“Транзит Монгол” олон улсын форумын үр өгөөж

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

“Транзит Монгол” олон улсын форумын үр өгөөж

“Транзит Монгол” олон улсын форумын үр өгөөж

“Транзит Монгол 2019” олон улсын форум өнгөрсөн лхагва гаригт “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д амжилттай болж өндөрлөв. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү форум Монгол Улсын нийгэм, эдийн засагт үлэмж хэмжээгээр үр өгөөжөө өгч байгааг форумд оролцогчид онцолж байна.

-ЭХНИЙ ХОЁР ФОРУМЫН ҮР ДҮНД МОНГОЛЫН НУТГААР ДАМЖИН ӨНГӨРӨХ ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ ТАВ ДАХИН НЭМЭГДСЭН-

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжигднямаа: -“Транзит Монгол форум” энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Эхний хоёр форумын үр дүнд Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ тав гаруй дахин нэмэгдсэн. Цаашдын техникийн шинэчлэлийн хувьд транзит тээвэр маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Монгол Улсын тээврийн систем Евро Азийн тээврийн системд зохих байр сууриа эзлэхэд энэ хурал дөхөм болно. Бид 2018 онд ачаа тээврийн оргил үедээ ирсэн. Гэвч бэрхшээл байсаар байна. Замын-Үүдээр нэвтрэх галт тэрэгний тоо өдөрт ердөө 12 байгаа тул энэ өртөөний хүчин чадлыг өргөтгөнө.

Транзит тээврийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосноос гадна дамжин өнгөрөх ачаа ч нэмэгдсэн. Чингэлгийн галт тэрэгний тоо 855-д хүрсэн нь мөн шинэ дээд амжилт. Бид энэ хурлаар дамжуулан хямд, чанартай тээврийн үйлчилгээ үзүүлэгч юм шүү гэдгээ олон улсад таниулан мэдээлэхийг зорьж байна. Бид тээврийн хугацааг багасгахыг байнга зорьдог. Нэг цонхны үйлчилгээ нэвтрүүлснээр хилээр ачааг илүү хурдан нэвтрүүлж байна.

УБТЗ-ын 2030 он хүртэлх төлөвлөгөөг манай мэргэжилтнүүд боловсруулан, Оросын тал баталлаа. Төв коридорын суурь бүтцийг өргөтгөх ажил эхэлсэн. Ингэснээр тээврийн чадамж өснө. Гэвч бэрхшээл байсаар байна. Замын-Үүдээр нэвтрэх галт тэрэгний тоо өдөрт ердөө 12 байгаа тул энэ өртөөний хүчин чадлыг өргөтгөнө. Нарийн царигийн өртөөнд хоёр зам барьж байна. Хятадын тал Эрээн өртөөг өргөтгөх болсонд талархаж байна. Ачаа тээврийн өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангахын тулд ажиллаж байна. Үүний тулд ажлын технологийн нэгдсэн систем байгуулах шаардлагатай. Гурван улсын хооронд мэдээллээ солилцох систем байгуулах ажил дуусаж байна. Зүүнбаянгийн төмөр замтай холбоотойгоор хилийн гарц нээнэ.

-САНХҮҮГИЙН БАЙДАЛ САЙЖИРЧ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДСЭН-

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Нэгдүгээр орлогч дарга Милостных И.В: УБТЗ-д 9800 ажилтан ачаа, зорчигч тээвэрт үүрэг гүйцэтгэдэг. Өнгөрсөн 2018 онд 25.8 сая тонн ачаа тээвэрлэн, 2017 оны дүнгээ өсгөсөн. Хүчин чадлаа тултал нь ашиглаж байна. Сүүлийн дөрвөн жилийн турш ачилт өссөөр байна. Ингэснээр бидний санхүүгийн байдал сайжран, өрсөлдөх чадвар ч нэмэгдлээ. Өнөөдөр 6000 тонны хүнд даацын галт тэрэг аялуулж байна.

Төмөр замын суурь бүтцээ хөгжүүлэхэд нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээг Ерөнхий хороо баталсан. Энэ ажлыг хийснээр дамжин өнгөрөх тээвэр 20 хувиар өснө. Мөн 50 км замд их засвар хийж, таван гол замын зүтгүүр худалдан авч, ачааны вагон депод шинэ цех нээлээ. Энэ зун Сүхбаатар өртөөг засна.

Мэдээллээ хоорондоо цахимаар солилцож эхэлсэн. Энэ жил маш том нэг ажил хийсэн нь газрын тос боловсруулах үйлдвэрийн 27 км замыг дан ганц өөрсдийн ажилчдын хүчээр барьж дуусгалаа. Энэ зам удахгүй ашиглалтад орно.

Таван өртөөний замыг сунгана. Бүхээгийн аюулгүй байдлын системээр галт тэргээ тоноглоно. 14 шинэ ачааны тэрэг мөн тооны сэлгээний галт тэрэг худалдан авч паркаа шинэчилнэ. УБ-Толгойтын хооронд уулзваргүй зам, Шарын голыг дамжуулан шинэ гүүр барина. Дээрх ажлуудыг гүйцэтгэснээр УБТЗ жилд 34 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох юм.

-ТРАНЗИТ ТЭЭВЭР, ТРАНЗИТ ЖУУЛЧИД, ТРАНЗИТ ХУДАЛДААНААС ОЛОХ ОРЛОГО
НЭМЭГДЭХ БОЛОЛЦОО БИЙ-

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: -Удахгүй манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. БНХАУ, манай улсын хоорондох худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас худалдааны энэ том эргэлтийг дамжуулах гол бааз суурь нь манай улс байх ёстой юм. Үүний төлөө төмөр замынхаа бүтээн байгуулалтыг, ялангуяа төмөр замынхаа суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлэх, замаа өргөтгөх шаардлага хэрэгцээ байна. Одоогийн богино замаар транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлэх хамгийн том бололцоо нь манай улсын зам, тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлага хэрэгцээ байгаа юм. Монгол Улс транзит тээврээс олох, транзит жуулчдаас олох, транзит худалдаанаас орох орлого нэмэгдэх бололцоо байна. Ачаа тээврийн буюу авто транзит чиглэлээр Монгол Улс дэлхийн олон оронтой хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна. Удахгүй Санкт Петербургт болох “Эдийн засгийн чуулган” дээр Литва улстай гэрээ байгуулах гэж байна.

-МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖЛИЙН ХОЁР ДАХЬ ҮЕ ЭХЭЛЖ БАЙНА-

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар:Манай улсын төмөр замын хөгжлийн хоёр дахь үе эхэлж байна. 2018 онд УБТЗ 3.3 сая тонн транзит тээвэр гүйцэтгэжээ. Цаашид энэ тоог өсгөхөд Замын-Үүд-Эрээн боомтын үүрэг их. Энэ боомтоор нэвтрэх галт тэрэгний тоо өснө гэж найдаж байна.

Мэдээллийн технологийн салбарт “Улаанбаатар төмөр зам” ХНН үргэлж анхдагч байж, Орос-Монголыг шилэн кабелиар холбосон. Энэ үйлчилгээг яаж өргөжүүлэх вэ гэдгээ одооноос бодох цаг болсон.

-БНХАУ-ТАЙ ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА-

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл -“УБТЗ” ХНН-ийн 70 жилийн ойн хүрээнд тус байгууллагын Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж буй “Транзит Монгол-2019” форум нь “Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэрт оролцогчдын хамтын ажиллагаа сэдэв”-ийн дор өрнөж буйгаараа онцлог.
…2009 онд БНХАУ-ын Тяньжин хотод 10 га газрыг Монгол Улс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшиж, тээвэр логистикийн төвийг байгуулан үйл ажиллагаа эрхлэхээр тусгасан санамж бичиг өнөөг хүртэл ажил болон хэрэгжиж чадаагүй ирсэн. Харин “Монголын төмөр зам” ТӨХК нь 2019 оны 05 сарын 26-ны өдөр тус улсын Тяньжин порт групптэй уг төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурж төслийн ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд гадаад худалдааны ачаа эргэлт, тээвэр логистикийн үйл ажиллагаа, баталгаат агуулах, үйлдвэрлэлийг хослуулсан орчин үеийн худалдааны шинэ хэлбэрийг үүсгэх бөгөөд боомтын бүсэд орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, мэдээллийн системд суурилсан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх, төслийн газарт барилга байгууламж барих бүтээн байгуулалтын ажил энэ оны 07 дугаар сараас эхлэн 1.6 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орсон байх юм.

-МОНГОЛ-ХЯТАДЫН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ МАШ ИХЭЭР НЭМЭГДЭЖ БАЙГАА НЬ
“ТРАНЗИТ МОНГОЛ” ФОРУМЫН ҮР ДҮН

Хятадын тээвэр зуучийн холбооны Нарийн бичгийн дарга Лин Бэйжан: Монгол-Хятадын  транзит тээвэр сүүлийн жилд өсөлттэй байна. Хятад-Монголын төмөр замаар 2016 онд тээвэрлэсэн ачааны хэмжээ 117 тонн байсан бол 2018 онд 300 тонн, энэ жил 500 тонн гаруй болсон нь өсөлтийг харуулж буй юм.

Хятад улсын хувьд Хятадаас-Монгол руу, Хятадаас-Орос руу, Хятадаас транзитаар дамжаад Европын улс орон руу гаргаж байгаа ачааны хэмжээ маш их нэмэгдэж байгаа нь “Транзит Монгол” олон улсын форумын үр дүн гэж бодож байна. Энэхүү форум болохоос өмнө Монголын талтай хэлэлцээр хийсэн учраас манай холбоо тээврийн талаар ямар нэгэн асуудал хөндөж ярьсангүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж