслэлийн 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэн “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 22 мянган хүн амтай. Гэтэл энэ хороонд улсын гэх тодотголтой ганцхан сургууль байдаг нь манайх. Анх байгуулагдахдаа өөрийн гэсэн байртай болтол “Монгол тэмүүлэл” лаборатори сургуулийн нэг, хоёр давхрыг эзэмшиж бай гэсэн шийдвэртэй байгуулагдсан. Сургууль барих төсөв батлагдчихсан, сургуулийн барилгын тендер зарлаад компани нь тодорчихсон. Гэтэл ганцхан газрын асуудлыг л шийдэж өгөхгүй өдий хүрчихээд байна. Олимп хотхон орчимд нэг га арай хүрэхгүй газар төлөвлөж өгсөн боловч тухайн газар нь компанийн нэр дээр шилжсэн байсан тул маргаан гарч, асуудал шүүхийн шатанд байна” гэлээ.
Мөн тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Ариунаа “Сурагчид маань 08:00, 11:30, 13:30, 15:30 цагуудад дөрвөн ээлжээр хичээллэдэг. Хүүхэд хүмүүжлийн ажил, хичээлээс гадуурх ажил, дугуйлан секц хичээллүүлэх ямар ч нөхцөл байдаггүй. Хүүхдийн сурч хөгжих эрх зөрчигдөж байна” гэв.
Б. Номинчимэг