“Монголын балетын хөгжил сан” 2011 онд Монгол улсад анх удаа олон улсын балетын наадам “Night of ballet 2011”-ийг зохион байгуулсан.
Энэхүү наадмын гала тоглолт “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар хунгийн дүрээрээ Монголын үзэгчдийг байлдан дагуулж, сэтгэлд хоногшсон залуу бүжигчин Уитни Женсен энэ 6 дугаар сарын 18-19-нд болох “Welcome to Mongolia” тоглолтод урилгаар оролцох гэж байна.
Уитни Женсен АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин, АНУ-ын иргэн бөгөөд Солт Лэйк хотоос балетын хичээлээ эхэлж, Нью- Йорк хотын Валентина Козловагийн бүжгийн Консерваторид Козловатай хамтран хичээллэж, балетын урлагт хөл тавьжээ.
Тэрээр Бостон балет компанид 2009 онд бүжигчнээр, 2010 оноос гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа ба Залуу америкчуудын Гран При тэмцээнд мөнгөн медаль, “Америкийн итгэл найдвар” тэмцээний тусгай байр, АНУ-ын балетын тэмцээн, Нью Жерсигийн Залуучуудын бүжгийн наадам, Дэлхийн балетын тэмцээн зэрэг томоохон тэмцээнүүдээс 7 алт, 1 мөнгөн медаль,Нью Йорк Таймс сонины “Шилдэг” өргөмжлөл, 2008 онд Варнагийн Олон Улсын балетын 23–р тэмцээний бүх дээд шагналууд, Варнагийн тэмцээний 44 жилийн түүхэнд дөрөвхөн удаа олгогдож байсан “Хамгийн шилдэг бүжигчин”- ий медаль, диплом, олон улсын балетын шагналуудыг тус тус хүртсэн бөгөөд түүнийг чадварлаг үнэлж, олон арван сонгодог бүжиг, тоглолтуудад урьж оролцуулсаар байнга. Тухайлбал, П.И.Чайковский “Хунт нуур”, “Нойрссон гүнж” балет”, С.Прокофьев “Ромео Джульетта”, "Щелкунчик» бүжгэн жүжгийн гол дүр, Варна хотын Олон улсын балетын 22-р тэмцээний Гала тоглолт, Хятадын үндэсний баяр болон Нью-Йорк хотын театрт “Амтат чавга” жүжгийн Па де де,Нью-Йорк хотын төв театрт тавьсан “Фараоны охин”-ы дүр, Балтын орнуудын Олон улсын балетын наадмын Гала тоглолт, Дэлхийн балетын одуудын наадамд хүндэт зочноор уригдан оролцсонг нэрлэж болно.
Уитни Женсенг өмнө нь Монголд тоглоход урд хөршөөс түүний тоглолтыг үзэхээр фенүүд нь хүрэлцэн ирж байсан удаатай. Энэ удаагийн тоглолтыг нь хаа холын АНУ-д биш ойр тоглогдож байгаа учир Япон, БНХАУ-аас үзэгчид зорьж ирэх сурагтай. Уитни ч Монголд ирэхдээ дуртай байгаа бөгөөд Монгол орон, Монголын үзэгчид ихэд таалагдсан тухайгаа ярьж байдаг ажээ.