МУГТ Н.Төгсцогт: Би хүлээн зөвшөөрөгдмөөр байна

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

МУГТ Н.Төгсцогт: Би хүлээн зөвшөөрөгдмөөр байна

МУГТ Н.Төгсцогт: Би хүлээн зөвшөөрөгдмөөр байна

Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн Монгол Улсын Гавьяат тамирчин, “Лондон 2012” олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт эх орондоо ирээд байна.

Тэрбээр мэргэжлийн боксын IBO /International Boxing organization/ холбооны 57,2 кг буюу хагас хөнгөн жинд дэлхийн аварга цолыг өнгөрөгч нэгдүгээр сард Доминканы боксчин К.Маррерыг ялж авсан юм. Энэ нь түүний мэргэжилд очсоноос хойш хийсэн 11 дэх тулаан бөгөөд IBO холбооны 57,2 кг-ын эзэнгүй байсан аваргын бүсийг өөрийн болгосон юм. Түүний дараагийн өрсөлдөгч АНУ-ын боксчин Гари Рассель байх магадлалтай ч энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байсаар өнөөг хүрсэн.

Н.Төгсцогт эх орондоо ирсэний дараа хэвлэл мэдээлэл нээлттэй ярилцлага өгч, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Түүний ярилцлагыг хүргэе. Тэрбээр "Бүгдэд нь хүрэлцэн ирсэнд баярлалаа. Би та бүхний асуултад хариулаад явъя. Эх орондоо ирээд хэсэг хугацаанд амарч байна. Нэгдсэн байдлаар хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөр болсон учраас Та бүхэн зөвөөр ойлгоорой" хэмээн ярилцлагаа эхлүүлсэн юм.

-Дараагийн тулааны талаар яриагаа эхэлье. Энэ тулаан их сонирхолтой тулаан болно гэж бодож байна?

-Надад наймдугаар сарын 3-ны өдөр тулаан болно гэсэн мэдээлэл ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Би энэ өдөр тоглоно гэсэн бодолтой эх орондоо ирсэн. Энэ хугацаанд амраад авъя гэсэн бодолтой байлаа. Өчигдөр манай хүмүүс миний өмнөөс гарын үсэг зурсан. WBC-гээс аваргын төлөө тоглооч гэсэн санал тавьсан байгаа. Гари энэ саналыг хүлээж авахгүй бол бүсийг нь хурааж авна гэсэн. Хэрвээ ийм тохиолдол гарвал би өөр хүнтэй тулалдана.

-Гари тавдугаар сард тоглосон. Гэхдээ гурван сарын дараа дахин тоглоно гэхээр хугацаа бага байна уу?

-Үгүй. Гарри сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш бага тоглолт хийсэн. Холбооны зүгээс үүнд дургүй байгаа юм. Энэ саналыг авахгүй бол бүсийг нь хураах байх.

-Таны хувьд дараагийн тоглолтын бэлтгэл хангагдсан уу? Гарригийн талаар судалсан уу?

-Үгүй. Бэлтгэл одоохондоо бүрэн хангагдаагүй байна. Түүний талаар судалсан. Мэдээж ялна гэдэгтээ итгэлтэй байна.

-Гари яагаад тулалдахаас татгалзаад байна вэ?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Хувь хүний болон багийн ажиллагаа байх. Түүний гар бага зэргийн бэртэлтэй гэж сонсож байсан. WBO-ээс одоо тоглоно, эсвэл бүсийг нь хураана гэсэн. Бүх зүйл нь батлагдчихсан.

-Хэрвээ Гари энэ тулаанаас татгалзвал дараагийн хүнтэй хэрхэн тулалдах вэ?

-Эхлээд бий Гаритай тулалдмаар байна. Үүний дараа болох байх. Хэрвээ Гари татгалзвал би өөр хүнтэй аваргын төлөө тулалдана. Чансаагаар миний доор байгаа тоглогч байх магадлалтай.

-Та боксын ДАШТ, Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэнээсээ хойш мэргэжлийн бокст тоглож байна. Энэ хугацаанд нийт 11 тулаан хийж ялалт байгуулан, Дэлхийн аваргын бүсийг эзэмшлээ. Гэхдээ бэртэл авсан үе бий байх аа? 

-Би 2017 онд шөрмөсний маш том гэмтэл авсан. Туршлагатай өндөр тоглогчидтой тоглосон. Мэргэжлийн боксын бээлий нимгэн учраас гар амархан бэртдэг. Миний хувьд өнгөрсөн хугацаанд цөөн тоглолт хийсэн гэж бодож байна. Үүнээсээ болж олон тоглолт алдсан.

-Өөр холбооны бүс авах бодол байдаг уу?

-Байгаа. IBO том холбоо. IBO-ийн дэлхийн аваргын энэ бүс миний хамгийн хайртай бүс. Би бүх холбооны бүсийг авах боломжтой. Холбоодууд хоорондоо ямар ч асуудалгүй байдаг. Тамирчин хүлээн зөвшөөрөх юм бол бүс эзэмшиж яваа таксаа төлөөд, аль ч холбооны бүсийг эзэмшиж болно. Миний зорилго бол бүгдийг нь эзэмших.

Venum-тэй гэрээ хийсэн шүү дээ. Энэ талаар яриач?

-Тийм ээ. Venum-тэй нэг жилийн гэрээ хийж, тамирчин нь болсон. Одоо миний дараагийн тэмцээнд өмсөх бээлий байна. “King Tug” гэсэн нэрээр бээлий худалдаалагдаж байна.

-Таны дараагийн зорилго юу вэ? Таны талаар мэдээлэл бага байдаг. Мэргэжлийн боксын холбооны албан ёсны сайтаас мэдээлэл авч байна. Таны хүсэж байгаа зүйл юу вэ?

-Сүүлийн 4-5 жилд олон нийтээс хол байхыг хүссэн. Зорьсондоо хүрэхийг хүсэж байна. Би хүлээн зөвшөөрөгдмөөр байна. Бүх бүсийг авмаар байна. Маш их эрсдэл гарч байна. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн. Ард иргэдэд буруу мэдээлэл өгч байгаа хэвлэл мэдээллийнхнийг хараад яагаад ингэж байгаа юм бол эмзэглэх сэтгэл төрсөн. Ер нь бол миний зорилго бүгдийг авах.

-Таньд бүх холбооны бүс авна гэсэн эрмэлзэл байна. Харин үүнд ямар нэгэн дарамт байна уу?

-Үгүй. Дарамт байхгүй. Би монголчуудыг эргэлзээгүй гэж хүсэхгүй байна. IBO үү гэж хэлүүлэхийг хүсэж байна. Үнэндээ мэдээлэл бага байгаа болохоор нэгдсэн байдлаар тайлбар өгье гэсэн зорилготойгоор энэхүү ярилцлагыг өгч байна.

-Таньд бусад орноос тамирчин болооч гэсэн санал ирж байсан гэсэн. Энэ талаар?

-Тийм юм хэзээ ч байхгүй. Мэргэжлийн боксчинд ийм зүйл байхгүй. Өмнө нь Монголд байхдаа олимпийн наадмаас медаль аваад ирэхэд тийм зүйл байсан. Одоо бол өөр. Бидэнд тийм санал ирж байгаагүй. Санал ирсэн ч авахгүй. Яагаад авах ёстой гэж. Миний гэрээ дараа жил дуусна. Гэрээгээ дахин 3-5 жил сунгана. Бүсээ авчихаад дэлгэрэнгүй ярилцана.

-Та яагаад боксын спортыг сонгосон юм бэ?

-Би хүүхэд байхаасаа бокс тоглох дуртай байсан. Миний 17 насандаа өгч байсан ярилцлага байдаг. Би мэргэжлийн боксод ороод аварга болоод ирнэ гэж ярьдаг байсан. Лас-Вегаст очоод аварга болж, Монгол Улсын нэрийг гаргана гэж ярьдаг байлаа. Би таван настайдаа ингэж мөрөөдөж байсан. Манай хамаатны Гавьяат тамирчин Цогтжаргал ахыг хүмүүс мэднэ. Намайг мэргэжилд орсон шалтгааныг 2014 оны Инчоны Азийн наадмын ялагдлаас болсон гэж тайлбарладаг. Тэр бол тийм байгаагүй. Надад мэргэжилд орох сонирхол эртнээс байсан. Би Монголдоо бэлтгэлээ хийгээд явахад хэцүү байсан. Учир нь Лондогийн олимпийн дараа миний үеийнхэн мэргэжлийн бокст хүч үзээд амжилт гаргаад ирчихсэн үе байлаа. Түүнийг эндээс би хараад суух эвгүй байсан. Үнэнийг хэлэхэд жаахан шар хөдөлсөн гэх үү дээ. Тиймээс энд бэлтгэд хийхэд амар байгаагүй. Олимпийн наадамд Кубын боксчинд ялагдаад дараагийн наадамд алт авъя гэж бодож байсан ч мэргэжилд очсон тамирчдыг хараад зүгээр сууж чадаагүй юм.

-Та дараагийн тулаанаа Монголдоо хийх боломжтой юу?

-Ийм боломж байгаа. Би нэг удаа тэмцээнд ороод менежертэй уулзсан чинь Монголд тулаан хийвэл яах вэ? гэж асуусан. Монголчууд маш сайн дэмжиж байгаа. Хамгийн сүүлд нэгдүгээр сард Лас-Вегаст болсон тулааныг монголчууд олуулаа ирж үзсэн. “Танай монголчууд галзуу юм аа” гэж тэд хэлж байсан. Бүсээ авсны дараа тулаанаа Монголдоо хийхийг хүсэж байна. Мэргэжлийн боксыг хүлээн зөвшөөрөх нь бага байдаг. Энэ нь буруу байгаа юм.

-Та долоо хоногт хэдэн удаа бэлтгэл хийдэг вэ. Мэргэжлийн боксын дэглэм өөр байдаг байх?

-Долоо хоногт зургаан өдөр бэлтгэлтэй. Өдөрт хоёр удаа 3-4 цагаар бэлтгэл хийнэ. Мэдээж амаргүй. Өмнө нь ДАШТ, Олимпийн наадамд явах бэлтгэлээс хүнд шүү дээ. Манай тамирчид мэргэжилд тоглох хүсэлтэй байдаг. Тэдэндээ тусалж, гүүр нь болж чадлынхаа хэрээр туслахыг хүсдэг.

-Хэцүү үе их байсан уу. Одоо бэлтгэлдээ дассан гэж байсан?

-Надад эхний хоёр жил хүнд байсан. Бэлтгэлдээ орох гэж их ядарна. Сүүлдээ бэлтгэлдээ дассан. Одоо бол өөр болсон. Бүх хүнд үеийг даваад гарчихсан байна. Бие болоод биологийн өөрчлөлт гардаг. Жингийн хувьд ч өөр болсон.

-“Алтан Дорнод” компанийн захиралд машин бэлэглэсэн гэсэн мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

-Энэ бол сэтгэлийн бэлэг байсан болохоор энд яриад яах вэ. "Алтан Дорнод" компани намайг АНУ-д байхад маш сайн тусалдаг байсан. Одоо ч тусалдаг. Маш олон хүнд баярласнаа хэлмээр байна. Боксын холбоо болон талийгаач багшдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Таны анхны гэрээ дуусахаар яах билээ?

-Одоо бол PBC-д байгаа. Дараа жил гэрээ дуусаад телевизтэй гэрээ хийнэ гэсэн бодолтой.

-Та сүүлийнхээ тулаандаа хар бүстэй гарсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Би өөрөөсөө дээш 12 үеийг мэддэг. Удам судраараа их бахархдаг. Миний хар сүлдийг 100 хурдан адууны сүүлнээс авч хийсэн. Хар сүлд дайсандаа ялагддаггүй хийморьтой. Би дотроо хүчтэй шүтдэг. Миний хар сүлд амьтай. Өнөөдрийн хурлыг нэгтгэж хийж байгааг минь зөвөөр ойлгоорой. Надад маш олон санал ирсэн. Тиймээс хамтад нь сууж байгаад ярилцъя гэж бодлоо. Та бүхнийг хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Надад баярлалаа гэж хэлмээр байгаа маш олон хүн байгаа. Ингээд ярилцлагаа дуусгая. Удахгүй бүсээ авч ирээд бүгдтэй нь нээлттэй ярилцах болно. Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж