Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэнг Авлигатай тэмцэх газраас сэжигтнээр татан, Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр саатуулсан билээ.
Түүнийг хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэрэгт сэжиглэж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Г.Дэнзэнг цагдан хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэр гаргасан талаар шүүхээс мэдээлж байсан. Тэгвэл түүнээс Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид мэдүүлэг авч эхэлсэн байна. Мөн хэрэгт холбоотой гэгдэх хүмүүсийг ч сэжигтнээр татжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Авлигатай тэмцэх газраас Г.Дэнзэнгээс мэдүүлэг авч эхэлсэн байна. Мөн энэ хэрэгт Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Д.Уянга болон тухайн үед “Эрдэнэс-Тавантолгой” компаниас Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тендерийн хорооныхныг сэжигтнээр татан, мэдүүлэг авахаар болжээ.
Г.Дэнзэнг ямар хэрэгт буруутгав?
Авлигатай тэмцэх газрын өмнө нь хэдэнтээ явуулсан мөрдөн байцаалтаар ЗГХЭГ-ийн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч Д.Уянгын эзэмшлийн “Говь Повер” компани “Эрдэнэс-Тавантолгой” компаниас Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарсан гэж үзсэн юм.
Энэхүү хэргийн хууль зөрчсөн гэх үндэслэлийн талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат мэдээлэхдээ, “Мөрдөн байцаалтын явцад “Говь Повер” компанийг Д.Уянга бусдаас худалдаж авч уг компанийн эзэмшлийн эд хөрөнгийг нэг өдрийн дотор үнэлгээний компаниар үнэлүүлсэн байдаг. Мөн үнэлгээг хийхдээ тухайн газар дээр очиж бодит үнэлгээ хийгээгүй. Нэг өдрийн дотор тус компанийг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэх үнэлгээ гаргуулснаар тендерт шалгарах нөхцлийг хангасан юм билээ. Тендерт оролцох компани тэрбумаас доошгүй төгрөгтэй байх гэсэн шаардлага бий. Тэгэхээр тендерт шалгарах нэг үзүүлэлтийг зориудаар бий болгосон магадлалтай байгаа нь тогтоогдсон. Нөгөө талаар “Говь Повер” компани нь сүүлийн таван жилийн хугацаанд нэг тэрбум 800 мянган төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээг гүйцэтгэсэн байх ёстой шаардлагыг хангаагүй байсан. Харин ч үйл ажиллагааны орлого нь эсрэгээрээ алдагдалтай байхаар тайланг татварын байгууллагад гаргаж өгсөн байдаг. Ерөөсөө л “Говь Повер” компани дээрх тендерт шалгарах боломжгүй байхад тендерийн үнэлгээний хороо шалгаруулсан байна гэж үзэх нөхцөл байдлыг тогтоосон. Мөн Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг үзүүлэхийн тулд зайлшгүй Гаалийн хяналтын бүсэд үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлсэн газрыг эзэмшиж байх ёстой. Гэтэл тендерийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийтдээ 10 аж ахуйн нэгжид уг тендерт оролцуулах саналыг хүргүүлсэн боловч тэдгээрээс найм нь огт газаргүй компанийг бүртгүүлсэн. Тэгэхээр цаана нь ердөө хоёр компани зохих газрыг эзэмшиж байсны нэг нь “Говь Повер”. Өөрөөр хэлбэл анхнаасаа тендер шалгаруулалт хууль бусаар явагдсан гэх баримтууд хангалттай бий” гэж байсан юм.
Өмнө нь эл хэргийг Авлигатай тэмцэх газар хоёр ч удаа мөрдөн байцааж, нотлох баримтыг бүрдүүлэн, нийслэлийн Прокурорын газарт илгээсэн ч тухай бүрт нь хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.
Хэрэг хуучирдаггүй тул ийнхүү хууль бус тендерийн гэх энэхүү хэргийг гурав дахь удаагаа мөрдөн байцааж шалгаж байгаа нь энэ юм.
Д.ЖАРГАЛ