Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа.
Захирамжид “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг мөн нийтээр ашиглах зам, талбай бүхий тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар 35.2, 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмыг зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэжээ.
Мөн тус нутаг дэвсгэрт байрлах 700 метр газрыг нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж, тохижуулах, хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ