Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын иргэнд залилуулж, эрүүл мэнд, амь насаараа хохироод буй иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /2019.06.06/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэнд иргэн Р.Эрдэнэчимэг ярихдаа “2015 оны наймдугаар сард БНХАУ-ын иргэнд аавынхаа биеийг очиж, үзүүлсэн. Хятад улсын иргэн “Аав тань уушгины хавдраар өвдсөн байна. Би хавдрыг нь эмчилж чадахгүй ч хорт хавдрын тархалтыг багасгаж чадна. Аав нь хэд ч насалж болно" гээд уушгины хорт хавдарт сайн нэг эм худалдаж авахыг санал болгосон. Бид тэр эмээс нь таван хайрцгийг 4.4 сая төгрөгөөр худалдан авсан ч миний аав тэр эмийг уусаар байгаад бие нь муудаж, хэвтэрт ороод, хоёр сарын дараа бурхан болсон.
Хятад улсын иргэнтэй уулзах гэхээр олдохгүй, үүдэнд нь манай монголчууд дугаарлаад л сууж байдаг юм билээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар гомдол гаргахад хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би сүүлд аавынхаа ууж байсан эмийг Мэргэжлийн хяналтын газарт өгч, шинжлүүлэхэд Монгол Улсын эмийн бүртгэлд байхгүй эм байсан нь тогтоогдсон” гэв.
Мөн иргэн Б.Ганхуягийн хувьд хууль бус эм зарж, борлуулсан Хятад улсын иргэнд залилуулж, бизнесээ эрхлэх боломжгүй болсон тухай ярилаа. Тэрбээр “Би өөрийн жоншны уурхайтай байсан. БНХАУ-ын иргэн Үй Жи Хо” гэх иргэн ирж, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах санал тавьсан. Тэгсэн нэг өдөр тэр хүн “Хөрөнгө оруулалт дутаад байна. Хятад улсын компаниуд монголчуудтай хамтран ажилладаг учраас хөрөнгө оруулалт хийхгүй” гээд байна. Чи лицензээ манай эхнэрийн нэр дээр шилжүүлчих” гэсэн.
Түүний эхнэр нь монгол хүн. Би итгээд хамтран ажиллах гэрээгээ шилжүүлчихсэн чинь надтай хамтран ажиллахаа больж эхэлсэн. Сүүлдээ би уурхай руугаа ч орох эрхгүй болсон. Тэгээд Иргэний хэргийн шүүхэд хандаад явж байтал намайг ямар ч үндэслэлгүй, харьяаллын бус газар Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар дуудаад, 148.3 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, жил гаруй болсон. Сүүлд сонсоход тэр Хятад улсын иргэний найз цагдаа ажилладаг байсан юм билээ. Бас сүүлд намайг алах хүртэл захиалга өгсөн” гэдгийг хэлэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ