Одоогоос жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сарын 31-нд Налайх дүүргийн гуравдугаар хороонд хамтран амьдарч байгаад хоёр тийш болсон 19 настай бүсгүйг хуучин найз залуу нь зэрлэгээр хөнөөж, цогцсыг нь нүүрсний уурхайд булсан хэрэг гарч олныг цочирдуулж байсан. Тэгвэл талийгаач охины ээж жилийн өмнөх болсон харамсалтай түүхийг өнөөдөр Төрийн ордноо болсон хэлэлцүүлгийн үеэр эргэн санууллаа.
Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдвал шил дараалан гарч буй хүчирхийллийн шинжтэй аймшигт хэргүүдийг багасгах, таслан зогсооход бодит хувь нэмэр болно гэж үзэж буй. Тийм ч учраас өнөөдрийн хэлэлцүүлэгт гэр бүлийн хүрээний хүчирхийллийн золиос болж, бусдын гарт амиа алдсан 19 настай охины ээж, Налайх дүүргийн иргэн Г.Таванбаяр оролцсон юм. Тэрбээр өөрт тохиолдсон харамсалтай жишээг төрийн түшээд, хуулийн байгууллагынханд хүргэж, хуулийн төсөлд амьдралтай бодитой хандаж баталж өгөхийг хүссэн юм.
Түүний хэлэлцүүлэгт ярьсан яриаг сийрүүлэн хүргэж байна.
“…2014 оны наймдугаар сарын 31-нд миний охин М 19 настайдаа хүүхдийнхээ эцгийн гарт амиа алдсан. Миний охиныг эрхшээлдээ оруулж, насанд хүрээгүй байхад нь жирэмслүүлсэн тэр залуу охиныг маань байнга зодож, тарчлаадаг байсан. Бид энэ асуудлаар өмнө нь шүүхэд хандаад шүүхээс тэнсэн харгалзах ял оноосон. Бид ч охиноо тэр залуугаас салгаад, сургууль соёлд нь явуулахаар болоод байсан юм. Хэрэг гардаг өдөр охиноо хичээлийн бэлтгэлийг нь хангуулахаар хот руу явуулсан. Охин маань ажлаа амжуулчихаад Налайхын автобусанд суулаа гэж утсаар хэлснээс хойш 30 орчим минутын дараа утас нь холбогдохгүй болж сураг тасарсан. Эхэндээ цэнэг нь дууссан байх гээд хүлээсэн ч охин маань ирээгүй. Цагдаагийн байгууллагад хандахад “Алга болсноос хойш 24 цаг болсны дараа хайна, таньж мэддэг хүмүүсийнхээ гэрээр хай” гэсэн. Ингээд маргааш болтол хүлээсэн. Маргааш нь цагдаагийн байгууллагад очоод өмнө нь хамт амьдарч байсан залууг нь сэжиглэж байна гэхэд “Баримт нотолгоогүй зүйл дээр хүнийг гүтгэж болохгүй” гээд хөдлөөгүй. Тэгэхээр нь UNITEL –ийн салбарт очоод хамгийн сүүлд залгасан утасны дугаарыг нь авъя гэхэд эхний 4 оронг хэлэх боломжтой гээд өгтөл салсан найз залуу болох Б-ийн дугаарын эхний 4 оронтой таарч байсан. Гэсэн ч цагдаагийнхан Б-г саатуулаад хоёр хонуулаад явуулсан байсан. Бид тэр залуугийн гэрт очоод “Налайхын автобусны камерт чи бичигдсэн байна, чиний дугаараас хамгийн сүүлд залгасан байна” гэхэд “Тэгсэн, автобуснаас тосоод гэрийнх нь гадаа буулгасан” гэж хэлж байгаа юм. Ингээд бид дахин цагдаад очоод “Энэ залуугаас гарцаагүй, та нар шалгаад, миний охиныг хаана аваачсаныг хэлүүлээд өгөөч гэхэд “Бидэнд хүн дарамтлах хууль зүйн үндэслэл, эрх байхгүй, Энэ залуу хүн алахаар хүн биш” гэсэн.
Ингээд есдүгээр сарын 11-ний өдөр цагдаагаас “Танай охины цогцсыг уурхайн нүхнээс оллоо” гэсэн. Охиныг маань үнэхээр маш их тарчлааж, зовоож хөнөөсөн байсан. Үс нь зулгараад, хуруунуудыг нь үеэр нь хугалж, эд эрхтнийг нь сийчсэн байдалтай олдсон. Ингээд хэдэн өдөр үймэрч, цагдаа дээр очиж чадаагүй. Сүүлд хэрэг нь прокурот шилжсэний дараа хавтаст хэрэгтэй танилцахад охиныг маань хөнөөчихөөд өөрийнхөө найз бөө залууд “Би хүн алчихлаа” гээд булсан нүхнийхээ дэргэд дагуулж очсон байдаг. Шүүх хурал дээр бөө залуугаас цагдаагийн байгууллагад яагаад мэдэгдээгүй юм бэ гэхэд “Мэдэгдсэн. Бүртгэж аваагүй” гэж хэлж байгаа юм. Ингээд гурван шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноосон. Охиныг маань хөнөөсөн залуу байнга давж заалддаг. Шүүхээс охиноо арав гаруй хоног хайсан зардлыг хүртэл шүүхээс хассан. Сэтгэл санааны хохирол бол бүр ярих ч хэрэггүй юм билээ. Яагаад гэхээр тэр хүн хийсэн хэргийнхээ ялыг эдэлж байгаа гэдэг. Та бүхэн энэ мэт хэргийн жишээн дээр дүгнэлт хийж, хуулийн төсөлдөө тусгаж өгөхийг хүсч байна”
Тэрбээр ийнхүү ярьлаа. Түүний ярианаас гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэгчид хэрэг хийгээд хуулийн байгууллагын хараа хяналтад байхдаа дахин хэрэг үйлддэг, хохирогчид ямар ч хамгаалалт байхгүй, шалгаж болох хэмжээний баримт нотолгоо байхад заавал шүүхээс зөвшөөрөл авна гэсээр хугацаа алддаг, шүүхээс хохирлыг бодитойгоор тооцдоггүй зэрэг өнөөдөр үйлчилж буй хуулийн олон дутагдлыг олж харж болно.
Тиймээс УИХ-аар хэлэлцэхээр дэмжигдээд байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өнгөрсөн жилүүдэд авсан гашуун сургамжиндаа тулгуурлан, хөрсөн дээрээ буусан, хүчирхийллийг таслан зогсоохуйц зохицуулалттай батлахыг эрх баригчдаас хүслээ.
Хөөрхий үрс, эмэгтэйчүүд, эхчүүд, охидуудын амийг авч одсон хүчирхийлэл, өс хонзонгийн золиос үргэлжлэх ёсгүй.
С.ОТГОНСҮРЭН