УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
Тэрбээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэгт байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Монгол Улсын бүх засаглал хамтын шийдвэрт хүрч чаддаг, үр ашигтайгаар үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо руу шилжих ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Харин сонгуулийн тухай хуулийн төслийн хувьд жагсаалтад орох 28 нэр дэвшигчийг бүсэд хувааж, иргэдэд шууд сонгох нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой гэсэн юм.
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсэг саналаа нэгтгэсэн үү?
-Сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол Улс шинэ ардчилсан тогтолцоог сонгож, зах зээлийн нийгэмд шилжиж, улсаа хөгжүүлэх хүндхэн сорилтыг туулж байгаа. 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульд давуу болон сул тал бий.
Зарим зүйл, заалтыг сайжруулах, 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх цаг үе нь болсон гэсэн. хүлээлт нийгэмд ч байна. Ялангуяа, төрийн бүтэц, зохион байгуулалт, улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нэрлэж болох юм. Энэ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулагдаад санал нэгтгэхээр ажиллаж байна.
-Яг ямар өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа вэ?
-Өнгөрсөн долоо хоногт Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн тодорхой мэдээллийг өгсөн. Өнөөдөр Монгол Улс төрийн тогтолцооны хувьд холимог засаглалтай.
Парламентын засаглалтай боловч хагас Ерөнхийлөгчийн засаглал ч бас бий. Мөн Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт, “давхар дээл” болон сонгуулийн нэр дэвшигчийн насыг нэмэгдүүлэх зэрэг санал гарч байгаа. Энэ асуудлыг эцэслэн шийдэх шатандаа орсон байна.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоор санал тусгасан байгаа гэсэн. Энэ хэр оновчтой вэ?
-Энэ асуудлын талаар нэлээд нухацтай хэлэлцэж байгаа. Манай улсын хувьд социализмын үеийн эрх зүйн системд Германы хуулийн тогтолцоо шингэсэн байдаг. Анхны ардчилсан Үндсэн хуулийг батлах үед тухай үеийн Улсын бага хурлаас хэд хэдэн саналыг дэвшүүлж байсан. Гэвч Ардын их хурал тэдгээр саналыг хүлээж аваагүй.
Түүний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудал. Хэн Ерөнхийлөгчөөр сонгогдох нь чухал биш бөгөөд нийт ард түмнээс сонгогдсон хүн л бүрэн эрхээ хэрэгжүүлдэг байх ёстой. Үүний давуу тал нь төр, улс төрийн тогтвортой байдал, парламентын засаглалыг бэхжүүлэх, төрийн тогтолцооны талаарх эргэлзээг тайлах юм.
Өнөөдөр Монгол Улс онцлогоосоо шалтгаалаад нэг, хоёр, гурван толгойтой байх уу гэдэг зүйл яригдаж, бүхий л асуудал үүнээс хамааралтай байх нь зохимжгүй. Харин хамтын шийдвэрт хүрч чаддаг, үр ашигтайгаар үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо руу шилжих ёстой. Энэ талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санал оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн. Ерөнхий сайдын эрх мэдлийг яаж нэмэгдүүлэх вэ?
-Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж чадахгүй байна. Улс төрийн тохироогоор Засгийн газрыг байгуулж бай- гаа учир салбарын сайд бүхэн Ерөнхий сайд болчихлоо. Ерөнхий сайд нь идэвхгүй зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Энэ эрх мэдлийг өгөх асуудлыг хөндөж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, кабинетын зарчмаар үйл ажиллагаа явуулж, сайд нартаа хариуцлага тооцдог тийм л тогтолцоог бий болгохоор санал гарсан. Ерөнхий сайдад эрх мэдлийн хамт хариуцлагыг нэмэгдүүлнэ. Ингэснээр Ерөнхий сайд парламентын өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Өнөөдөр энэ тогтолцоо алдагдаж, Засгийн газрын гишүүд нь дураараа дургих боллоо. Энэ нь улсын ажлыг урагшлуулахад саад болж байна.
-Манай улсын хувьд Засгийн газар татан буугдаж, Ерөнхий сайд огцрох нь хариуцлага хүлээж байгаагийн илэрхийлэл хэмээн үзэж байгаа шүү дээ?
-Улсыг хамарсан буруу бодлого хэрэгжихэд Ерөнхий сайд “Парламентаас ирсэн салбарын сайдын буруутай үйл ажиллагаа” хэмээн хэлээд сууж байна. Уг нь энэ тохиолдолд Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэхээс илүүтэйгээр хариуцлагын асуудлыг хөндөж байгаа.
Засгийн газрын тэргүүн салбарын сайдын ард нуугдах боломжгүй болно гэсэн үг. Энэ байдлаас үүдэн хэврэг Засгийн газрууд байгуулагдаж байна. Гомдсон хүмүүс нь хуйвалдаж, эргээд Засгийн газраа огцруулдаг тогтолцоотой болчихлоо. Засгийн газрын бүтэн, зохион байгуулалтад хувийн эрх ашгийн үүднээс хандаж байна.
-УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн насыг нэмэх талаар ярьж байсан. Та дэмжиж байгаа юу?
-УИХ-ын гишүүнээр 25 настай хүн сонгогдсон түүх ховор. Ихэнх нь 40-өөс дээш насныхан. Хүмүүсийн боломжийг хаах хэрэггүй. Залуучууддаа бололцоо олгох чиглэл рүү явах ёстой. Дэлхийн бусад оронд нэр дэвшигчдийн насыг 18 болгох талаар ярилцаж байна. Үүнийг дэмжсэн ч орон байгаа, дэмжээгүй ч орон бий.
-Улстөрчдийн төлөвшилтэй шууд холбогдож байгаа байх?
-Улс төр нь өөрөө төлөвшиж чадаагүй байна шүү дээ.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Сонгуулийн хуулийн төслийн талаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд байр сууриа илэрхийлж байна. Зарим хуулийн төслүүдтэй ч танилцсан байсан. УИХ- ын дарга З.Энхболдоор овоглоод байгаа энэхүү хуулийн төслийг Та өнгөрсөн парламентад боловсруулсан шүү дээ?
-Өмнөх парламентын үед гавьяат хуульч Б.Чимэдтэй хамтран боловсруулсан. . Энэ нь сонгууль хийгээд байшин шатаадаг, жагсаал цуглаан зохион байгуулаад улс орноороо хүнд байдалд ордог нөхцөлийг зогсоох зорилготой. Дэлхийн бусад орны шилдэг гэсэн бүхий л хуулийн төслийг судалж байгаад Германы сонгуулийн хуульд түшиглэн боловсруулсан юм.
Энэ хүрээнд өмнөх сонгууль элдэв маргаан, мэтгэлцээнгүй боллоо. Хэдийгээр хуулийн төслөөс бүхий л саналыг тусгаж 2012 оны сонгуулийн хуулийг баталсан ч нэг л зүйлийг орхигдуулсан. Ажлын хэсгийн зүгээс улс бүхэлдээ нэг тойрог байх санал дэвшүүлснийг УИХ хүлээн аваагүй. Тиймээс холимог тогтолцоогоор 2012 оны УИХ- ын сонгуулийг явуулсан юм. Үүнд дутагдалтай талууд бий.
-Тухайлбал, аль элемент нь дутагдалтай болсон гэж үзэж байна вэ?
-Нэгдүгээрт, нэг намын гишүүд хоорондоо өрсөлдсөн. Энэ нь улс төрд сайн төлөвшлийг бий болгосонгүй. Хоёрдугаарт, намын жагсаалтаар буюу эзэнгүй гишүүд сонгогдсон. Энэ дутагдлуудыг өөрчлөх хэрэгтэй. Уг нь Үндсэн хуульдаа шууд сонгоно хэмээн заасан.
Гэтэл энэ нь харагдахгүй байна. 2012 оны сонгуулиар иргэд үл мэдэх жагсаалт сонгосон. Шууд сонгохын тулд нэр дэвшигчдийн нэр саналын хуудас дээр байх ёстой. Гэтэл 28 нэр дэвшигчийн нэрийг бичихээр саналын хуудас сонингийн нүүр шиг болно.
Тиймээс бүсэд хувааж, шууд сонгох нөхцөлийг нь бүрдүүлж өгөх ёстой. Жагсаалтад хэдэн хүн байх асуудал нь тоо төдий зүйл. Жагсаалтад байгаа 28 хүнийг ард түмнээрээ шүүлгэх хэрэгтэй. Дараа дараагийн сонгуульд энэ тогтолцоог илүү өргөжүүлж, тоог нь нэмэгдүүлэх ёстой гэж бодож байна. Тэр утгаараа УИХ дахь улс төрийн намуудтай зөвшилцөж, харилцан буулт хийж байгаа.
-Таны бодлоор хэр чамбай хуулийн төсөл вэ?
-Үнэхээр сайн хуулийн төсөл мөн үү гэвэл биш. Гэхдээ өмнөхүүдээс илүү чамбай болсон. Үүний дараа илүү сайн хуулийн төсөл боловсруулж, батлах л байх. Ээлж дараатай ахиц гарч байна. Анх жагсаалтын 28 гэдэг нь ахиц байсан.
Энэ удаад жагсаалтын 28-ыг тойрогтоо болгох асуудлыг хэлэлцэж байгаа. Үүний дараа 28 гэсэн тоо нэмэгдэж, ихэнх нь гишүүдээ энэ байдлаар сонгох ч юм бил үү. Сонгууль бүрт ахиц дэвшил гарч, улс төрийн зөв тогтолцоо руу шилжиж байна.
-Энэхүү хуулийн төсөлд парламентад суудалтай намууд ямар байр суурьтай байгаа бол?
-Бүх улс төрийн хүчнүүд сонгуулийн тогтолцоо болохгүй байгаа гэдэгт санал нийлдэг. Аливаа УИХ өөрийг нь гишүүн болгосон хуулиа өөрчилнө гэдэг хэцүү. “Нэг удаа намайг сонгосон учир энэ тогтолцоо надад ашигтай” гэсэн бодол улстөрчдөд байхыг үгүйсгэхгүй.
-Зарим улс төрийн хүчнүүд хоёр том нам өөрсдөдөө зориулсан хуулийн төсөл боловсрууллаа. Шинэ улстөрчдөд халтай хуулийн төсөл хэмээн шүүмжилж байсан. Та санал нийлж байна уу?
-Хуучин хууль тэдэнд хаалттай байсан. Харин шинэ төслөөр боломж олгож байгаа.
-Дэлхийн бусад оронд парламент өөрсдөдөө зориулж сонгуулийн хууль боловсруулж, баталдаггүй. Хоёр, гурван парламентын цаана хэрэгжих хууль баталдаг шүү дээ. Харин манай улсад дөрвөн жил тутамд сонгуулийн хуулиа өөрчилж, батлах юм. Энэ хэр зохистой шийдвэр гэж бодож байна вэ?
-Энэ бол өөрөө буруу тогтолцоо. Бид ярьсаар байгаад хуулиа сонгууль дөхүүлээд баталдаг. Гэхдээ өөрчилсөн ч, өөрчлөөгүй ч ард түмний сонголтод нөлөөлж чаддаггүй. Яагаад гэвэл ард түмэн сонголтоо хэдийнэ хийчихсэн байдаг. Нэг ч удаа парламент өөрсдөдөө ашигтай хууль батлаагүй. Ашигтай гэж үзээд хуулиа хэвээр нь үлдээхэд ман л ашиггүй байсан.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" сонин