"Сүү" ХК-ийн тарганд гадны биет орох боломжгүйг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

"Сүү" ХК-ийн тарганд гадны биет орох боломжгүйг тогтоожээ

"Сүү" ХК-ийн тарганд гадны биет орох боломжгүйг тогтоожээ

“Сүү” хувьцаат компанид холбогдох Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Одоогоос сар гаруйн өмнө Баянзүрх дүүргийн оршин суугч иргэн Б нь цахим хуудсаараа дамжуулан “Сүү” хувьцаат компанийн нэг литрийн савлагаатай жимстэй тарагнаас хулгана гарч ирсэн хэмээн гомдол мэдүүлсэн ч удалгүй холбоо тасарсан тул ийм шийдвэр гаргажээ. Үүнээс гадна тухайн иргэний гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус компанийн бүх дамжлага, технологийн үйл явцад шалгалт хийж, үйлдвэрлэлийн шат дамжлагын явцад гадны биет орох боломжгүй гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, тухайн үйлдвэрийн түүхий эд буюу сүүгээ хүлээж авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр очих хүртэлх технологийн дамжлага урсгал нь битүүмжлэлээр явдаг учраас гадны ямар нэг биет орох боломжгүй болох нь тогтоогдсон бол Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тарганд унасан гэх хулгана нь гэрийн бор хулгана байна гэсэн хариу ирүүлсэн байна.

Шалгалтын явцад:
1. Гомдолд дурьдагдсан “Сүү” ХК-ийн үйлдвэрлэсэн жимстэй тарган дотор байсан хулганыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шинжилгээнд хамруулсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Лавлагаа лабораторийн тасгийн шинжилгээний дүнгийн хуудас, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2б/231 тоот албан бичигт тус тус дурьдсанаар …жимстэй тарганд байсан амьтны зүйлийг тодорхойлоход Mus.musculus зүйл буюу гэрийн хулгана болохыг тогтоож, лабораторийн шинжилгээ хийхэд зоонозын халдварт өвчний үүсгэгч илрээгүй болохыг тодорхойллоо.
2. Гомдол гаргагчийн охины 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд өгсөн ялгадасны Г-19-9186 дугаартай шинжилгээний хариу /2019.05.07-ны өдөр хуулбар/-г гаргуулан авсан. Шинжилгээний дүнгээр эмгэг төрөгч илрээгүй байна.
3. Гомдолд дурдагдсан “Сүү” ХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдвэрлэсэн Амтлаг тараг 2,5% /гүзээлзгэнэтэй/ жимстэй таргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторит 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр дээрх тараг нь Монгол Улсад мөрдөж буй Эсэг цагаан идээ MNS 4229:2011 стандартын шаардлага хангалаа.
4. “Сүү”ХК-ийн тарагны үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн савлах шат дамжлага битүү системээр явагддаг тул технологийн явцад гаднаас хулгана орох боломжгүй болох нь хяналт шалгалтаар тогтоогдлоо.Иймд дээрх байдлаас дүгнэхэд гомдол гаргагч иргэн Б-ийн “Сүү” ХК-ийн үйлдвэрлэсэн жимстэй тарагнаас хулгана гарсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна хэмээн үзжээ.

Иймд иргэний сэрэмжгүй байдлаас болж тарагныхаа амыг боохгүйгээр хадгалснаас гаднын биет орсон байх магадлалтай гэж холбогдох албаны хүмүүс үзжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж