УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын хувиар ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Сүн Вэй Дун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол-Хятадын бизнесийн зөвлөл нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладгийн хувьд олон чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа тус зөвлөлийн дарга С.Бямбацогт уулзалтын үеэр илэрхийлэв. Тухайлбал, хоёр талын аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаанд гүүр болж, уул уурхай, хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.
ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Хөх хот, Хөлөнбуйр, Алшаа аймгийн удирдлагууд нь энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол Улс-БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” арга хэмжээнд оролцсон юм. Хоёр дахь удаагаа болж буй энэхүү арга хэмжээ нь Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО хооронд бүхий л салбарын худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, сайн хөршийн найрамдалт харилцаа, хоёр талын бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын орчин, цаашдын бодлогыг танилцуулж харилцан ойлголцлыг бэхжүүлэн өргөжүүлэх зорилготой ажээ. Энэ удаагийн чуулга уулзалтын үр дүнд 38 компанийн хооронд нийт 419 сая ам.долларын 19 хамтын ажиллагааны санамж бичиг болон компани хоорондын гэрээ зурагджээ.
С.СҮРЭН