Пак Кын Хе АНУ-д хийх айлчлалаа цуцлав

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Пак Кын Хе АНУ-д хийх айлчлалаа цуцлав

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе ирэх долоо хоногт АНУ-д хийхээр төлөвлөсөн айчлалаа цуцалжээ. Өмнөд Солонгост титэм вирусын (MERS) халдвараар 108 хүн өвчилж, есөн хүн нас барсантай холбоотойгоор ерөнхийлөгч Пак Кын Хе гадаад айлчлалаа цуцалсан аж. Пак Кын Хе ням гаригт /VI.14/ АНУ-ыг зорьж, ирэх мягмар гаригт /VI.16/ Цагаан ордоны тэргүүн Барак Обаматай уулзах байжээ.

 

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын засгийн газраас титэм вирусын халдварын эсрэг тэмцэлд зориулан 400 тэрбум воны /357 сая ам.доллар орчим/ санхүүжилт баталжээ.

 

Ойрхи-Дорнодын амьсгалын замын хурц халдвар (MERS) гэж нэрлэгдсэн өвчний улмаас Өмнөд Солонгост 22 их сургууль, 2400 гаруй дунд сургууль, цэцэрлэгийг хаагаад буй юм. Мөн халдвар авсан байж болох 3439 хүнийг хөл хорьжээ. Титэм вирусын улмаас Өмнөд Солонгосын эдийн засагт чухал хувь нэмэр болдог аялал жуулчлалын салбарын орлого буурч эхэлжээ.

 

Титэм вирусын халдвар 2012 онд анх Саудын Арабт илэрсэн ба энэ нь 2003 онд Хятадад дэлгэрсэн (SARS) өвчинтэй төстэй аж. Титэм вирусын халдварт хүнд өвчинтэй, өндөр настай хүмүүс эмзэг байгаа бөгөөд эмчлэх эм, вацкин байхгүй юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж