Тоон системийн шилжилт “үлгэр” болох уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Тоон системийн шилжилт “үлгэр” болох уу?

Өнөөдрийн байдлаар телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээр хүлээн авч үзэж байгаа 170 гаруй мянган өрх бий.

Өөрөөр хэлбэл, “Ддиш”, “Юнивишн” зэрэг кабелийн үйлчилгээ авдаггүй, зөвхөн сэрээн антеннаар телевизороо үздэг 170 мянган өрх бий гэсэн үг. Тэгвэл ирэх аравдугаар сар гэхэд эдгээр 170 мянган өрхийг бүрэн тоон системд шилжүүлэхийн тулд хувиргагч төхөөрөмжийг олгох учиртай. Гэвч эдгээр 170 мянган өрхөөс өнөөдрийн байдлаар дөнгөж 30-аад мянга нь л тоон системийн хувиргагч төхөөрөмжөө авчээ. Тиймээс “Бид ирэх аравдугаар сард тоон системд шилжиж амжих уу” гэх асуултыг Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, зохицуулалт, хяналтын албаны дарга З.Амгаланд тавив.

Тэрбээр “Манайхаас энэ талын мэдээллийг цацаж байгаа хэдий ч иргэдийн мэдээлэл тааруу байна. Дээрээс нь аливаа зүйлийг цагийг нь тулгаж байж гэнэт шуурдаг нь монголчуудын зан болов уу. Тиймээс цаг нь тулахаар гэнэт төхөөрөмж авахаар шуурна хэмээн тооцоолж байгаа. Энэ үед хувиргагч төхөөрөмжийн нийлүүлэлтийг хангалттай хийх шаардлагыг компаниудад тавьсан.

Аравдугаар сар гэхэд аналоги системийг унтраана. Ингээд телевизор нь гарахаа больсон тохиолдолд иргэд өөрсдөө төхөөрөмжөө худалдаж авна хэмээн тооцоолсон” гэх тайлбарыг хэлэв.


“ГОВИЙН АЙМГУУД ИРЭХ САРД ТООН СИСТЕМД ШИЛЖИНЭ”

Манай улс ирэх аравдугаар сар гэхэд тоон системд шилжиж, аналогийг унтраахаар болсон. Иймээс аймгуудыг бүсчлэн ээлж дараалан тоон системд шилжүүлэх ажил ирэх сараас эхэлнэ. Эхний ээлжинд говийн аймгууд тоон системд шилжинэ. Тодруулбал, ирэх сарын 15-наас Говьсүмбэр, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баянхонгор аймгийг тоон системд шилжүүлэх юм. Харилцаа холбооны зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Ц.Чулуунбатын хэлж буйгаар улсаас хийх бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэв. Тоон системийн дахин дамжуулах станц зэргийг бүх аймаг, суманд суурилуулжээ. Харин аналоги телевизор үздэг иргэдийн зүгээс тоон системд хувиргагч төхөөрөмжийг худалдаж авах ажил л үлджээ.

Дээрх аймгийн иргэдийн хувиргагч төхөөрөмж худалдан авалтын талаар Радио телевизийн сүлжээний газрын хэлтсийн дарга Ж.Чулуунцэцэгээс тодруулсан юм. Түүний хэлснээр улсын хэмжээнд 30-аад мянган хувиргагч төхөөрөмжийг худалдаад байгаа аж. Гэхдээ албан ёсны бүртгэлтэй тоо нь л юм. Харин үүний цаана төхөөрөмжөө авсан ч мөнгөө өгөөгүй 10-аад мянган айл бий гэв.

Эхний ээлжинд тоон системд шилжих аймгуудын хувьд хилийн боомттой ойр байдаг. Тиймээс иргэд хувиараа, ганзагын наймаанаас хувиргагч төхөөрөмж авах нь их байгаа гэв.

ТООН СИСТЕМД ШИЛЖИХ ХУВААРЬ

Долдугаар сард, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор

Наймдугаар сард, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар

Есдүгээр сард, Баян Өлгий, Булган, Говь Алтай, Дархан Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс, Улаанбаатар

ЯМАР АЙЛ ХУВИРГАГЧ ТӨХӨӨРӨМЖ АВАХ ВЭ?

Өнөөдрийн байдлаар зөвхөн “Дидиш”, “Юнивишн” гэх мэт бусад гурвалсан үйлчилгээг хэрэглэдэг айлуудын телевиз тоон системд шилжлээ гэсэн үг. Дээрээс нь Сансар кабелын телевизийн тоон системийн төрлийг ашиглаж байгаа иргэд шилжсэн юм.

Харин Сансар кабелын 8000 төгрөгийн суурь хураамжтай төрлийг ашигладаг иргэд тоон системд шилжээгүй. Өөрөөр хэлбэл, аналоги системээр телевизороо үзэж байгаа гэсэн үг. Мөн сэрээн антеннаар телевизороо үзэж байгаа бол мөн тоон системд шилжээгүй юм.

Тиймээс эдгээр иргэд тоон системд хувиргагч төхөөрөмж авна. Нийслэлчүүд хувиргагч төхөөрөмжийг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр, Драгон төвүүдэд худалдаалж байгаа. Харин орон нутгийн иргэд тухайн аймагт байрлах Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчдаас авна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж