Элэгний эмийг наймдугаар сараас худалдана

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

Элэгний эмийг наймдугаар сараас худалдана

АНУ-ын “Гилеад Сайенсес” компанийн дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллараар худалдаалдаг “Харвони” эмийг манай улсад онцгой хөнгөлттэй үнээр буюу 1 сарын хэрэгцээг 400 ам.доллар /3 сарын хэрэгцээ нь 1200 ам.доллар/ -оор нийлүүлэхээр болсон билээ.

Энэ хүрээнд Эрүүл мэнд, спортын яам /ЭМСЯ/ болон элэгний С вирусыг устгах үйлчилгээтэй "Харвони" эмийг үйлдвэрлэгч талууд өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн тавдугаар сарын 21-ний өдөр энэхүү эмийг Монгол Улс эмийн бүртгэлдээ албан ёсоор оруулсан бол өнөөдөр ийнхүү талууд албан ёсоор хамтран ажиллах харилцаагаа баталгаажуулж байна.

Тодруулбал, үйлдвэрлэгч талаас манай улсын захиалгаар тун удахгүй дээрх эмийг үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр ирэх наймдугаар сараас элэгний С вирусыг устгах "Харвони" эмийн эхний хэсгийг иргэдэд нийлүүлэх ажээ. Гэхдээ арваннэгдүгээр сар гэхэд элэгний С вирусын эсрэг эм хангалттай хэмжээгээр худалдаанд гарна гэдгийг эм нийлүүлэгчдийн талаас мэдэгдсэн байна.

"Харвони" эмийн мөнгөн дүнг төгрөгт шилжүүлэн тооцвол Монголын иргэд нэг курс эмчилгээний эмийг 400 ам.доллар буюу 742 мянга 800 төгрөгөөр худалдан авах боломжтой. Харин гурван сарын хэрэглээний эмийг 1200 ам.доллар буюу хоёр сая 228 мянга 400 төгрөгөөр худалдаж авах ажээ.

“Харвони” эмийг элэгний С вирусээр өвчилсөн нь нарийн оношлогоогоор тогтоогдсон иргэд эмчийн зааврын дагуу эмийн сангуудаас худалдан авч, хэрэглэх боломжтой. Гэхдээ тус эмийг Монголд зөвхөн албан ёсны дистрибьютор “Омбол” гэх компанийн эмийн сангуудад нийлүүлэх юм байна. 

Одоогоор Монгол Улсад элэгний С вирустай 200 гаруй мянган иргэн байдаг гэх тоон мэдээлэл бий. Эдгээрээс архаг өвчтэй буюу яаралтай эмчилгээ шаардлагатай 52 мянган хүн байгааг элэгний салбарынхан онцоллоо.  Өөрөөр хэлбэл, элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй “Харвони” эмийг  эхний ээлжинд дээрх  52 мянган иргэнд өгөх ёстой гэсэн саналыг эрүүл мэндийн салбарынхан гаргажээ.

Уг эмийг хэрэглэсэн тохиолдолд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болохыг олон улсын судлаачид баталж байгаа билээ.

Д.УЛАМБАЯР

 


ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМНААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ


ХАРВОНИ ЭМИЙГ ЯАРАЛТАЙ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан ХАРВОНИ гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний үр дүн үзүүлж буй ХАРВОНИ эмийг АНУ, Европийн  холбооны 30 гаруй улс, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг улс оронд хэрэглэж байгаа ажээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүрт хийдэг “Шийдлийн цаг” уулзалтдаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулан энэ эмийн талаарх мэдээлэл авч, ийм өвчний халдвартай иргэдээ эмчлэх үүргийг өглөө.

Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ.

Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлсэн. Эм, био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэж сайд хэллээ.

Монголын төр иргэдийнхээ төлөө ажиллаж, нэн шаардлагатай энэ эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байна. Иймд түргэн шуурхай эмчилгээнд оруулах, архаг өвчтэй хүмүүсээ эхний ээлжинд эмчлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Эх сурвалж: www.zasag.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж