Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Гэр амьтай боксчин

Монголын боксын үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер З.Энхзоригийн нэг өдрийг сурвалжиллаа. 1998 оноос боксын спортод хүчин зүтгэж яваа тэр одоо бол “хуучин бууны хугархай”. Тамирчид хэзээнээс ёс журамтай, ах дүүсээ хүндлэх занд суралцсан болохоор шигшээ багийн бүх тамирчин түүнтэй мэндэлнэ. Тамирчдын нэг өдөр ер нь тун энгийн юм. Тамирчин гэдэг нь тэдний албан ёсны мэргэжил. Бэлтгэл хийж, тэмцээнд оролцох нь тэдний үндсэн ажил. Тэмцээн уралдаангүй үед өдөрт ганц л удаа бэлтгэл хийдэг бол тив, дэлхийн аварга шалгаруулах томоохон тэмцээний өмнө нэгдсэн байдлаар цугларалтад гарч, нэлээд өндөр ачаалалтай бэлтгэл хийдэг талаар З.Энхзориг хуучлав. Түүнийг андууд нь Зиоз гэж дууддаг юм байна.

Тодорхой шалтгаантай байсан учраас З.Энхзоригийн нэг өдрийн сурвалжлага үдээс хойшхи бэлтгэл хүртэл л үргэлжилсэн юм.

09.00 цаг

Тамирчид бусдыг бодвол харьцангуй орой босдог аж. З.Энхзоригтой тохирсон ёсоор III, IV хороололд байх түүний гэрт очив. Байрных нь гадаа очоод түүн рүү залгахад дөнгөж босч байгаа бололтой нойрмогхон дуугарч байна. Гадаа нь ирснээ дуулгаад орц, хаалганы дугаарыг нь асуув. Тэднийх 11 давхарт байдаг аж. Хаалгыг нь тогшвол тэрээр саяхан шахуу бослоо гэсээр угтсан юм. Тамирчдад нойр хамгийн чухал. Учир нь, өдөрт хоёр цаг бэлтгэл хийхэд л маш их ядардаг ажээ. Биднийг оронгуут хурдан гэгч нь хувцаслаад дэлгүүр орохоор гарав. Орж ирэнгүүтээ өглөөний цай бэлтгэлээ. Түүнийг найз нөхөд нь хоол сайн хийдэг хэмээн магтахыг нь сонсч байсан. Цайгаа бэлтгэж байгаагаас нь харвал нэлээд сурамгай. Ингээд цай болж байх зуур Энхзоригийн охин Энхлүүн сэрлээ. Тэднийх ганц охинтой, эрх талдаа ажээ. Ирэх намар нэгдүгээр ангид орох Энхлүүн охинд аав нь өндөг шарж, цай бэлдэж өгсний дараа бэлтгэлийн хувцсаа аваад яаравчлан гарлаа. Бэлтгэл эхлэх цаг ойртсон тул яарч байгаа нь энэ. Бид хоёр Спортын ордон руу явж байх зуур хуучлав. Энхлүүн аавыгаа гарангуут буцаад унтдаг. Нойрондоо сайн. Энэ нь эрүүл мэндэд ч тустай гэж Энхзориг хэллээ. Зам бага зэргийн түгжрэлтэй байсан ч бэлтгэлдээ амжиж ирсэн юм.

10.30 цаг

Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай, Б.Түвшинбат, Б.Сувд-Эрдэнэ тэргүүтэй боксын үндэсний шигшээ багийнхан бэлтгэлдээ гарахад бэлэн болжээ. Тэд Спортын төв ордноос төв талбайг зорьж, Чингисийн талбайг тав тойрдог юм байна. Нэг ёсондоо нэг удаа кросс хийхдээ таван км гүйдэг гэсэн үг. Нийслэл хотод явган хүн гүйх талбай бага. Өмнө нь тамирчид Маршалын гүүр давж гүйдэг байсан бол одоо тэр хэсэгт ч машин ихтэй болсон учир тэдний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тэр үүднээс шигшээ багийнхан төв талбайг тойрон гүйх болжээ. Боксынхон байнгын бэлтгэлтэй учраас таван тойрог торохгүй гүйсэн юм. Үүний дараа хүчний бэлтгэл хийв. Гүйгээд хөлсөө гаргасан ч штанг шахах, хурд хийх зэргийг нэг бус удаа давтлаа. Өглөөний бэлтгэл 90 минут үргэлжилдэг ажээ. Ингээд тамирчид тарж бүгд гэрийн зүг яаравчиллаа.

12.00 цаг

Түүний нэг өдрийг сурвалжлах үед онцгой үйл явдал таарсан. Тодруулбал, З.Энхзориг мастерын гэргий М.Энх-Ундралын төрсөн өдөр тохиосон юм. Өглөөний бэлтгэл дууссаны дараа бид Энхзоригийн хамт Улсын их дэлгүүр орж баглаа цэцэг, баярын бялуу авав. Гэргийнхээ юунд дуртайг мэддэг болохоор тэрээр сонголт хийх гэж нэг их удсангүй. Харин гэр бүл болсноос хойш эхнэртээ анх удаа цэцгийн баглаа бэлэглэж байгаа гэнэ. Есөн ширхэг улаан сарнайг гоёлын чимэглэлээр боолгоод, шоколадтай бялуу аван тэдний гэрийн зүг явлаа. Энэ бүхнийг өдрийн цагаар л амжуулахгүй бол үдээс хойш үндсэн бэлтгэлтэй учраас зав багатай болох аж. Их дэлгүүрээс гараад гэрийнх нь гадаа саадгүй ирсэн ч машинаа байрлуулах гэж багагүй хугацаа зарцуулав. Нийслэлд байгаа орон сууцны хорооллуудын хамгийн хүндрэлтэй асуудал нь автомашины зогсоол. З.Энхзоригийн байр ч ийм асуудалтай тулгарчээ. Хоёр хүн дагуулаад, бас шинэхэн цэцгийн баглаа, амтат бялуу барьсан нөхрөө хараад түүний гэргий М.Энх-Ундрал гайхах, баярлах зэрэгцэж бага зэрэг сандарч байгаа нь илт. Энхзориг гэртээ ирж тухлангаа өдрийн цай хоол хийж, харин гэргий нь түр гарах ажилтай байсан болохоор биднийг орхив. Энэ зуур түүнтэй ойр зуурыг ярилцлаа. Тэрээр “Манай охин энэ жил сургуульд орно. Одооноос л бэлдэнэ дээ. Сая хэд хоног нүүрээр нь харшил гараад бүх зүйл хориотой болсон” гэв. “Би гэдэг хүн багадаа янз бүрийн хоол хийдэг байлаа. Гэтэл эхнэртэй болсноос хойш хийж чадахаа больсоон. Тамирчин хүн цаг зав муутай учраас гэрийн ажилд оролцох нь бага. Хамаг ажлыг гэргий маань л зохицуулна шүү дээ” гээд инээв.

Үнэхээр тамирчин хүний ар гэрийг авч яваа эхнэрүүд тэднээс дутахгүй хүнд ачаа үүрдэг аж. Тухайн хүний сайн сайхан явах нь бүгд эхнэрээс хамааралтай. З.Энхзоригийн гэргий М.Мөнхжаргалын хувьд Хөдөлмөрийн дээд сургуулийг хүний нөөцийн мэргэжлээр төгсчээ. Өмнө нь хоёр ч сургуульд сурч байхад нь З.Энхзориг гаргасан байна. Тэрээр энэ тухайгаа “Хүүхэд харах хүн байхгүй тул чи гэртээ бай. Би чамайг тэжээнэ” гэж хэлээд гаргасан. Тэгсэн хэрнээ би өөрөө “Зохиомж”, Хууль сахиулах их сургуулийг төгссөн шүү дээ” гээд инээв.

Энхзоригийн гэргий нь түүний багш Мөнхжаргал агсны охин юм. Тиймээс тэр хоёр багаасаа л нэгнээ мэддэг байжээ. Б.Мөнхжаргал агсан бол Монголын шилдэг дасгалжуулагч нарын нэг байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. “Багш маань амьд сэрүүн байсан бол…” гэснээ Энхзориг хэсэг дуугүй болов. Хоол ч боллоо, эхнэр ч гаднаас ирэв. М.Энх-Ундралын найз хүүхэд төрүүлсэн учраас тэрээр очсон юм байна. Өдрийн хоол идэнгээ ойр зуурыг ярьж суулаа. Энхзоригийг цэцэг аваад ороод ирэхэд эхнэр нь үнэхээр гайхсан гэнэ. “Бас хажууд нэг хүн шууд л зураг дараад эхлэнгүүт ёстой их сандарсан шүү” гэж хэлээд инээлдэв. Уг нь бол өглөөний бэлтгэлийн дараа З.Энхзориг унтдаг ч хүндэтгэх шалтгаанаар тэр унтсангүй. Охин, аав хоёр нийлэхээрээ гэрээ буулгах шахдагийг ч нуусангүй. “Манай охин хүн байгаа болохоор даруухан байна. Түүнээс биш бас л бужигнуулна шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүүхдийн хажууд миний охин ч гайгүй юм билээ” гээд охиноо үргэлжлүүлэн эрхлүүлэв. Ингэж бужигнасаар тэрээр үдээс хойшхи бэлтгэлдээ явах цаг нь болжээ. Энэ удаагийнх үндсэн бэлтгэл нь аж.

16.00 цаг

Зоригоогийн гэрээс гараад Спортын төв ордон дээр ирлээ. Тамирчид хараахан цуглаж амжаагүй байв. Харин олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай хамгийн түрүүнд ирсэн хөлсөө гаргаж байлаа. Тэрээр “Зиозын талаар сурвалжлага хийж байгаа юм уу. Гоё бичээрэй. Миний анд ч мундаг шүү дээ. Амжилт хүсье” гэж хэлээд бэлтгэлээ үргэлжлүүлэв. Харин тэр хооронд З.Энхзориг хувцсаа сольж бэлтгэл хийхэд бэлэн болжээ. Дээсэнд үсрэхээс эхлээд бие халаалт энгийн үргэлжилж байна. Бие халаалт 20 гаруй минут үргэлжилсний дараа тамирчид тус бүр нэг мешок нүдэж гарлаа. Зарим нь дасгалжуулагчтайгаа хамт бэлтгэл хийнэ. Техник, хурд, тактикийн бэлтгэл цаг гаруй хугацаанд үргэлжилсний эцэст өндөрлөв. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн “Манайхан одоогоор бэлтгэл багатай байгаа. Удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн цугларалтад гарна. Тэгэхээр манай хэд бүр их ачаалал авна даа” гэсээр тамирчдынхаа зүг явав. Харин З.Энхзориг гэрийн зүг яарлаа. Учир нь, түүний гэргийн төрсөн өдөр учраас оройн хоолонд урьжээ. Спортын төв ордноос гараад тэрээр “Нэг өдрийг надтай хамт өнгөрүүлсэнд баярлалаа. Орой эхнэрээ баярлуулна. Өөр бас ганц, хоёр чухал ажил байгаа учраас сурвалжлагаа ингээд дуусгая. Баярлалаа” гэж гар бариад салав.

Нөхөрлөлдөө хэзээд үнэнч байдаг нь түүний онцлох зан чанар гэдгийг найзууд нь ярьж байна. Тэр хошин шогийн мэдрэмжтэйгээс гадна хэнтэй ч найрсаг харилцаж чаддаг ажээ. Азийн аварга, Азийн наадмын хүрэл медаль хүртсэн түүнийг хэдийнэ олимп, дэлхийн аваргаас медаль авах байсан гэж спорт сонирхогчид ярьдаг. Гэвч боксын шүүлтэд луйвар булхай хэр их байдгийг бүгд мэдэх биз. Хэдийгээр олимп, ДАШТ-ээс медаль авч чадаагүй ч тэр дэлхийд данстай нэгэн. Сурвалжлагын эхэнд дурдсанчлан “тамирчин гэдэг З.Энхзоригийн мэргэжил. Яг л сэтгүүлч, шүүгч, зурагчин, бүжигчин, жүжигчин шиг. Бусдаас ялгаатай нь түүний ажилд цаг зав бага байдаг. Жилийн 365 хоногийн ихэнхийг нь гэрээсээ хол өнгөрүүлнэ. Тиймээс тамирчид гэр амьтай байдаг аж. З.Энхзориг бол тэдний л нэг. Хэрвээ тухайн өдөр өөр шалтгаан гарахгүй бол тэр гэрийн зүг л яардаг. Учир нь, ид завгүй болчихвол гэрийн бараа харах нь ховор. Тэгэхээр түүний нэг өдөр ихэнхдээ гэр-Спортын төв ордон-гэр гэсэн маршрутаар өнгөрдөг ажээ. Олон улсын хэмжээний мастер З.Энхзоригийн ялалтын зам дардан байх болтугай. “Тамирчны алдар” хямдхан олдохгүй ээ.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж