Хар тамхины хэргээр Консулын ажилтан, жолооч хоёр саатуулагджээ

Хуучирсан мэдээ: 2019.06.06-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргээр Консулын ажилтан, жолооч хоёр саатуулагджээ

Дипломат паспорттой, 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монголын хоёр иргэн ХБНГУ-ын Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай мэдээлэлтэй холбогдуулж, Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Саатуулагдсан хоёр хүний нэг нь Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан аж.

Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Геройн төрлийн 70 кг мансууруулах төрлийн бодис илэрсэн. Энэ мэдээллийг бид авсан даруйдаа холбогдох арга хэмжээ авсан. Тавдугаар сарын 3-нд хэрэг явдал болсон" гэлээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэрэг явдал тавдугаар сарын 3-нд болсон атал яагаад мэдээллийг сар гаруйн хугацаанд нуусан юм бэ?

-Гадаад харилцааны яам мэдээллийг нуусан зүйл байхгүй. Хилийн чанадад гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаа монгол иргэдтэй холбоотой мэдээллийг бид Консулын газраар дамжуулан авдаг. Авсан даруйдаа холбогдох арга хэмжээ авч, ар гэрт нь мэдэгддэг.

Суугаа улс нь Элчин сайдын яаманд мэдэгддэг.  Энэ хэрэг шалгагдаж байна. Хувь хүний нууцыг хамгаалах асуудал ч байдаг. Суугаа орны хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Консулын асуудал болдог. Консулын чиглэлээр ажиллаж байна.

-Туркээс ямар асуудлаар Германд явж байсан юм бол?

-Яг одоо энэ асуудал шалгагдаж байна. Цаанаа монгол иргэд холбоотой эсэх асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байна.

-Геройн тээвэрлэж явсан машин нь Консулын газрынх байсан уу, хувь хүний машин байсан уу?

-Ерөнхий консулын газрын машин байсан.

Туркийн Истанбулд Ерөнхий консулаар сууж байсан Э.Мөнх-Очирыг чөлөөлсөн атал дараагийн хүнийг нь томилохгүй удсанаас ажилтнууд нь дураараа дургиж байна гэх мэдээлэл бий. Томилгоог яаралтай хийчихэж болдоггүй юм уу?

-Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очирыг дөрөвдүгээр сарын дундуур Засгийн газраас шийдвэр гаргаад эгүүлэн татсан. Дараагийн хүнийг томилох асуудлыг тухайн улсаас зөвшөөрөл аваад томилдог.

-Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг нууцлаад байгаа нь томоохон албан тушаал хашдаг хүмүүсийн хүүхдүүдтэй холбоотой гэх мэдээлэл байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгт, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнгийн хүүхэд байсан гэх. Энэ үнэн үү?

-Хэргийг шалгаж байгаа учраас мэдээллийг дэлгэрэнгүй нэртэй нь хэлэх боломжгүй.

-Дипломат ажилтнуудад ямар шалгуур тавьж, сонгодог вэ?

-Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллах ажилтныг дипломат ажилтны хуулиар төрийн албаны салбар шийдвэрээр томилдог. Эдгээр хүмүүс аливаа хууль тогтоомж, шалгуурын дагуу томилогдсон. Одоо энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийн цаана өөр хүмүүс байгаа юу гэдгийг шалгаж байна. Хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тагнуулын байгууллагаас авах боломжтой.

-Өмнө нь хэдэн удаа хар тамхитай холбоотой хэрэг гарч байв?

-Өмнө нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой ноцтой хэрэг гарч байгаагүй. Хар тамхины хууль бус наймаа эрхэлж байна гэх мэдээллийн дагуу Гадаад харилцааны яам тагнуулын байгууллагад хандаад, хар тамхийг хууль бусаар зөөвөрлөх гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.

-Энэ хүмүүс одоо хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдсан байгаа. Тухайн улсынхуулийн дагуу шийтгэлээ аваад явна. Одоо өмгөөлөгч томилогдоод ажиллаж байна.

-Монгол Улсын нэр хүндтэй холбоотой таагүй мэдээлэл цацагдлаа. Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдэгдэл гаргах уу?

-Монгол Улсын нэр хүндийг сэвтээх ноцтой хэрэг гэдэгтэй санал нийлж байна. Цаашдаа энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүй байх үүднээс Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж байна. Германы талтай дипломат сувгаар мэдээлэл солилцож байна. Жолоочийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Харин ажилтан нь өмнө нь ОХУ-ын Консулын газарт ажиллаж байсан.

-Хар тамхины хэрэгт холбогдсон бол тухайн улсын хуулиар ямар ял шийтгэл оноох вэ?

-Хэргийн хянан шалгах ажиллагаа дуусаагүй байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт Германы хуулиар 2-15 жилийн ял оноодог.

-Хилийн чанадад нийт хэчнээн монгол иргэн ял эдэлж байна в? Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байх шиг?

-Хилийн чанадад өнөөдрийн байдлаар 160 гаруй хүн ял эдэлж байна. Өнгөрсөн онд хар тамхины хэрэгт холбогдон 50 гаруй хүн саатуулагдсан. Мөн хилийн чанадад 1400 хүн гэмт хэрэг үйлдсэнээс 40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Гадаадад зорчиж буй иргэдийн тоо жил бүр өсч байна. Үүнийг дагаад жил бүр гэмт хэргийн гаралт өсөх хандлагатай байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж