“Нарантуул” гэрэл зурагт

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

“Нарантуул” гэрэл зурагт

Өглөөний нар мандахтай уралдан “Нарантуул” захынхны ажил эхэлнэ. Модон “чемодан”-аа чирэн, лангуу руугаа уралдан гүйсээр “Нарантуул”-ынхан өглөөг угтана…

Монголчуудын 16 жилийн турш үйлчлүүлж ирсэн “Нарантуул” захын амьдралыг өгүүлэх  гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр “Улаан гэр” галлерэйд нээлтээ хийлээ. Гэрэл зурагчин Б.Рэнцэндорж энэхүү сэдвийн төрөлжсөн үзэсгэлэнг олноо толилуулж байгаа бөгөөд тэрбээр 2010 оноос "Нарантуул" худалдааны төвийн амьдралаар сэдэвчилсэн зураг авах болжээ.

1995 оноос хойш “Нарантуул” захад гуталны наймаа эрхэлсэн Т.Оюунчимэг гэх эмэгтэйн амьдралыг өгүүлснээр үзэсгэлэн эхэлнэ. Б.Рэнцэндорж үзэсгэлэнгийнхээ гол баатраар гурван хүнийг онцолжээ. Эхний баатар Т.Оюунчимэг юм.

1995 оноос хойш хувиараа гутал үйлдвэрлэн зах дээр худалдах болсон энэ эмэгтэйн амьдралын баяр, жаргал, зовлон, бэрхшээлийг хананд дурайх 10-аадхан зураг бэлхнээ өгүүлнэ. Гуталныхаа хээг тааруулж сууна, нөгөө зурган дээр лангууныхаа ард сууна, эцэст нь өдрийн ажлаа дуусгаад гэр рүүгээ харьж явна. Нэгдүгээр баатрын амьдрал ийнхүү өрнөнө.

Хоёрдугаар баатрыг Т.Түмэн-Учрал гэнэ. Тэрбээр эксковаторчин, гагнуурчин гээд хоёр мэргэжилтэй ч эцэстээ “Нарантуул” захад малгайны бизнес эхлүүлэхийг илүүд үзжээ. Галт тэргээр Эрээнийг зорино. Монголчуудад зохих малгайг дэлгүүрүүдээс сонгоно. Ингээд 69-ндээ бараагаа чихэж аваад, өчүүхэн буланд нь өөрөө шургана.

Гурав дахь баатар бол О.Цэнгэл. Тэрбээр Завхан аймгаас ирж, Барилгын сургууль төгссөн. Нэг хэсэг хуучин мебель айлуудаас авч зах дээр худалддаг байжээ. Харин одоо өөрийн гэсэн мебелийн үйлдвэртэй болж, бизнесээ өргөжүүлжээ. Хананд өлгөөстэй хэдхэн зургаас мөн л  түүний амьдралыг “уншиж” болно.

Өдөрхөн л эрээн, мяраан хувцсаар дүүрч, нааш цааш холхилдох хүнээс их юмгүй байсан “Нарантуул” зах… Бас наймаачид бүгд тарж одсон, нам гүм Нарантуул… Энэ бүхэн, тэнд өрнөдөг олон өнгийн амьдрал гэрэл зурагчны дуранд буужээ.

Үзэсгэлэн "Улаан гэр" галерейд зургадугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.


“Нарантуул” гэх вант улсыг харуулахыг зорьсон

Энэ үеэр гэрэл зурагчин Б.Рэнцэндоржоос цөөн асуултад хариулт авлаа.

-Та яагаад заавал “Нарантуул” захыг сонгож, гэрэл зураг авдаг болсон бэ?

-“Нарантуул” зах өөрийн гэсэн байр сууриа олж, их айл болон оршин тогтнож байна. Тиймээс энэ айлын өдөр тутмын амьдрал, амьдралаа залгуулж, хөдөлмөрлөж буй энгийн иргэдийн бодит байдлыг харуулах сонирхлын үүднээс 2010 оноос дагнасан зураг авч эхэлсэн. Ингээд 2013 онд Соросын сангийн “Төв Азийн зурагчдын баримтат гэрэл зургийг дэмжих төсөл”-д “Нарантуул” захын тухай цуврал бүтээлээ илгээсэн нь сайшаагдаж, дэмжигдсэн юм. Ингээд би Туркийн Истамбул хотноо очиж, ажлаа эхлүүлсэн. Эхлээд тэнд бусад орны гэрэл зурагчдын хамтаар зургуудаа үзэж, ярилцан, цаашид хэрхэн сайжруулах талаар туршлага хуваалцсан. Буцаж ирээд зургаан сарын турш зах дээр ажилласан. Энэ хугацаанд олон улсын туршлагатай зурагчид зөвлөхөөр ажиллаж байлаа. Нэг ёсондоо сонирхол маань албан ажил болж, тууштай энэ сэдэвтээ анхаарал хандуулах болсон юм.

-Төслийнхөө талаар танилцуулаач?

-Төв Азийн гэрэл зурагчдыг дэмжих төсөл юм. Энд Төв Азийн орнуудаас шалгарсан гэрэл зурагчид хамрагдаж, ажилладаг юм.

-“Нарантуул” үзэсгэлэнг гаргахад хамгийн хүндрэлтэй зүйл юу байв?

-Ер нь хүний зураг авах хамгийн хэцүү байдаг. Гэхдээ би хүний зураг авах дуртай. Зах дээр очоод хүмүүсийн зураг дарах гэхээр худалдагч нар нь уурлах, үйл ойлголцох асуудал үүсч байсан. Хүмүүс “Биднийг муулах гэж байна, муугаар л гаргана биз” гэж буруугаар ойлгох нь хүндрэлтэй байсан. Миний хувьд тэднийг муулах, сайлах гээгүй. Зүгээр л тэдний бодит байдлыг гэрэл зургийн хальсанд буулгахыг хүссэн. Тиймээс аль болох тэдэндэй ойлголцож ажиллахыг хичээдэг байсан.

-Таны цаашдын зорилгыг сонирхвол?

-Ер нь цаашид баримтат гэрэл зургаараа дагнан ажиллах бодолтой байгаа. Энэ мэтчилэн нэг сэдвийн хүрээнд дагнан гэрэл зураг авах сонирхолтой. Нэг ёсондоо түүх бичилцэх хүсэл, эрмэлзэлтэй явдаг гэх үү дээ.

Б.ЗАЯА

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж