Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. Энэ сэдвээр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа.
-Өнөөгийн тэтгэврийн тогтолцоонд зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
-Монголын нийт хүн амын таван хувь нь 60-аас дээш насныхан байна. 2014 оны байдлаар 242 мянга гаруй иргэн өндөр насны тэтгэвэр авч байгаа гэсэн статистик мэдээ бий. 1994 онд Нийгмийн даатгалын багц хууль, 1999 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталсан. Ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдөж байна.
Нэгдүгээрт, нэрийн дансанд хуримтлал байхгүй байна. Энэ хуримтлал нь өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийнхээ шимтгэлээр одоогийнхоо тэтгэвэр авч байгаа хүмүүсийнхээ тэтгэврийг нөхөөд явж байна. Санд хуримтлал бий болсон ч хий бичигдээд явж байгаа. Засгийн газар 8.8 их наяд төгрөгийн өртэй байна. Тэгэхээр нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг Засгийн газар одооноос эхлэн үе шаттайгаар хийх цаг болсон.
Хоёрдугаарт, 2030 оноос хүн амын дундаж насжилт эрчимтэй явагдаж, ахмад настны тоо 21.9 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа. Тэгэхээр нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо огцом өснө. Үүнтэй холбоотойгоор арван даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд дөрөв, 2030 онд долоо, цаашид есөн тэтгэвэр авагч болохоор байгаа. Өөрөөр хэлбэл, яваандаа арван даатгуулагч тутмын ес нь тэтгэвэр авагч болох гээд байна.
Тэгэхээр бид тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувьд хүрнэ. Цаашлаад 2030 онд долоон хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна, Хүн амын насжилттай уялдан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээний зохистой харьцааг одооноос бодох ёстой.
Тэгэхгүй бол энэ харьцаа алдагдаж эхэлсэн. Засгийн газраас өргөн барьсан Тэтгэврийн шинэчлэлийн бодлогоор яг тэтгэврийн насыг тэдэн оноос эхлээд төд болгоно гэсэн саналууд орж ирсэн л дээ. Бид тэтгэврийн насыг төд болгоно гэсэн саналыг зоригтой хэлж чаддаг байх ёстой. Тэгэхээр ирээдүйд түвэгтэй байдал үүснэ. Тиймээс одооноос үүнийгээ бодож эхлэх ёстой.
-Энэхүү бодлогын бичиг баримт батлагдсанаар өндөр настнуудад ямар боломж бий болох вэ?
-Суурь тэтгэмж бий болно. Мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгож, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, залуус хувийн даатгалын компанид давхар шимтгэл төлж, тэтгэвэрт гарахдаа нэмэлт тэтгэвэр авах боломжтой.
-Дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Т иймээс тэтгэвэрт гарагчдын насыг нэмэгдүүлэх ёстой гэсэн саналыг ярьж байна. Иргэдийн зүгээс тэтгэвэрт гарч чадахгүй нас барах тохиолдол цөөнгүй байгааг дурдаад дээрх саналд шүүмжлэлтэй хандах хэсэг ч бий. Тэгвэл тэтгэврийн насны хувьд ямар бодлого баримтапж байгаа вэ?
-Одоогийн энэ бодлогод тэтгэврийн насыг судалж шийдвэрлэнэ гэсэн өгүүлбэр оруулсан. Тэрнээс тэдэн онд төдөн насаар нэмэгдүүлнэ гэсэн бодитой тоо тусгагдаагүй. Нөгөөтэйгүүр сонгууль дөхөж байгаатай холбогдуулан улстөрчид янз бүрийн эрсдэлтэй алхам хийхээс зүрхшээж л байна. Яваандаа тэтгэврийн насыг цаашлуулахгүй бол болохгүй. Ер нь дэлхийн улс орны жишгийг харахад наашлуулахгүй, уртасгаж байгаа.
Монголчуудын дундаж наслалт ч нэмэгдэж байна. Энэ нь тэтгэврийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэх бас нэг гол хүчин зүйл болж байгаа юм. Гэхдээ байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд тэтгэврийн насыг хэд байх талаар хатуу тоо тогтоох нь буруу, эдийн засгийн боломж зэрэг бүх нөхцөлийг судлах хэрэгтэй гэж гишүүд үзсэн.
-Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл малчдад яаж тусч байгаа вэ. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах тухай асуудал бас хөндөгдөж байна…
-Зарим гишүүд малчдын тэтгэврийн насыг наашлуулъя гээд хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчсөн явдал гэж УИХ хүлээж авах бололцоогүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, хүмүүсийг ажил мэргэжлээр нь ялгаварлаж байна. Гуравдугаарт, малчдын тэтгэврийн насыг наашлуулах юм бол бусад ажил салбарынхан барьцана. Тэгэхээр бүгд залуугаараа тэтгэвэрт гарах юм бол тухайн хүндээ сайн явдал болохгүй.
Хэдийгээр улс орныхоо төлөө насаараа хөдөлмөрлөчихөөд гавьяаныхаа амралтад гарч байгаа гэж буй боловч тухайн хүн цаашид хөдөлмөр хийгээд явах бололцоог нь хааж байгаа юм. Хүмүүсийг насаар нь хязгаарлаж болохгүй. Миний хувьд малчдыг дэмжсэн өөр хууль санаачилъя гэж бодож байгаа.
Жишээлбэл, ажилласан жилийг нэмэгдүүлж тооцох тухай. Малчдын ажилласан жил тутмыг 1.5 жилээр тооцож болно. Тэгвэл малчид тэтгэврийн насыг наашлуулсантай адил хэмжээний хөнгөлөлт эдлээд явах боломжтой. Гэтэл улстөрчид ард түмэнд таалагдахын тулд тэдний сэтгэл санаагаар тоглоод, тэтгэврийн насыг нь наашлуулна гэх зэрэг мэдээлэл өгөөд байгаа юм.
-Хот суурин газарт ажиллаж байгаа хүмүүс эрт тэтгэвэрт гарахыг яардаггүй. Харин орон нутгийнхан эсэргээрээ байдаг. Энэ тал дээр ямар уян хатан бодлого тусгаж байгаа вэ?
-Боломжийн ажилтай, орлоготой суурин газрын хүмүүс тэтгэвэрт эрт гарахыг яарахгүй байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа хүмүүс эрт тэтгэвэрт гарах тухай яриад байгаа нь орлого бага байгаатай холбоотой. Энэ асуудалд судалгаа ч их хийгдэж байгаа.
Ер нь тэтгэврийн тогтолцоогоо төгс шийдсэн улс орон гэж нэг ч байдаггүй. Бүгд л тэтгэврийн тогтолцооныхоо шинэчлэлд байнгын л зөв гарц замыг эрэлхийлдэг. Тэтгэврийн тогтолцооны асуудлыг 100 жилээр шийдсэн Орон гэвэл Япон л байна.
-Бодлогын бичиг баримтад тусгагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэтгэврийн доод насыг ижил түвшинд байлгана гэсэн заалтаар МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа. Энэ нь хэр оновчтой санаа вэ?
-МАН-ынхан ш.ууд механикаар эрэгтэйчүүд 60 настай тэтгэвэрт тарч байгаа бол эмэгтэйчүүдийг мөн 60 настайд нь тэтгэвэрт гаргах гэж байна гэсэн хандлагыг төрүүлж байгаа юм. Уг нь ингэж хандаагүй. Сууриараа эрх тэгш байдлыг хангана гэсэн зарчмаар өгүүлбэр оруулсныг мушгиад байгаа. Энэ өгүүлбэрийг татаж аваад, хасах боломжтой. Маргаан дагуулсан зүйл байх шаардлагагүй гэж үзэж байгаа.
-Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг зарим гишүүн тавиад байна. Тийм боломж өнөөдөр бий юу. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай төсөл санаачлаад УИХ-д оруулаад ирэхээр парламент ийм шийдвэр гаргах ямар ч эрх зүйн орчин байхгүй. Манай байнгын хороон дээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонссон. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкуудад байршуулаад хөрөнгө мөнгөө өсгөдөг.
Энэ жилийн тухайд 78 тэрбумаар мөнгөө арвижуулсан байгаа. Зөвхөн банкны хүүгээрээ шүү дээ. Энэ мөнгөнийхөө хүүг багасгая. Тэрүүгээрээ тэтгэврийн зээлийнхээ хүүг бууруулъя гэдэг зүйл яриад байгаа юм. Банкуудтай ч үүнийг ярьж болно. Харин одоогоор эрх зүйн орчин нь алга.
Мөн банкуудад тэтгэврийн зээлийнхээ хүүг бууруул гэхэд нэг удаагийн арга хэмжээ авчхаад эргээд нэмэгдүүлчих магадлалтай. Байнгын хороон дээр Тэтгэврийн зээлийн хуультай болъё гэсэн саналтай байгаа юм. Энэ хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлж байж асуудлыг төгс байдлаар шийднэ. Тэгэхээр уг асуудал нээлттэй хэвээр байгаа. Өнөөгийн эрх зүйн орчны хувьд тэтгэврийн зээлийн хүүг шууд бууруулна гээд өөрчлөх боломж байхгүй.
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"